Академич С.Нарангэрэл: Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол төрийн жолоог хууль бусаар атгах санаа агуулж байна
Академич С.Нарангэрэл Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гаргасан үйлдлийн талаар “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ" гээд үүнийг дараах байдлаар тодорхойлж болно гэжээ.
Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг гуйвуулж, зарчмын ач холбогдолтой нэр томьёо, үг үсгийг нь хассан мэдэгдлийг олон нийтэд хийсэн. Уг нь Улс төрийн намын тухай хуулийн 23. 2-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг.
Гэтэл Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ “Фашист” гэдэг нэр томьёог нь зориуд орхигдуулж, зөвхөн “цэрэгжсэн” гэсэн хоёрдмол утгатай үгийг оруулсан нь хуулийг гуйвуулсан хэрэг.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан тушаалын бүрэн эрхийг хортойгоор урвуулж ашигласан. Яагаад гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа ийм хэрээс хэтэрсэн, дэндүү болчимгүй үйлдэл гаргаж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний эрх ашгийн үүднээс биш дахиж төрийн дээд өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хувийн атгаг санааны үүднээс энэ алхмыг хийсэн.
Гуравдугаарт, энэ мэдэгдэл алхмыг Ерөнхийлөгч хийхдээ Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон зарим бүрэн эрхийг хортойгоор урвуулан ашигласан. Жишээлбэл, шүүгчдийг томилох эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийж байгаа. Улс төрийн нам байгуулсан үйл баримт, түүнийг тараах тухай шийдвэрийг шүүх л шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг.
Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгч зарлиг, түүнчлэн захирамж гэсэн эрх зүйн актыг гаргах эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн захирамж нь эрх хэмжээнийх нь хүрээнд гарах ёстой бөгөөд түүнийг дагаж мөрдөх ёстой хувь хүн буюу хуулийн этгээд заавал биелүүлэх хүчин чадал бүхий захирамжилсан шинжтэй байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн шүүгчид рүү хандсан шүүх эрх мэдлийн торгон хилийг бүдүүлгээр давж гарсан хууль бус үйлдэл хийжээ.
Тавдугаарт, Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Монголын ард түмэн ээлжит сонгуулиараа улс төрийн ямар хүчнээр өөрсдийгөө төлөөлүүлж, Засгийн эрхийг бариулах вэ гэдгээ шийдвэрлэдэг. Нэгэнт монголын ард түмний хүсэл зоригоор олонх болсон улс төрийн намыг Ерөнхийлөгч ийм байдлаар тараана гэдэг бол Монгол Улсын төрийн эрхийн дээд байгууллага УИХ-ыг үгүй хийнэ гэсэн үг. Дээр нь УИХ-аас байгуулагдсан хууль ёсны Засгийн газрыг үгүй хийнэ гэсэн үг.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах гэсэн атгаг санаа агуулсан байна” гэсэн тайлбар хийжээ.