Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг “өр, зээл хүчингүйд тооцох” АМЛАЛТ өгөхийг хоригложээ
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ард түмэндээ хандаж “мэндчилгээ” дэвшүүлэх үеэрээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.
Түүнийг энэхүү мэдэгдэлд иргэд олон талын байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв гэж байгаа бол, нөгөө хэсэг нь “бонд” гаргах замаар 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэвэл 2021-2024 оны татварын орлогоос буцааж төлөгдөнө гэж шүүмжилж буй юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-
Ямартай ч ҮАБЗ-өөс гаргасан дээрх шийдвэрт иргэд олон талын байр суурь илэрхийлж байх энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахаар “хуулийн төсөл”-ийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид “уул уурхай, эрдэс баялгийн орлогоос иргэдэд хувь хишиг хүртээнэ” гэж амлах, мөн иргэдийн зээл, өр төлбөрийг хүчингүйд тооцно гэж мөрийн хөтөлбөртөө оруулахыг хориглосон байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 32.2-д Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг хориглоно гэж заажээ.
ҮҮНД:
- 32.2.1 Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох
- 32.2.2 Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх
- 32.2.3 Зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх
- 32.2.4 Иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх
- 32.2.5 Ажлын байранд зуучлах, ажилд оруулах
- 32.2.6 Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал
- 32.2.7 Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал
гэж тусгажээ.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан зардлын дүн нь Төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байх нь. Учир нь нэр дэвшигчид сонгогчдын саналыг авах зорилгоор Улсын төсөвт дарамт болохуйц амлалт өгөхийг хязгаарлаж буй бололтой.
Тодруулбал тус хуулийн төслийн 32.4-д Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар Төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэж тусгажээ.
-2021 ОНД СОНГОГДОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ 6 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛНЭ-
2019 оны арван нэгдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан билээ. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт 2020 оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөнө гэж буй. Харин тус өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай нэг удаа сонгодог” байхаар хуульчилсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2-г “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулсан билээ.
Эх сурвалж: isee.mn
|