“БНСУ-аас ирэх иргэд асуумжаа үнэн зөв бөглөх ёстой, худал бөглөвөл хорих ялтай“
БНСУ-д байгаа монгол иргэдийг авч ирэхтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Олон улсын нислэг зогссонтой холбоотойгоор маш олон иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Эхний ээлжинд хоёр хоногийн турш БНСУ-д байгаа иргэдийг бүртгэсэн. Энэ дагуу нийт 500 хүн бүртгүүлсэн байна. Эхний ээлжинд хүнд өвчтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй, өндөр настай зэрэг нийт 250 хүнийг эхний ээлжинд авчрахаар болсон. Энд ирсний дараа 14 хоног тусгаарлах зардлыг иргэд өөрсдөө гаргах ёстой. Гадаадаас ирээд заавал тусгаарлагдах үүрэгтэй. Холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцах үүрэгтэй. Тусгаарлах байрны зардлыг түрүүлж хийж байж нислэгийн тасалбараа баталгаажуулна.
БНСУ-д байгаа иргэдээ эх оронд нь авчрах болсонтой холбоотойгоор иргэдээс сүүлийн 14 хоног зорчсон газар, илэрсэн ямар нэг шинж тэмдгийн талаарх асуумжийг авах юм байна. Энэхүү асуумжийг иргэд тов тодорхой, үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд хэрэв шинж тэмдгээ нуун дарагдуулж, худал бөглөвөл эрүүгийн хуулийн дагуу хорих ялтай" гэдгийг хэлэв.
Иргэдийн тухайн улсад нь шинэ коронавирусийн халдвартай эсэх шинжилгээг хийх боломжгүй байгаа аж. БНСУ-ын тухайд гэхэд Сөүл дэх Элчин сайдын яамаар дамжуулан эмнэлгүүдэд хандахад шинж тэмдэг илэрсэн иргэд эхний ээлжинд утсаар мэдэгдэж, өөрийгөө ажигла гэж байгаа аж. Шууд яаран шинжилгээ хийхгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд өдөрт 18 мянга хүртэл оношлогоо хийх хүчин чадалтай байгаа тул өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд сайн дураар шинжилгээ хийх боломжгүй байгаа юм байна. Тиймээс асуумжийг тов тодорхой бөглөх ёстой гэдгийг анхаарууллаа.
ШУУД ҮЗЭХ: