Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Энэ талаар албаны эх сурвалж “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн нь үнэн. АТГ-аас хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан” гэв. Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Сайханбилэг хүнд өвчин туссан. Түүнийгээ эмчлүүлэхийн тулд гадаад руу явсан. Биеийнх нь байдал тааруу байгаа. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн шалтгаанаас болж жин их хаяж, үс нь богино хугацаанд хурдацтай бууралтсан” гэх мэдээллийг бидэнд өгч байлаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин