Нийслэлд мандатыг цөөлж, том тойрогт 26 хүнийг сойно
Эрх баригч нам ирэх сонгуулийн тоглоомын дүрмийг 50:26 гэж томъёолов. Үүнийг нь АН-ынхан толгой дохиж хүлээн авчээ. Гэхдээ хоёр нам хар зурагаа хөшигний ард аль эрт гаргасан. Харин өчигдөр бүлэг, зөвлөлөөрөө хэлэлцэж шийдлээ хэмээн хэвлэлийнхнээр дамжуулж олон нийтэд зарлав. Үүний зэрэгцээ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр Сонгуулийн багц хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндсэн хууль болон бусад хуульд “Сонгууль болохоос зургаан сарын дотор хуульд гар хүрч болохгүй” гэсэн заалттай. Иймд УИХ хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ажлыг яаравчлах эсвэл бараг хэлэлцэхгүйгээр гар өргөөд явчих тохироо бүрэлджээ. Багц хуулийн төсөлд УИХ, Орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай гэсэн гурван хуулийн төсөл багтаж байгаа юм.
Манай улс гурван шатны сонгууль явуулдаг байсан ч 2015 онд өөрчлөн нэг хуультай болгохоор шийдвэрлэсэн. Энэ хуулийн төслийг 2016 онд батлан хэрэгжүүлж ирсэн. Гурван сонгууль тус тусын онцлогтой ч нэг хуулиар зохицуулснаар маргаан, будлиан гарч байв. Иймд УИХ, орон нутаг, Ерөнхийлөгч гэсэн гурван өөр тогтолцоог тус тусын хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзэж бие даасан гурван хуулийн төслийг боловсруулж бэлэн болгожээ. Ажлын хэсэг улс төрийн 26 нам, найман ТББ-ыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулж, 410 гаруй санал авч, түүнээс 320 гаруйг нь нэгтгэсэн. Үүнд тогтолцоог өөрчлөх, санал авах, тоолох зохион байгуулалт, “царцааны нүүдэл”-д хяналт тавьж зохицуулах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал, сонгуулийн маргаан шийдвэрлэх, сурталчилгааны хоногийг хуулиар тогтоох тухай асуудлууд багтсан. Гол зарчим нь мөнгөнөөс хамааралтай сонгуулийг зогсооход чиглэсэн гэж МАН-ын бүлгээс мэдэгдэв.
Тоглоомын дүрэм 50:26
Сонгуулийн тогтолцоог яагаад 50:26 гэж өөрчлөх болов. Сонгуулийн багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хуулийн төслийг тайлбарлахдаа ”Үндсэн хуулийн саяын нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн мажоритар тогтолцоотой байхаар тунхагласан. Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн оруулсан. Энэ нь мажоритар тогтолцоо юм. Мажоритар тогтолцоо дотроо таван янз байдаг.
1.Улс нэг тойрог
2.Бүс нэг тойрог
3.Аймаг нэг тойрог байна /2012, 2018 оны сонгууль энэ тогтолцоогоор явсан/.
4.Жижиг тойрог /одоогийн 76 тойрог/
5.Ажлын хэсгээс өргөн барьсан том, жижиг мажоритар тойрог / 50:26/
Өргөн барьсан хувилбараар 76 жижиг тойргийг 50 болгож, нэр дэвшигчид тойргийн иргэд, сонгогчдоос сонгогдоно. Мандатын тоонд хийх өөрчлөлтийг нийслэлийн тойргууд дээр хийнэ. 26 гэдэгт улс төрийн намууд нэр дэвшигчээ нэг тойрог болгож зарлана. Эдгээр 26 нэр дэвшигч улс даяар ард түмнээсээ санал авна. Сонгогч санал өгөхдөө хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт орж ирсэн нэр дэвшигчээс нэг хүний нэрийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийн тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүнд саналаа өгнө. Өмнө нь намууд хаалттай жагсаалт гаргаж, иргэд сонгогчид намын нэрийг дугуйлж, түүнийг нь хувь тэнцүүлсэн аргачлалаар тооцож байсан бол энэ удаа ард түмэн тухайн хүний нэрийг шууд дугуйлна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг ард түмэн эрэмбэлнэ. Жишээ нь, МАН 26, АН 26, бусад нам мөн 26 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Заавал 26 гэлгүй 10, зургаа гэхчлэн тодорхой тооны хүнийг нэр дэвшүүлэх нь нээлттэй. Нийлбэр дүнгээр тухайн намаас нэр дэвшсэн 26 хүний нийт авсан саналын нийлбэр дүн хэд байна вэ гэдгээр тооцно. Энэ нь авсан саналаар эрэмбэлэгдэж орох тогтолцоог бүрдүүлнэ. Намыг бус нэр дэвшигчийг чөлөөтэй сонгож байгаа хэлбэр юм. Дүгнээд хэлэхэд, ажлын хэсгийн боловсруулсан гурван хуулийн төсөл өмнө нь гарч байсан сонгуулийн хуулийн хийдэл, алдаа мадгийг арилгасан төсөл болсон” гэв.
