Ч.Сайханбилэг хугацаандаа эх орондоо ирээгүй тул гадаадаас баривчлагдан ирж магадгүй гэв үү
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан билээ.
Гэвч Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, Солонгост эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан билээ.
Ийнхүү Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоо эрэн сурвалжилж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн юм.
Тэгвэл Авлигатай тэмцэх газар түүний байршлыг нь тогтоожээ. Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлэхэд Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж, "2019 оны 12-р сарын 21-ний өдөр гэхэд Монголд ирнэ" хэмээн амласан юм.
Гэвч тэрбээр амласан хугацаандаа эх орондоо ирсэнгүй. Иймд түүнийг гадаад улсаас дайчлан баривчилж магадгүй нөхцөл байдал үүслээ. Түүний бүгж байгаа улсыг АТГ одоогоор нууцалж байна.