28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцүүлжээ.
Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулсан.
Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна.
Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна.
2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.