Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал эхэллээ
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Айлчлалын хүрээнд сайд Л.Болд Ж.Бэйрдтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Уулзалт, хэлэлцээний үеэр Сайд Л.Болд Канад Улс нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр эзэлдгийг тэмдэглэж, өнгөрсөн 40 жилийн хугацаанд хөгжиж ирсэн хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, чингэхдээ уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах санал тавив.
Сайд Ж.Бэйрд Канадын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Канад Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг 2014-2018 онд үзүүлэх онцгой 25 орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь үүний илрэл болохыг мэдэгдэв. Төрийн алба, эрх зүйн шинэчлэл, хөдөөгийн хөгжлийн хүрээнд манай улстай идэвхтэй хамтран ажиллах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх канадын талын сонирхлыг Сайд Ж.Бэйрд дахин нотлов. Түүнчлэн Монгол Улс АПЕК-т элсэх асуудлыг канадын тал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Хэлэлцээний дүнд Гадаад харилцааны сайд нарын Хамтарсан мэдэгдэл гаргасан.
Айлчлалын хүрээнд Сайд Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзана. Мөн Монгол, Канадын ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцоно.
Ж.Бэйрдийн энэхүү айлчлал нь Канад Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.