Бүрэн эрхээр халхавчилж хариуцлагаас мултрахыг санаархсан НЭР ДЭВШИГЧИД /Үргэлжлэл/

2020 оны 5 сарын 22

Arslan.mn

Өмнөх дугаар

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн, эрүүгийн хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгчдийн талаар бид өмнөх дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа АН-аас нэр дэвшигчдийн дунд буй эрүүгийн хэрэгт холбогдож байсан, одоо яллагдагч, шүүгдэгчийн ширээнд сууж, гэм буруутай, эсэхээ хэлэлцүүлэх гэж байгаа зарим хүний талаарх мэдээллийг хүргэе. Бид аль нэг нам, эвслийн талд үйлчлээгүй, зөвхөн сонгогчид сонголтоо зөв хийхэд нь туслах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдсон нэр дэвшигчдийг онцолж буй. Учир нь тэд УИХ-ын гишүүн болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлбэл түүгээр халхавчлан хариуцлага хүлээхгүй дөрвөн жилийг үдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөгдөн улсад, бусдад учруулсан хохирлоо төлөхгүй байх магадлал өндөр. Эрүүгийн хэрэгт холбогдсон, яллагдагч, шүүгдэгч нарыг олноор нь дэвшүүлснээрээ АН толгой цохиж байгаа гэдгийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэхдээ яллагдагчаар одоо татагдаад байгаа нэр дэвшигчдээс гадна холбогдож байсан хүмүүсийн талаар ч давхар мэдээлж буй билээ.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ НАРАА ЯАГААД ДЭВШҮҮЛЭВ

АН энэ удаагийн сонгуульд үнэхээр боловсон хүчин нь муу байв уу, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болсон уу, яллагдагч, шүүгдэгч олон хүний нэрийг дэвшүүлж, сонгогчдын саналыг авч чадвал УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх халхавчид оруулахаар зүтгүүлжээ. Өөрөөр хэлбэл, дарга С.Эрдэнээсээ авхуулаад яллагдагчаар татагдсан, шүүгдэгчийн ширээнд сууж буй хүн нэг бус.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг НПГ-аас хэдхэн хоногийн өмнө батлаад буй бөгөөд АТГ-аас түүнд хараахан танилцуулаагүйг эх сурвалжууд мэдээлэв. Түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцсон байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхад нь НДЕГ-ын даргаар Ц.Уртнасан ажиллаж байсан бөгөөд Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг тус газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаж байна. Өмнө нь С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлж байсан ч хэрэгсээгүй билээ.

Намын даргынхаа араас яллагдагчаар татагдах болсон хүн нь Баянхонгор аймагт нэр дэвшигч А.Адъяасүрэн. Ерөнхийлөгчийн зөвлөх гэх албан тушаалтай энэ эмэгтэйг нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг нь НПГ-аас хүлээн авсан байна.

Архангай аймагт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, “Фортуна” хэмээх Н.Батбаярын нэрийг дэвшүүлээд буй. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, улсад хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Н.Батбаярыг сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2013 оны 124 дүгээр тогтоолд засвар хийж, Халзанбүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг шинээр барих замын жагсаалтад оруулснаар дээрх хэмжээний хохирол учруулж, тухайн үеийн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Мон роуд” компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгасан юм. Уг нь энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэн билээ.

“Оюутолгой”-н болон “Дубайн гэрээ”-тэй холбоотой албан тушаалын хэрэгт АН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.БямбасайханХөвсгөл аймагт өрсөлдөх гэж буй Да.Ганболд нарыг холбогдуулан гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр болоод байгаа. Тэд болон Тагнуул, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал, НИК-ийн Ч.Давааням тэргүүтэй хүмүүсийн шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх даваа гарагт хэлэлцэхээр товлосон юм.

Ховд аймагт АН-аас нэр дэвшсэн Ш.Адьшаа мөн л хээл хахуулийн хэрэгт холбогдож явсан нэгэн. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад хахууль авсан хэрэгт ял шийтгүүлсэн Г.Шийлэгдамбын үйлдэлд холбогдсон тэрбээр гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн.

Улсын баатар, ардчиллын анхдагч, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл намдаа эргэн орж, Хэнтий аймагт нэр дэвших эрх аваад буй. Намын дарга С.Эрдэнэтэй эвлэрсэн тэрбээр энхийн цагаан тагтаа биш гэдгийг хууль сахиулагчид тогтоон, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд удаж байна. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүмүүс болон өмгөөлөгч нар нь элдэв аргаар хурлыг хойшлуулсаар байгаа билээ. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д есөн тэрбум төгрөг шилжүүлүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Тодруулбал, “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард тав, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ төлөхийн тулд компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа бүгдийг нь шилжүүлсэн юм. Тэдний гэм буруутай, эсэхийг ирэх сарын 8-нд хэлэлцэнэ.

Мөн Хэнтий аймагт нэр дэвшигч Т.Пүрэвхатан эрүүгийн хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байсан нэгэн. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх, нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нар Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Их цуурайтын аманд 60 иргэний нэр дээр газар эзэмших захирамж гаргуулан, БНХАУ-ын иргэн Лин Суй Линээс 50 сая төгрөгийн хахуулийг 2016 оны долдугаар сарын 9-нд авсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн билээ. Прокурорын яллах дүгнэлтэд уг хахуулийг С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан авсан тухай бичсэн байдаг. Мөрдөн байцаалтад гэрч нар ч “Пүрэвхатан тэр өдөр олон удаа залгасан, залгах болгондоо Батсүх дарга ирсэн үү, байна уу, газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан. Гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрыг Т.Пүрэвхатан хөөцөлдөж байгаа юм байна гэж мэдсэн” хэмээн ярьжээ. Т.Пүрэвхатаныг тухайн үед мөрдөж байсан, 2002 оны Эрүүгийн хуулийн 270-д заасан “Хээл хахууль зуучилсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байсан бөгөөд тухайн үед хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил байсан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
617294
4 эможи
keyboard_arrow_up