Л.БОЛОРМАА: АРДЧИЛСАН НАМД ОРОХ НЬ АМИА ХОРЛОСОНТОЙ АДИЛХАН ГЭЖ Ч ХЭЛЖ БАЙСАН
АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /АЭХ/-ны удирдах зөвлөлийн гишүүн, эрх зүйч, судлаач Л.Болормаатай ярилцлаа.
-ХҮН ӨӨРИЙГӨӨ ОЛЖ ХАРНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ОЛЗ-
-Та олон газрыг богино хугацаанд зорьж, олон ажилд цаг заваа зарцуулж яваа эмэгтэй шиг санагддаг. Өнөөдөр гадны аль нэг оронд явж байна, тун удалгүй эх орныхоо баруун, зүүн хязгаарт оччихсон байх нь олонтаа…?
– Би 2001 онд их сургуулиа төгсөөд төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа ЗДТГ-ын архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Ингээд төрийн байгууллагын ажлыг мэргэжилтэнээс удирдах шат хүртэл 18 жил тасралтгүй хийсэн. Харин сүүлийн хоёр гурван жил миний амьдрал аялал, адал явдлаар дүүрэн өнгөрч байна. Сурах, судлах, танилцах зүйл олон байгаа болохоор таны хэлсэнчлэн гадны орнуудаар, эх орноороо аялж байна. Үүнийхээ хажуугаар МУИС-ийн Хууль зүйн магистрыг өдрөөр 2.5 жилд суралцаж амжилттай төгслөө. АНУ-ын улс төрийн сургалт, БНСУ-ын улс төрчид, хуульчдыг бэлтгэдэг Күүкмины их сургуулийн хүндэт төгсөгч гээд маш олон оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө хийж чадсан бүтээлч он жилүүд байлаа.
-Мэдээж хэрэг явсан газар болгоноос хүн шинийг сурч мэдэж нээж илрүүлж явдаг. Таны энэ бүхнээс олдог хамгийн том олз юу вэ?
-Өөрийгөө олсон. Хувь хүн өөрийгөө олж харна, нээнэ гэдэг хамгийн том олз. Би юуны төлөө өдий хүртэл ажилласан, энэ бүхэнд надад бас бусдад юуг өгсөн, цаашдаа би яах ёстой вэ гэдэг бодол шийдлүүд минь олсон олзны нэгээхэн хэсэг юм. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал, миний улс төрд орж ирсэн цаг хугацаа, нийгмийн байдал илүү их цагийг энэ салбарт зарцуулахыг шаардаж байна шүү дээ.
-Та орон нутагт хүний эрхийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж нийгмийн асуудлуудын бодит байдлыг мэдэрч судалж ажилласан хүн. Энэ ч бас том олз байх?
-Аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн байхдаа хүнийхээ төлөө л гүйдэг, иргэдэд төвөг удахгүй асуудлыг нь сонсож, өдөр бүр иргэдтэй уулзаж зөвлөгөө өгдөг байсан.Ажиглаад байхад иргэд мэдээлэлгүйгээсээ болж эрх нь зөрчигддөг, тухайн асуудлаараа хаана хандахаа мэдэхгүйгээс болж хугацаа алдаж хохирсон байдаг. Хажуугаар нь би хүний эрх, төсвийн ил тод нээлттэй байдал, эмэгтэйчүүд ба жендер, хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүд дээр фокуслаж ажиллаж ирсэн. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүний эрх чадавхийг хөгжүүлэх төслийн хүрээнд орон нутагт хүний эрхийн төлөв байдлын суурь судалгаануудыг хийсэн нь цаашдын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх суурь үндэс нь болсон юм.
– Нийгмийн салбар бүрийг ингэж эд эсээрээ мэдэрсэн хүнд улмаар шийдлүүд бий болдог байх?
– Шийдэл гэхээсээ илүүтэй төсөл хөтөлбөрийн баримт мэдээлэл нь салбар бүрдээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Үр дүнд нь ЕБС-ийн үдийн цай хөтөлбөр, төрийн алба хаагчдыг улс төрөөс ангид байлгах, төрийн албаны техник хэрэгслийг сонгуульд ашиглахыг хориглох, УИХ-ын гишүүдийн тойрогт төсөвлөсөн мөнгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, тендер буюу төрийн бараа үйлчилгээ худалдан авахад худалдан авах ажиллагаа бүрт үнэлгээний хороо байгуулагдан ажиллах болсон гэх мэтээр дурьдвал олон сайн үр дагавар бий болсон. Мөн олон жил царцсан жендерийн тухай хуулийг батлуулахад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран лобби хийж хөдөлгөөнд оруулсан. Орон нутгийн хөгжилд хариуцлагатай уул уурхайг бий болгохоор шат дараалсан ажлууд зохион байгуулж хамгийн сүүлд нь “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачлага” форумыг Говь-Алтай аймагт зохион байгуулсан гэх мэтээр олон зүйл бий.
