Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа 263 мянган га газрыг “улсын ” нэрээр Оюутолгойн тусгай хэрэгцээнд авч өгчээ
...Сү.Батболд Оюутолгойн эздэд үйлчилж, хариуд нь их хэмжээний авлигал авч оффшорт нуусан талаар Судлаач Д.Ганхуяг "Сү Туучий чинь" гэх цуврал мэдээллийг хүргэсэн билээ.
Тэдэнд ашигтай, Монголд хохиролтой ямар хууль, тогтоол шийдвэр байсан бэ? Гэдгийг бид судлах ёстой. Ганцхан жишээ татья!!
Сү.Батболдын Засгийн газрын 2011.06.08-ны өдрийн 175-р тогтоолд: “ӨМНӨГОВЬ аймгийн ХАНБОГД, БАЯН-ОВОО,ХАНХОНГОР,МАНЛАЙ,ЦОГТЦЭЦИЙ гэсэн 4 сумын нутагт 263.770 га газрыг “улсын тусгай хэрэгцээ” нэрээр Оюутолгой төслийн дэд бүтцэд зориулж авч өгчээ. Энэ бол маш том газар нутаг. Оюутолгой компани энэ газрыг дэд бүтэц, ирээдүйнхээ хэрэгцээнд ашиглах гэж байгаа бол улсад тодорхой төлбөр, татвар, хураамжаа төлөөд нөөцөд авах ёстой. Гэтэл Монгол улсын Засгийн газар “Улсын тусгай хэрэгцээ” нэрийн дор Оюутолгойн газрыг нэг ёсондоо үнэ төлбөргүй шахам хамгаалж өгчээ. Энэ тогтоол тухайн үедээ хуулиас давсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан, хууль зөрчсөн байж болох үндэслэл байна. Уг тогтоолыг Ашигт малтмалын хуулийн 9.1.7-д заасныг үндэслэн гэсэн боловч 9.1.7-д “Тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг УИХ-д өргөн мэдүүлэх ” гэж заажээ. УИХ-д өргөн мэдүүлж болох байсан ч Засгийн газар дур мэдэн шийдвэрлэжээ.
Нөгөө талаар тухайн үеийн Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Учир нь Газрын тухай хуулийн 5.2-д Тусгай хэрэгцээний газарт: “Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай....” гэж заасны дотор аль нэг уурхайн дэд бүтцэд зориулан улсын тусгай хэрэгцээнд авах талаар заалт байгаагүй.
Хуулиас давсан энэ тогтоолыг хуулийн дагуу болгохын тулд 4 жилийн дараа буюу 2015.07.08-ны наадмын өмнөх өдөр “Газрын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр “Газрын тухай хууль”-ийн 16.1.13 -д “Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт,дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ыг Улсын тусгай хэрэгцээний газарт оруулахаар шинээр нэмж өгчээ. Хуулиар дураараа тоглодогийн жишээ. Энэ бол Оюутолгойн төсөлд зориулан өөрчилсөн манай “захиалгын” маш олон хуулиудын зөвхөн нэг нь юм.
Оюутолгойн гэрээ 2009 оны 10-р сард батлагдахын өмнө манай Ашигт малтмалын хууль, Татварын тухай хууль... гээд маш олон хуулиудад яг ийм байдлаар Оюутолгойд зориулсан заалтууд орсноор өнөөдөр бид ордоо ашигласан мөртлөө өрөнд орох эхлэлийг тавьсан билээ. “Улсыг нь худалдаж авахын тулд хуулийг нь өөрчил” гэж үг бий. Манай хууль сахиулагчид болоод нийтийн эрх ашгийн өмгөөлөгчид энэ заалтыг судалж үзэхэд илүүдэхгүй. Би бол “хуулийн хулгай” л гэж харж байна.
Зураг дээр: ЗГ-ын 175-р тогтоол, Газрын тухай хуулийг он сараар нь харьцуулан харахад хууль зөрчсөн тогтоол гэдэг нь тодорхой харагдна.
Сэтгүүлч Б.Отгон 2021.02.05