Өлсгөлөн зарлаад буй Н.Алтанхуяг гишүүнтэй Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав очиж уулзлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларсан.
Тэгвэл өнөөдөр өлсгөлөн зарлаад буй гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Отгонжаргал нар аюулгүй байдлыг сахиулах талаар уулзлаа.
Хууль зүйн Дэд сайд С.Баатаржав "цар тахлын эрсдэлтэй ийм цаг үед та бүхний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, майхан савын асуудлыг шийдэж өгөх, эрүүл мэнд болоод халдвар хамгааллын дэглэмийг сахих тал дээр та хэд дотоддоо бас арга хэмжээ авч зохион байгуулалтад орох хэрэгтэй. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас дэмжлэг авч болно" гэлээ.
ЦЕГ-ын Дэд дарга Д.Отгонжаргал "ОБЕГ, ЭМЯ-аас Цагдаагийн байгууллагад халдвар хамгааллыг сахиулах тал дээр шаардлага ирж байна. Хүмүүс талбай дээр олоноор их цуглаж байгаа учраас бид одоо явган хүний хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжгүй болж байна. Тиймээс халдварын дэглэм сахиулах тал дээр та бүхэн хамтран ажиллах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын дэглэмийг барих үүднээс хамгаалалтын хашаа барих ч юм уу, олз татах арга хэмжээ авна" гэж хэлэхэд Н.Алтанхуяг гишүүн бидний зүгээс иргэдэд бас сайн хэлэх хэрэгтэй байна. Үүнийг ойлгож байна. Цагдаагийн байгууллага бидний аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хамгаалалт авч дэмжиж ажиллаж байна гэдгийг сайн ойлгуулмаар байна. Хүн хоорондын зайг бариулахыг дэмжиж байгаагаа хэлсэн юм.