Тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлээ шударгаар төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй!!!
Нийгмийн даатгалын шимтгэл энэ жилээс эхлэн хоёр хувиар нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар цар тахалтай холбоотой хувийн хэвшлийнхний НДШ-ийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хөнгөлсөн. Гэвч төрийн албан хаагчид цалингаасаа нэмэгдсэн дүнгээр татвараа төлж эхэлсэн. Хэдийгээр одоогийн байдлаар энэхүү шимтгэлийг хувийн хэвшлийнхнээс хөнгөлөөд байгаа ч долдугаар сараас хойш яах вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Учир нь Covid-19 цар тахлын улмаас тогтоосон удаа дараагийн хатуу хөл хорио, тодорхойгүй шийдвэрүүд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулан, ажлын байраа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн судалгаанууд харуулж байна. Улмаар сул зогссон ААН, татвар төлөгчид дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байгаа нь нууц биш.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч доктор, профессор Ч.Даваабаяр "Олон улсын валютын сангийн судалгааг харахад шинэ ажлын байр гаргах тооцоо ойрын 10 жилд байхгүй байна. Тэгэхээр урт хугацаагаар харж, эрсдэлийн менежментийг шийдвэрлэх нь зүйтэй. Манай улсын хувьд ажлын байр байхгүй болсон. Борлуулалтгүйгээс бэлэн мөнгөний урсгалгүй болсон байна. Ажилгүйдэл ихэснэ гэдэг нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ гэсэн үг. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал 1930 оны хямралын хэмжээ рүү дөхөж явна гэдгийг олон улсын эдийн засагчид хэлж байна. Нөхцөл байдал аюултай байна. Мэдээж хүний эрүүл мэнд чухал. Вакцинжуулалт энэ жилжин болно. Үүний дараа эдийн засгаа сэргээнэ гэвэл хэцүүднэ." гэж өчигдөр Clubhouse апп-д болсон хэлэлцүүлгийн үеэр хэлэв.
Хэзээ ч цомхтголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хэдий ч ард иргэдэд хүнд цохилт болж байгаа нь үнэн.
Уг нь эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн ААН-үүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж буйг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй санагдана.
Энэ бүх татвар, шимтгэлийн өсөлтийг мөрдөж эхлэхэд гарах зардал нь компанийн ачааллыг төдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхой юм.
Монголд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх бус, бууруулах боломжтойг хэлэх хүмүүс ч олон байна. Бүх татвар, шимтгэлийг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой болов уу гэдэг хардлага ч байна. Түүнээс цааш иргэдийн цалингаас шимтгэл татагдаад эхэлсний дараа хоёр хувийн шимтгэлийг буцаах талаар ярьвал үр дүнгүй болно гэдгийг ч судлаачид хэлж буй.
Үнэндээ тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлээ шударгаар төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй.
Шийдвэр гаргагчид даатгал төлөгч нартайгаа яагаад зөвшилцөж болдоггүй юм. Нэг сайд нь гарч ирээд л шууд татвар, шимтгэл нэмж болохгүй шүү дээ. Насаараа нийгмийн даатгал төлчхөөд насны эцэст 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн олон байна. Иймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг эхлээд бодох нь зөв санагдана...