“Герман, Турк улс онгоц хүлээж авахгүй гэсэн тул монгол иргэдээ авах нислэг хийхгүй“
Улсын онцгой комиссын Шуурхай штаб гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг хэрхэн хийх талаар өнөөдөр мэдээлэв.
Энэ үеэр Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал " Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ.
Турк улс 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тул нислэгийг зогсоосон.
ХБНГУ-ын Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.
Гадаад улсаас ирж буй хүмүүсийг өөрийнх нь зардлаар тусгаарлах нь олон улсад хэрэгжүүлж байгаа туршлага. Өмнөх таван удаагийн нислэгээр ирсэн иргэдээ хотын төвийн зочид буудлуудад тусгаарласан. Харин ойрын хугацаанд гурван удаагийн нислэгээр ирэх иргэдийг хотоос зайдуу амралт, сувиллын газарт тусгаарлана. Төлбөр нэмэгдэхгүй, 50 мянган төгрөг хэвээрээ."гэв.