Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг авахыг хүссэн С.Эрдэнийн нэхэмжлэлийг шүүх хүчингүй болгов

2020 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ЗГХЭГ, УУХҮЯ-ны эсрэг гомдол мэдүүлж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг гурван шатны шүүх хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ. Тэрбээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн нефть боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн бичиг баримтын хуулбарыг олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан юм байна. УИХ-ын тухай хуулийн 7.1.17-д “Улсын Их Хурлын гишүүн нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах эрхтэй” гэж заасныг үндэслэл болгон нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргуулан авахыг хүссэн аж.

Уг нь түүний хүсэлтийг ЗГХЭГ хүлээн аваад харьяалах яам руу нь шилжүүлсэн юм байна. Харин УУХҮЯ-ныхны тайлбарласнаар уг төслийг Энэтхэгийн Экспорт, импорт банк хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх шийдвэр гарсны дагуу төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг тус улсын “Инженерс индиа лимитед” компани боловсруулсан. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2019 оны тогтоолоор төрийн маш нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад хамааруулсан аж. Мөн уг ТЭЗҮ нь гурвалсан гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч компанид албан ёсоор харьяалагдаж байгаа бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан юм байна. “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ТЭЗҮ болон холбогдох баримтыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаа бидэнд хэлээгүй. Төслийн үйл явцад нөлөөлөх, улс төрийн болон өөр бусад зорилгоор хэрэглэх гэж байгаа бол тодорхой тайлбарлах шаардлагатай” гэж дээрх яамныхан үзжээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд уг бичиг баримтыг олгоогүй гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон бол нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, түүний гомдлыг хэргийг хэрэгсэхгүй болгов.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616779
7 эможи
keyboard_arrow_up