Шадар сайд үүрэг өглөө
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан зарим үүрэг чиглэлийг өглөө.
Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчилах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархах сэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал юм.
Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг ирэх наймдугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын эхний долоо хоногт багтан Монголд айлчлах аж.