-Цаасан дээр асуудал жагсаан бичиж, индэр дээрээс шийдэл ярьдаг хөрсгүй, практикгүй удирдагчид олширч сөрөг үр дагавар нь шат шатанд гарч байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Зарим тохиолдлуудад санал нийлнэ. Жишээ нь, сонгууль дөхөхөөр хөдөө орон нутаг, аймаг, сумандаа хайртай хүмүүс олширдог. Тэд асуудал, бодит нөхцөл байдлаа мэдэхгүй учраас юу хийдэг вэ гэхээр элдэв найр, наадам, даншиг, тахилга бэлэг хадаг тарааж байна. Үнийгээ тэр горилогч иргэдэд таниулж хэр бяр чадалтайгаа харуулж байна гэсэн хоцрогдсон хандлага юм. Энэ нь нэлээн хоцрогдсон арга барил л даа. Орон нутагт тулгамдсан асуудлаа мэддэг хүн хөндлөнгөөс харахад тэр их мөнгөөр тухайн газар нутагт хийчих ажил, шийдчих асуудал зөндөө бий. Хот хөдөөгийн ялгаа байгаа ч гэсэн орон нутагт амьдарч байгаа иргэд найр наадам, бэлэг сэлт гэхээс илүү орон нутгийн хөгжлийн зөв бодлого, төлөвлөлтийг илүү их хүсэн хүлээж байгааг огт олж харахгүй байна.
– Гэтэл яг үнэндээ хөрсөн дээр юу болж байна?
-Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёлтой хослуулах цаг аль хэдийн болсон. Сумын ой болоход 90 настай байшингаа л будаж, түүнтэй чацуу жорлонгоо хэрэглэж байна. Яагаад вэ гэхээр зөв бодлого, зөв төлөвлөлт огт байхгүй учраас. Орон нутагт өнөөдөр ажлын байр, бизнесийн таатай орчин алга. Эрх мэдэлтнүүд нэг, хоёр, хэсэг бүлэг ч гэсэн хүний амьдралыг өөрчлөхийн төлөө сэтгэл гаргахгүй байгаад хамгийн их эмзэглэдэг. Өөрөөр хэлбэл иргэд төрсөн нутаг усандаа ажиллаж амьдарч байгаагаараа хохирох ёсгүй. Яг энэ асуудлуудыг шийдэх цаг нь болсон. Маш бага зардлаар шийдчихсэн бодит жишээ Дундговийн Гурвансайхан сум байна. Одоо Завхан аймгийн Алдархаан сум шийдээд явж байна. Өнгөрсөн намар би УИХ-ын гишүүн З. Нарантуяатай явж үйл явцтай нь танилцсан. Алдархаан сумын 160 мянгат малчин уулзаж зөвлөлдөөд нэг өдрийн дотор 100 сая төгрөг босгохыг би өөрийн нүдээр харлаа. Сумандаа сайхан амьдрахын тулд иргэд нь өөрсдөө хөдөлж байна. Орон нутагт амьдарч байгаа иргэдийг зөв мэдээллээр хангаж нэгдсэн нэг ойлголтод хүргэхэд хөгжил шийдэл ойрхон байгааг олж харсан. Дээрээс нь мэдээж төр засгийн оновчтой, цогц бодлого, дэмжлэг хэрэгтэй.
-НАДАД АРДЧИЛСАН НАМААС ӨӨР СОНГОЛТ БАЙГААГҮЙ-
-Улс төрийг та сонирхохгүй ч улс төр таныг сонирхоно гэж нэг үг бий. Магадгүй таны замнал ийм байж болох …?
-Говь-Алтай аймгийнхаа нийгэм, эдийн засагт тулгамдсан олон сэдэв дээр ажиллаж байхдаа 2007 оноос хойш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал шаардлагатайг мэдэрч, манлайлагч эмэгтэйчүүдийг нам харгалзахгүй бэлдсэн. Өөрөө ч давхар бэлтгэгдэж эхэлсэн. Хүний эрхийн чиглэлээр олон асуудлыг олон талаас нь судалж, бодитоор мэдэрч, улс төрд хэзээ ч орохгүй гэсэн бодол маань өөрчлөгдсөн. Тиймээс төрийн захиргааны ажлаасаа гарах өргөдлөө өгөөд улс төрийн сонголт хийсэн. Надад АН-аас өөр сонголт байгаагүй. Тэр үед хамтран ажиллаж байсан настай эгч нар МАН-ын голдуу хүмүүс байсан “ Чи ийм мундаг эмэгтэй байж АН-д орж амиа хорлолоо доо. Аймагт нэг ч удаа ялж үзээгүй нам шүү дээ” гэж хэлж байсан. Харин надад яг тэр үед яагаад ялуулж болохгүй гэсэн бодол төрсөн.
