Улсын онцгой комисс ХӨСҮТ-д ажиллаж байна
Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр (2021.02.13) Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явц, хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөцийн талаар мэдээлэл авч буй аж.
Албаныхны өгсөн мэдээллээр Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хэмжээнд хөргөгч, гүн хөлдөөгчийг бэлтгэн, бэлтгэлээ бүрэн хангажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийслэлийн хэмжээнд 420 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалт хийнэ" хэмээн мэдэгдсэн. Эрүүл мэндийн яамнаас мөн нэгдүгээр улиралд багтаан хамгийн эрсдэлтэй бүлгээс вакцинжуулалтыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж буйгаа онцолсон удаатай. Эрсдэлтэй бүлэг гэдэгт халдварын голомтот бүсэд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхан, мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж буй Мэргэжлийн хяналтын байцаагчид, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ажилтан, албан хаагчид, цагдаа, онцгой, мөн ахмад настан зэрэг бүлэг хамаарч байгаа юм.