Д.Эрдэнэбат: Энэ хувилбар жижиг намуудад харшилна
УИХ дахь АН-ын зөвлөл Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцээд холимог тогтолцоог дэмжсэн гэдгийг зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өчигдөр мэдэгдсэн. Ингэхдээ сонгуулийн тойргийг шинэчилж оруулсны дараа шилжилт хөдөлгөөнийг зогсоох зарчмын саналыг оруулна. Тооллогыг цахимаар явуулах саналаа илэрхийлнэ. Одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого явуулна гэсэн заалт хэрэгжиж байгааг хэвээр явуулна. Цахим сурталчилгааг бүрэн хаах нь зөв эсэхийг бодолцох ёстой. Ямартай ч сонгуулийг шударга явуулах талаас шаардлага тавьж ажиллана. МАН-ын дэвшүүлж буй 50:26 гэсэн хувилбарын тухайд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 26 дээр улс нэг тойрог болно гэвэл жижиг намуудад харш. Парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал оруулсан ч унасан. АН холимог тогтолцоог дэмжсэн байр суурьтаа хэвээр байгаа” гэв.
Цахим орчныг хянана, гэхдээ үзэл бодлоо илэрхийлэхийг хорихгүй
Сонгуулийн үеэр цахим орчныг хязгаарлана гэж улстөрчид мэдэгдэл хийх болсон. Тэгвэл бүрэн хаахгүй ч хяналт тавина гэж Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Мөн тэрээр “Манай улс facebook хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10-т жагсч байна. Хүн амын тоотой харьцуулбал 3.2 сая хүний 2.2 сая нь facebook хэрэглэгч юм. Иймд facebook компанийн зүгээс сонгуулийг шударга явуулах нь улс орнуудын тусгаар тогтнолын асуудал юм хэмээн үзэж санаачилга гаргаж байгаа. Тухайн сонгууль, улс орны дотоод асуудалд үл оролцох, улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчмын үүднээс бүтцийн өөрчлөлтүүд хийж байгаа юм байна лээ. Тиймээс манай улсад гурван удаа төлөөллөө ирүүлж СЕХ, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж, цаашид явуулах гурван шатны сонгуулийг аль болох цахим орчноос үл шалтгаалсан орчинд явуулах, нөлөөг багасгах, нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах үзэгдлийг хязгаарлах асуудлыг ярьсан. Энэ чиглэлээр бусад улс орны Засгийн газартай хамтран ажиллаж байгаа юм билээ. Тиймээс сонгуулийн шинэ хуульд нэргүй хаягнаас улс төрийн зорилгоор санаатайгаар зохион байгуулж байгаа зүйлүүдийг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Гэхдээ энэ нь facebook-ийг бүрэн хааж байгаа асуудал биш” хэмээн тайлбарлав. Тэгвэл сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хэмээн Я.Содбаатар гишүүн тодотгосон. Тэрээр “Сонгогч өөрийн сонголтыг хийхэд сошиал орчны нөлөө байх ёсгүй. Иймд хязгаарлалт хийж байгаа. хууль зөрчиж хүний нэр хүндэд халдсан, хуурамч хаягнаас сурталчилгаа явуулах асуудлыг хаана. Түүнээс биш иргэн өөрийн хаягнаас үзэл бодлоо илэрхийлэх, үнэн зөв, шударгаар байр сууриа гаргах үйл явцад нөлөөлөхгүйгээр хязгаарлалтыг хийж байгаа” гэсэн юм.
Сонгуулийн багц хуулиар сонгуулийг зардал багатай, нэр дэвшигчид гарааны ижил түвшнийг бүрдүүлэхэд анхаарч, сонгуулийн санхүүжилтийг ил тод болгохыг зорьсон. Мөн мөнгөөр зодож хязгааргүй сурталчилгаа явуулах гэх мэт гажуудлыг цэгцтэй болгосон гэж Сонгуулийн багц хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн хэлж байгаа юм. Тухайлбал, сурталчилгааны хоног 21 хоног байсныг өргөн барьсан хуулиар нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авсан өдрөөс сурталчилгааг эхлүүлж болохоор заажээ. Ингэснээр УИХ-ын сонгууль дээр сурталчилгааны 2-3 хоног нэмэгдэх, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авснаас хойш 21 хоног хүлээдэг байсныг болиулж үнэмлэх гардаж авснаар эрх нь нээгдэхээр зохицуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.3 МЯГМАР №239 (6206)