-Тэгээд …?
-Тэгээд яахав, орон нутгийн дахин сонгууль 2014 онд болж АН ялсан/инээв/ 2013 онд намд элсэж, АН-ын Говь-Алтай аймгийн намын хэрэг эрхлэх газрын даргаар сонгогдсон. 2014 онд орон нутгийн нөхөн сонгуульд амжилттай оролцож аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчийн тоог нэмэгдүүлж дөрвөн эмэгтэйн нэгээр сонгогдож байлаа. АН анх удаа ялалт байгуулж, засаг барихаар болсон. Хоёрхон жил засаглахад соц-нийгмийн үеэс хойш хийгээгүй бүтээн байгуулалтыг манай багийн залуус Чингис, Самурай бондноос мөнгө авахгүйгээр орон нутгийн нөөц хөрөнгөөрөө хийж гүйцэтгэсэн нь бахархалтай санагддаг. Харин 2016 онд ялагдсан даа /инээв/ Ардчилсан нам 2020 оны сонгуульд алдаан дээрээ суралцаж зөв хүмүүсээ нэр дэвшүүлж бүх шатанд ардчилсан төлөөлөлтэй болж, орон нутгийн хөгжлийн жишиг аймаг болох цаг мөч их ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байгаа.
– Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа юу хийсэн вэ?
– Тухайн үед намайг ИТХ-ын төлөөлөгч байж ажлын албаны дарга хийлээ гээд сөрөг хүчин шүүмжилдэг байсан. 20 16 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хорооны даргаар ажиллах болоод төлөөлөгчөөсөө сайн дураараа чөлөөлөгдөж байсан. ИТХ бол аймгийн бодлого тодорхойлодог байгууллага. Биднийг засаглаж байх үед аймгийн ИТХ-ын жилд найман удаа хуралддаг, тэргүүлэгчид долоо хоногийн Пүрэв гаригт тогтмол хуралдаж тэр хэмжээгээр аймгийн ажил их урагштай явдаг байсан. Одоогийн засаглаж байгаа ИТХ маань жилд нэг удаа хуралддаг гэж сонссон. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байдаг. Олон хуралдвал дарга нар нь уначих гээд аймгийн ажил урагшаа явдаггүй сандал суудал хөөцөлдсөөр байгаад дөрвөн жилийг ардаа үджээ. Цаг хугацаа хурдан юм.
-Улс төрд ялах бас ялагдах мэдрэмж ямар вэ?
– Ялахад хүмүүс их хүрээлдэг. Ялагдахад бүгд зугатаана. Яг л сэтгэл зүрх, үнэтэй зүйлтэй хүмүүс нь л үлддэг цаашаа явдаг. Амьдрал баян шүү дээ
-МАНАЙ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ, ЗАРЧИМ НЬ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ-
-Та одоо юуг мөрөөдөж зорьж явна вэ?
– Манай улсын хөгжлийн суурь гол зарчим нь орон нутгийн хөгжил гэж би боддог. Монгол улсын иргэдийн таль хувь нь яагаад энэ дөрвөн уулынхаа дунд өдөржин түгжрээд, нервтээд амьдраад байна вэ гэхээр хүмүүсийн хэрэгцээт зүйл, хэрэгтэй орчин ганцхан Улаанбаатар хотод л байна гэсэн үг. Тэгвэл орон нутаг аймаг бүрт жижигхэн ч гэсэн цогц “Улаанбаатар”-ыг бий болгочихвол хүссэн хүсээгүй энэ их түгжрэл байхгүй болно.
-Мэдээж танд энэ талаар бас л олон шийдэл байгаа байх?
-Орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх гарц шийдэл маш энгийн. Зөв сайн төлөвлөлт зохион байгуулалт тэнд амьдарч байгаа иргэдийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Наад захын жишээ нь татварын бодлогоор дэмжиж болно. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх. Орон нутгийг газар нутгийнх нь хувьд бүсчилж түүн дээрээ хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын төрөлжсөн үйлдвэр байгуулж, байршлаар нь ангилна. Жишээ нь Говь-Алтай аймаг газар нутгийн байршлаараа баруун бүсэд ордог. Энд махны үйлдвэртэй байхад зэргэлдээ аймгуудынхаа мал махыг боловсруулах, Завхан аймаг ноосны үйлдвэртэй бол баруун аймгууд тэнд ноосоо нийлүүлэх, Ховд цемэнтийн үйлдвэртэй бол бусад аймгуудаа цементээр хангачихна. Аялал жуулчлалыг байгалийн үзэсгэлэнт газар бүрт түшиглэн хөгжүүлэх асуудал. Манай аймгийн Цогт сумын ЭЭЖ ХАЙРХАН уул аймгийн төвөөсөө 300 км зайтай, хүмүүс олноороо зорьж очдог. Явж явж очно, ямар ч үйлчилгээ байхгүй эзгүй хээр газар баахан хог хаяж явцгаадаг. Жаахан ч гэсэн бүтээн байгуулалт хийчихэд жуулчдын хандлага шал өөр болно. Энэ мэтээр орон нутагт нийгмийн салбар бүрт өөрчлөлт шинэчлэлтийг зөв бодлогоор дэмжин хийх шаардлагатай. Энэ бүхэнд орон нутгийн иргэн бүрийн хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг төр зөв чиглүүлж, хүндээ хүрсэн бол өнөөдөр бодит байдал арай л өөр байх байсан.
– Энд иргэд мэдээлэл муутай гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн гар урт байгаагийн бодит жишээ юм?
– Ер нь манай иргэд яг өөрт хэрэгтэй, амьдралд нь дэм тустай, үүрэгтэй тийм мэдээллүүдээс маш хол, сураггүй явдаг. Тийм ч учраас ЖДҮ зээл ямар зорилготой, хэзээнээс хэрхэн олгож ирснийг анзаардаг ч үгүй, сонирхдог ч үгүй явж ирсэн. Монгол улсын Засгийн газраас сум, суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө гэсэн уриатайгаар 2009 оны 178 дугаар тогтоолоор “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг батлан, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжих зориулалтаар аймаг бүрт ЖДҮ зориулалтаар жилд 500 сая төгрөгийг улсын төсвөөс олгож эхэлсэн байна. Гэтэл та бодоод үз дээ, 2009 оноос хойш манай улсын аль аймаг, суманд хэд хичнээн үйлдвэрүүд байна вэ. Бүхэл бүтэн 10 жил өнгөрөхөд улсын хэмжээнд 10 үйлдвэр байна уу, үгүй юу. Манай төрийн өндөрлөгт буй улс төрчид өөрсдөө тэр санг хоосолчихсон. Уг нь ЖДҮ-ийг дэмжих зээлийн талаар иргэдийг мэдлэгжүүлж сургаад, санхүүжүүлээд, үйлдвэржүүлснээр иргэн чинээлэг хангалуун амьдрах орчин нөхцлийг бүрдэх байсан юм. Гэтэл эсрэгээрээ улс төрчдийн мөнгө угаах хэрэгсэл болж хувирсан. Тэгэхээр энэ мэт асуудлууд дээр төрийн эрхийн хариуцлагагүй байдал, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын хараа хяналт маш сул байна.
– Танд орон нутгийг хөгжлийн талаарх асуудал, шийдэл, гарц бүгд байгаа юм байна. Танд амжилт хүсье. Энэ бүхнийг хамгийн энгийнээр товчхон хэлж өгөөч гэвэл?
– Орон нутгийн хөгжлийн суурь гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд л төрийн зөв оновчтой бодлого шийдвэрүүд хэрэгтэй. Нэгдүгээрт, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбарууд зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, нутгийн удирдлагын зөв менежмент, эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж орон нутгийн бие даасан байдлыг хангах. Гуравдугаарт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, иргэдийн орлогын өөр эх үүсвэр өрх бүр үйлдвэрлэгч болгох хэрэгтэй. Эдгээр гурван асуудлыг төр зөв оновчтой чиглүүлэж хэрэгжүүлэх. Мөн дээр нь хүний хөгжлийн цогц бодлого боловруулах, хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн цалинг арай илүү олгох ч юмуу. Говийн бүсийн нэмэгдэл гэж ерээд оноос хойш яриад огт шийддэггүй яваад байдаг асуудлыг одоо шийдвэрлэх хэрэгтэй. Уг асуудлыг бүсчилсэн хөгжлийн цогц бодлогодоо тусгаад шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Бүсүүдэд том том үйлдвэрүүдийг зоригтой байгуулах хэрэгтэй. Манай эрх баригчид гадаадаас их хэмжээний зээл тусламж аваад иргэдийн өнөө маргаашийн хэрэгцээг хангах халамжийн бодлого явуулж байгаа нь учир дутагдалтай байна. Орон нутагт үйлдвэржилт нэмэгдсэнээр эдийн засаг сайжирч иргэн бүр ажилтай орлоготой болж УБ хот маань түгжирэлгүй хөдөө, хотын ялгаа арилж Монгол улс 21 хоттой болох нөхцөл бүрдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.