Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан Хотын захиргааны шинэ байранд Ерөнхийлөгчийн охин КОМПАНИА нээнэ
Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ цогцолбор барилгын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд нийт 68 мянган м.кв талбай бүхий гурван блок барилга баригдахаар болсон. Үүний дагуу А блок 10 давхар, Б блок 13 давхар, В блок гурван давхар байхаар тооцож нийтдээ 100 орчим тэрбум төгрөгөөр уг байгууламжийг барьсан ч ашиглалтад оролгүй жил гаруй хугацаа болж байгаа билээ.
Өнгөрсөн жил тус цогцолборын эхний ээлжийг ашиглалтад өгнө гэж байсан ч гэнэт хотын захиргаа тэнд “очихгүй” гэдэг асуудал хөндөгдсөн. Харин түүний А блокын 1000 м.кв талбайд “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байрлахаар болжээ.Энэ бол дэмжих зөв ажил.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн аж. Тэгэхээр бидний татварын мөнгөөр босгосон Нийслэлийн засаг захиргааны барилга "Солонгос Монголын бизнесийг дэмжих төв" нэртэйгээр жирийн СТАРТ АП хөгжүүлэгч, шинжлэх ухаан, инноваци хөгжүүлэх залууст хаалттай газар болж эхлэх нь...
Товчхондоо, татвар төлөгчдийн мөнгөөр барьсан Хотын захиргаа гэх нэртэй тус цогцолборт Ерөнхийлөгчийн хүүхдүүд бизнесээ өргөжүүлэхээр зэхэж байна гэсэн үг.
Уг нь сийрэг толгойтой бизнесмений хүүхдүүд төрийн мөнгө бус татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Гэтэл ичих ч үгүй ийнхүү Хотын захиргааны шинэ цогцолборт төвхнөхөөр улайрч байгаа нь Ерөнхийлөгч эцгийнхээ “чадлыг” сорьж байгаа хэрэг юм болов уу даа.
Хотын шинэ захиргаа ашиглалтад орсноор хотын төвийн төвлөрөл, түгжрэл багасна гэж олон ч хүн баярласныг нуух юун. Хотын захиргааны байрыг хичнээн тэрбумаар барьж ашиглалтад оруулчихаад зориулалтаар нь ашиглахгүй байх нь хэний сонирхол вэ?
Энэ мөнгөөр улсын бүх эмнэлгүүдийг ийм хэцүү цаг үед уушгины аппаратаар бүрэн хангасан бол доо гэж шүүмжлэх хүмүүс ч их байна.