Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санаархал байх шиг байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн зарлаж, гишүүд, дэмжигчид Төв талбайд жагсаал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Бидний хувьд амаргүй 100 хоног болж байна. Засгийн газрын эхний хоног дээр жагсаал болж байсан. Одоо ч жагсаал болж байна. Энэ бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Эдгээр өдрүүдэд ҮАБЗ-ийн гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байх ёстой. Бид иргэдийг уриалан дуудаж, цар тахлаас дээгүүр улс төрийн эрх ашгийг тавьж болохгүй.
Жагсаал цуглааныг хориглосон ч жагсаал цуглаан болж байна. Иргэддээ хандаж хэлэхэд жагсаал цуглаанд оролцож, бөөгнөрч болохгүй.
Олон хүн цуглараад, халдвар ихсээд, дахиад хатуу хөл хорио тогтоохоор бол яахав ээ? Хэн хариуцах вэ? Эсвэл тэр дунд халдвартай хүн ирээд, халдвар тархвал уриалж байгаа улстөрчид хариуцах уу? Үгүй. Муу хэлүүлдэг УОК, муу хэлүүлдэг эрүүл мэндийн салбарынхан, засгийн газрын нуруун дээр л энэ их ачаалал бууна. Тэр хүмүүс яваад л өгнө шүү дээ.
Тиймээс төрөө төлөөлөх тангараг өргөсөн эрхэм гишүүд улстөрөө ордондоо орж хийх нь зүйтэй алхам байх. Өлсгөлөн зарлах эрхийг нь хүндэтгэж, арга буюу боломжийг нь хангах чиглэлийг Хууль зүйн сайдад өгсөн байгаа.
Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах улстөрийн агуулга байх шиг байгаа юм. ҮАБЗ-ийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байх үед надад энэ бол мэдэгдсэн л дээ.
" гэв.