Попорч болохгүй сэдэв буюу НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.  Тэр дундаа нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн асуудлыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.   Энэ нэмэгдлийг олон нийт, аж ахуй нэгж, компаниуд ч таатай хүлээж авахгүй байгаа нь нууц биш.  Мөн нийгмийн энэхүү сэтгэлзүй дээр зарим нам, улстөрчид тоглолт хийж,  даатгалын нэмэгдлийг эсэргүүцэх, янз бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.   Гэхдээ юманд учир суманд занги гэж бий. Улс төрд попорч болохгүй сэдэв гэж байдаг бол түүний нэг нь яг одоогийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал юм.

Нийгмийн даатгалын сан нь манай эдийн засгийн томоохон бүрэлдэхүүн болж, гол ачааг үүрч яваа.   Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал гэсэн таван сангаас бүрдэж байна.   Гэсэн ч сүүлийн жилүүдэд тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо нэмэгдсэн болон зарим хуулийн нөлөөллөөр Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллах болжээ.  Зарим хуулийн нөлөөлөл гэдгийг жаахан тодруулъя  л даа.   2012-2016 оны парламент Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийг баталсан байдаг. Хуулийн үйлчлэлийг 2012-2016 онд байхаар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө тухайн жилүүдийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлэхээр хуульчилсан байдаг.  Тэр үед одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байсан.  Тухайн хуулийг алх тогшиж баталсан гэсэн үг.  Харин эрх баригчдын бодлого, тооцоололгүйгээр баталсан тэр хуулийн нөлөөллөөр өнөөдөр тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллахад хүрэв. Энэ бол нэг шалтгаан нь юм.  Тэтгэврийн даатгалын сан дангаараа тэтгэвэр, тэтгэмжээ өгөх боломжгүй болж, Улсын төсвөөс татаас хэлбэрээр мөнгө авах болсон.   Энэ байдал цааш үргэлжилбэл сангийн алдагдал нэмэгдэж, олон мянган иргэд тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх эрсдэл үүснэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.   Аливаа эрсдэлээс хамгаалан, сангийн үйл ажиллагааг тогтвортой, алдагдалгүй үргэлжлүүлэх үүднээс иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хоёр хувиар нэмэх шийдвэр гаргасан байдаг.

Мөн үүний дараагаар өнөөдөр хүн амын 9.6 орчим хувийг ахмадууд эзэлж байна.  Энэ тоон харьцаа 2045 он гэхэд 16.3 хувьд хүрнэ.  Түүнчлэн өнөөдөр хүн амын 53.6 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг.  2045 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын тоо 47 хувь болж буурна гэж үзжээ.  Мөн Монгол хүний дундаж наслалт жилд гурван сараар нэмэгдэж байгаа.   Хүн амын цонх үе 2030 оноос хаагдана.  Одоогоор арван шимтгэл төлөгч, дөрвөн тэтгэвэр авагчийн тэтгэврийг дааж байгаа.  Энэ харьцаа 2030 он гэхэд 10 шимтгэл төлөгч, долоон тэтгэвэр авагчийн тэтгэврийн зардлыг даах болно.  Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд тэтгэврийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, алдагдалгүй байлгах, улсын төсвөөс өгөх татаасыг багасгах, насжилтад бэлтгэх гэх мэт бодлогуудыг хэрэгжүүлж эхэлжээ.   Ингэхгүй бол нэг л өдөр олон зуун мянган ахмадын тэтгэврийг тавьж чадахгүй нөхцөл байдал үүснэ хэмээн тооцоолсон байдаг.

Ер нь бол асуудал  ердөө л энэ.  Гэсэн ч нийгэмд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой буруу ташаа ,мэдээлэл давамгайлах болов. Даатгалаа төлөөд ашиггүй, хэрэггүй, иргэдээ шулж байна, банкинд хадгалуулбал ашигтай гэх маягийн хандлага үзэгдэх боллоо.  Үүнийг зарим кейсээс хүргэе.

Кейс-1

 -Насаараа нийгмийн даатгал төлчихөөд түүнийгээ авч чадахгүй байна?

-Монгол хүний дундаж наслалт 70.  Тэгэхээр эрэгтэй хүн 25.4 жил, эмэгтэй хүн 23.5 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэтгэвэрт гарснаас хойш дунджаар 18-25 жил амьдардаг.  Тэгээд шимтгэл төлсөн хугацааныхаа хирээр тэтгэвэр авч байна.   Харин шимтгэлээ авч чадахгүй байна гэх яриа маш цөөхөн хүн дээр яригддаг.  Тэдний төлсөн шимтгэл эв санааны нэгдлийн зарчмаар бусад иргэдийн тэтгэвэр болж, төлөгддөг.  Тухайлбал, нэг сая төгрөгийн цалинтай даатгуулагч тэтгэвэрт гарвал одоогийн жишгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээсээ хамаарч хамгийн багадаа 450 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байна. 20 жил ажиллаж шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувь, 20-иос дээш жил ажилласан жил тутамд 1.5 хувь өргөж тооцдог.  Өөр хэлбэл тэтгэврийн даатгалын сангаас иргэдийн төлсөн шимтгэлийг бууруулдаггүй, харин ч өсгөж, тэтгэвэр болгон өгдөг гэсэн үг.

Кейс-2

-Нийгмийн даатгал төлсний ач холбогдол байдаггүй, даатгал хэрэггүй?

-Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2019 оны эхний арван сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангийн 20 гаруй төрлийн үйлчилгээнд 620 мянга орчим иргэн хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл жилд 600 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас үйлчилгээ авдаг гэсэн үг.   Иргэдийн тэтгэвэр, тэтгэмжид жилд хоёр их наяд төгрөгийн зарцуулж байна.  Ийм байхад нийгмийн даатгал төлсний ач холбогдол гардаггүй гэж туйлширах нь зохимжгүй юм.

Кейс-3

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээр асар их ачаа болсон. Төр татвар, хураамжаар дарамталсаар байна?

-Тэтгэврийн даатгалын хувь хэмжээ 2016 онд даатгуулагч долоон хувь, ажил олгогч долоон хувь нийт 14 хувь байсан.  2018 онд тус бүр нэг хувь нэмэгдүүлэх болсон. 2019 онд тус бүр 0.5 хувь, 2020 онд тус бүр нэг хувь нэмэгдүүлэх болсон.  Тухайлбал 800 мянган төгрөгийн цалинтай даатгуулагч 2019 онд тэтгэврийн даатгалд 68 мянган төгрөг төлдөг байсан бол тэтгэврийн даатгалын шимтгэл нэг хувь нэмэгдсэнээр 76 мянган төгрөг төлөх буюу шимтгэл найман мянган төгрөгөөр нэмэгдэнэ.  Ажил олгогчийн хувьд ч найман мянган төгрөг нэмж төлнө гэсэн үг.  Гэтэл 2020 онд төрийн албан хаагчийн цалин тодорхой хувиар нэмэгдэнэ. Ажилласан жилийн нэмэгдэл олгох зэргээр дунджаар 18 хувь нэмэгдэх юм.  Энэ нь тэтгэврийн даатгалын нэг хувийн нэмэгдлээс 8-18 дахин их нэмэгдэж буй асуудал юм.  Түүнчлэн 2014 оноос хойш төрийн албан хаагчийн цалин 48.9 хувь, даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 2.5 дахин өссөн байна. Харин ажил олгогчийн тухайд Засгийн газраас аж ахуй нэгжүүдийг дэмжих олон бодлого явуулсны нэг нь татварын шинэчлэл юм.  Энэ хүрээнд 300 хүртэлх сая төгрөгийн орлоготой бол нэг хувийн татвар төлөхөөр болсон. 300 саяас 1.5 тэрбумын орлоготой бол 10 хувиар тооцож, төлсөн татварын хувийг буцааж олгохоор болов. 25 хувийн татвар төлөх босгыг гурван тэрбум төгрөг байсныг зургаан тэрбум төгрөг болгосон.  Түүнчлэн Улаанбаатар хотоос 500 км-ээс алслагдсан аймаг суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш бол 90 хувиар хөнгөлж байна.  Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн нэг хувь нь ажил олгогчдод ямар нэгэн дарамт болохгүй.  Харин ч нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх ёстой зүйл гэж харагдана.

Иймэрхүү хандлагатай кейсүүд нийгэмд байгаа.  Харин зохих хариултыг бид холбогдох байгууллагын мэдээлэлд анализ хийж, хүргэлээ.  Нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн ОУВС-гийн саналаар ч нэмэх гээд байгаа асуудал биш юм байна.  Тодорхой эрсдэл үүссэн,  шимтгэлийг нэмэгдүүлэх цаг үе нь ирсэн байна.  Манай эдийн засаг энэ хэмжээгээрээ өргөжсөн гэсэн үг.  Түүнчлэн бусад тэтгэврийн даатгалын сангаас бусад сангийн тухайд ашигтай ажиллаж байгаа учраас хувь хэмжээг нэмэх шаардлагагүй.  Энэ  оны эхний арван сарын байдлаар бусад сангийн банкин дахь хадгаламжийн үлдэгдэл 551.5 тэрбум, харилцахын үлдэгдэл  583.3 тэрбум буюу нийлээд 1.1 их наяд төгрөгтэй байна.   Тэгэхээр бидний нэмэгдэл зөвхөн тэтгэврийн даатгалын санг аврах, цаашид тогтвортой, алдагдалгүй үйл ажиллагаа явуулахад л чиглэнэ гэдгийг ойлгох нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.9  ДАВАА  №243  (6210)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611358
0 эможи

Зочин
2019-12-09 20:44
НД-санд 1 хувийн илүү шимтгэл төлөхөд болохгүй юм огт алга. Харин сургууль цэцэрлэгийн багш нарын татаасыг арай багасгах олон нийтийн давалгаа өрнүүлэхгүй бол болшгүй ээ. Ялангуяа Ирээдүй цогцолбор. 7-р ангийн охиныхоо 9 р сараас эхлээд сургууль багшийнх нэхэх тоолонд өгсөн мөнгийг тооцоход 250 мянга болчихож бн шүү дээ. Приүсээс авах 100 мянгын татвар ч яамай байгаа биз дээ.
Зочин
2019-12-09 13:20
ҮНЭН ХЭЛСЭН
2019-12-09 12:09
насаараа ажил хийгээгүй баяачуудын авгай нар мөнгө бэлэн төлөөд насаараа ажил хийсэн иргэдээс илүү тэтгэвэр аваад байна үүнийг яаж шударга ёс гэх вэ
Зочин
2019-12-09 08:19
ХУЛГАЙЧ НАРААРАА ГАРГУУЛ ТӨРД ХУЛГАЙЧИД ҮҮРЭЛСЭН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭ ЮУНД НЬ ӨМГӨӨЛДГИЙМ
keyboard_arrow_up