Эрсдэл, занга хоёрыг өөртөө тавьсан “шинэ” ЕРӨНХИЙ САЙД
Б.ДАМДИН-ОЧИР
Л.Оюун-Эрдэнэ 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоод 20 хонолоо. Энэ 20 хоногт хоёр ч том мэдэгдлийг хийлээ.
Эхлээд 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдохдоо ирэх гурван жилд амжуулах дөрвөн том зорилтыг танилцуулсан. Тэрээр энэ зорилтууддаа Монголын бүхий л тулгарсан асуудлыг тусгасан байв.
Өнөөдөр дэлхийг ч, Монголыг ч сандаргаад байгаа COVID19 цар тахлыг нам дарна гэсэн. Энэ өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, голомтуудаа хумьж байх шиг байна. COVID19-ийн вакцин ч Монгол руу ачигдаад эхэлж байна.
Уналтад ороод “-6” зааж буй улсын эдийн засгийг богино хугацаанд босгоно гэв. Төмөр замууд, цахилгаан станцуудыг барьж дуусгана. Байгалийн баялгийг түүхийгээр нь зөөхөө зогсоож, дотооддоо баяжуулж боловсруулна гэлээ. За тэгээд, уул уурхайгаас гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Засгийн газар дэмжиж “дундаж давхарга”-ыг бодитоор бий болгоно гэлээ. “Залуус” нэртэй том том хотхонуудыг барьж, үүнд хамруулахдаа санхүүгийн уян хатан бодлого шинээр гаргах юм байна. Боловсрол, эрүүл мэндийн тал дээр уламжлал, үндэсний онцлогийг түлхүү оруулах гэнэ.
Шударга ёсыг тогтоож, цахим засаглалыг бий болгоно хэмээлээ. Авлигатай тэмцэхдээ “...Хогийн ургамалтай нь бус хөрстэй нь тэмцэнэ” гэж байна. Авлигад өртдөггүй төртэй, хууль шүүхийн байгууллагатай болно гэсэн үг бололтой. Өөрийнхөө санаачлан хэрэгжүүлсэн “E-Mongolia”-д төрийн бүх үйлчилгээг нэгтгэхээр төлөвлөжээ. Хүн биш цахим сүлжээ энэ бүгдийг гүйцэтгэхээр авлига устсан Эстонийн жишгийг хэрэгжүүлнэ гэж үзэж буй ажээ.
Ингээд задлах юм бол мундаг том зорилтууд үүнд нь багтсан байна. Бүтвэл гоё л доо. Угаасаа монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Шинэ Ерөнхий сайдын үг COVID19-өөс болоод ядарч туйлдсан бидэнд янзын сайхан сонсогдлоо.
Дараагийнх нь болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын битүүний өмнөх өдөр 2021 оны хоёрдугаар сарын 10-нд эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө гээчийг олон нийтэд танилцуулав. Үүгээр мундаг том амлалт авлаа.
Учир нь тэр төлөвлөгөөнд ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх тухай оржээ. Энэ төлөвлөгөөгөө Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 14-нд ээлжит бус хуралдаанаар дахин ярьжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “...Төлөвлөгөөний гол тактиктаа бодлогын өөрчлөлт хийж байна. Хэрвээ бид одоогийн төлөвлөгөөгөөр явбал энэ оны II, III улирлаас эхлэн эдийн засгийн хувьд хүндрэл гарч, эрүүл мэндийн салбар ч цохилтод орох магадлалтай байсан. Тиймээс цогц арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Цаашид эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд банк дээр гацаж байгаа зээл олголтыг үргэлжлүүлэх, энэ онд батлагдсан төсвийн хүрээнд хийх хөрөнгө оруулалтуудыг хийх, гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг нэмэх чиглэлүүд цогц хөтөлбөрт багтсан. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө хэвлэж тараах асуудал байхгүй. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх үргэлжлүүлэх томоохон мега төслүүдийг эрчимжүүлнэ. 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Засгийн газрын дараагийн хуралдаанаар цогц төлөвлөгөөний нарийвчилсан төлөвлөгөөг гаргана” тодотгосон.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сонгуулиас бусад үед сураг алдардаг амлалт гэгчийг өгчихлөө. Энэ төлөвлөгөөг эерүүлэн сайшааж, эсэргүүцэн шүүмжилж байгаа хоёр талын хүмүүс байна. Гэхдээ дийлэнх нь дэмжих хандлагатай.
Харин улс төрийн нүдээр, тааруухнаар харвал Л.Оюун-Эрдэнийн энэ гоё төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй бол түүний тэргүүлсэн засаг унах том шалтаг болно. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн, хэсэг бүлгүүд Засгийн газрыг унагахыг хүсвэл түүгээр нь шалтаг хийчихнэ гэсэн үг. Ингэж тэр өөртэйгээ хариуцлага тооцох механизмыг өөрөө бүтээлээ.
Ер нь бол өнөөдрийн нөхцөлөөс харахад энэ “амлалт”-ууд дүүрэн хэрэгжих боломж тун бага. Бүх суурь суларчихсан. Урьд өмнө төдийлэн тохиолдож байгаагүй хүндрэлийн өмнө Монгол Улс ирчихсэн. Манайх байтугай дэлхий хямарчихсан үе шүү дээ. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ үүгээрээ том эрсдэл үүрч, бас өөртөө занга тавьчихаж байгаа юм.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн энэ төлөвлөгөө, зорилт тавьдаг нь энэ зөв жишиг. Нэг дарга томилогддог. Юу хийх, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, урсгалаараа хөвж байгаад сонгуулийн жилтэй золгодог. Монголын төр ингэж ажиллаад олон жилийг үдэж байна.
Харин “шинэ” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арай өөрөөр “тоглож”, төлөвлөгөө танилцуулж, зорилт тавьснаа зарлаж байна. Үүнийг зарим өнцгөөс “...Оюун-Эрдэнэ системийн онолтойгоор засгийг ажиллуулж байна. Монголын Засгийн газар “алхах” замтай байна” гэцгээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)