Зам тээврийн сайд хөдөө орон нутгийн замын ажилтай танилцаж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын явцтай танилцсан байна.
Тэрбээр өнөөдөр Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийг хүлээн авч уулзах юм.
Танхимын сайд нар нь хаана, юу хийж явааг сонирхвол, Улсын онцгой комиссын дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга зэрэг олон албатай Шадар сайд Д.Тэрбишдагва цаг үеийн асуудлаас болж нэлээд завгүй байгаа бололтой.
Тэрбээр нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг Нисэх-Био-Шувуун фабрик чиглэлийн 36.2, Богд уулын арын 17 км замын ажилтай танилцсан байна. Өнөөдөр тэрбээр Канадын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзана.
Харин өчигдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сонгогдсон тойрог Өмнөговь аймаг руу явжээ. Мөн хэд хоногийн өмнөөс орон нутагт ажиллаж, өнөөдрөөс төв бараадаж буй хэд хэдэн сайд байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан төвийн болон баруун аймгуудаар “Шинэ сум”, “1000 айлын орон сууц” төслийн явцтай танилцсан бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав говийн аймгуудад ажиллалаа.
Зам, тээврийн сайд А.Гансүх орон нутаг дахь замын бүтээн байгуулалттай танилцах ажлаа үргэлжлүүлж, энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийг зорих гэнэ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрчим хүчний сайд М.Сономпил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан, нар амраагүй, суурин байгаа аж. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар амралтаа авчээ.