Сонгуулийн өнгө ба АМЛАЛТ ӨГӨХ ДОН
Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг МАН зарим асуудалд арай л хүнийрхүү хандаад байна уу даа.
Ялсан намд ял, ямба хоёул ногдох учиртай. Ямбаа эдэлсэн хэр нь ялаа эдлэх тун чиг дургүй юм. Ирэх сонгуулийн дараа эрх баригч болсон болоогүй өмнөх алдаа МАН-д хаяглагдана. Ийм байтал хуудуутай олон шийдвэр гаргаж, тэр хэрээр намынх нь рейтинг унаж байх. Угаас эдийн засаг бодитойгоор иргэдийн амьдралд очихгүй байх үед эрх баригч нам нэр хүнд муу байдаг жишиг ч бий.
Юу юугүй сонгууль хаяанд ирчихжээ. Улстөрчид элдэв янзын уулзалт хийж, тойргийнхоо сонгогчдыг Улаан-Үдэ, Байкал далай, Итгэлт хамбад мөргүүлж ойрын гурван жилд байгаагүйгээрээ гараа гаргаж, сэтгэлээ дэвсэж, санаагаа чилээх болж.
Сонгууль бүрийн өмнө ийм дүр зураг бий болдог ч энэ удаагийн компанит ажил эрчтэй байна. Ирэх оны төсөвт тойргуудад хуваарилсан төсвөөс ч энэ нь тодорхой харагдана. Одоо эрх баригчдад хүлээж буй ганц зүйл нь Сонгуулийн тухай хууль. Ирэх сардаа багтааж уг хуулийн төслийг өөрчлөх учир тойргуудаа яаж зурахаа өөр хоорондоо тохирч чадахгүй байдалтай буй.
Ямартай ч жижиг намуудад боломж олгохгүй, хоёр том нам өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллахаар зэхжээ. Иймд улс төрийн намууд сонгуулийн бэлтгэлээ сайн базаасан ч парламентад суудал авах магадлал тун бага байгааг судлаачид хэлж байна.
Сонгогчид ч яг тулсан мөчид “Мэддэг намдаа санал өгчихлөө, шинэ хүмүүсийг танихгүй болохоор дугуйлсангүй” гээд сонгуулийн хорооноос гарч ирдэг тохиолдол олон. Нэр дэвшигчид ч юу дуртайгаа амлана. тҮүнд нь хууртсан иргэд дараа нь амаа барьдаг ч сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөгүй цагт цагаан захтнуудын “луйвар" арилахгүй нь бололтой.
Энэ удаагийн сонгуулийг мөн л мажоритар системээр явуулна. Сонгогчдын санал гээгдэж, мөнгөтэй хүн сонгогддог энэ тогтолцоогоор манай улс дөрвөн удаа сонгуулиа хийжээ. Тойргоо тордсон, бэлэг сэлт тарааж, хурал хуй болгонд үзэгдэж байсан гишүүнд мажоритар тогтолцоо тун ашигтай.
Угаас МАН-ын рейтинг өмнөхөөс зургаан хувиар унасан учраас хүндээ найдахаас өөр аргагүй сонголттой иргэд нүүр тулаад байна.
МАН
Хүчээ нөөх тактик барьж, ирэх оноор сонгуулийн санхүүжилтээ ахиухан гаргахын тулд халаа сэлгээ хийх, Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит компани болгох ажлуудад “акцент" өгч ажиллаж байх.
Дээрээс нь ирэх оны төсөвт "царцсан” бүх барилгыг санхүүжүүлэхээр болсон нь сонгуулийн санхүүжилт босгох, оноо авах нэг арга хэлбэр гэхэд хилсдэхгүй.
Саяхан гаргасан судалгаагаар МАН-ын рейтинг 33 хувь гарчээ. Энэ бол өмнөх жилүүдийнхээс өндөр тоо ч бодит байдалтай зөрнө гэдгийг судлаачид хэлж байгаа юм. МАН 2016 оны сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө “Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралтын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” хэмээж байсан ч бодит байдалд тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Мөн баян, ядуугийн ялгааг арилгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэх мэт иргэд рүү чиглэсэн олон бодлогынх нь маш цөөхөн нь биелжээ. Хамгийн гол нь иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт ороогүй, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн нь МАН-д хасах оноо авчрахаар байна.
Гэхдээ МАН уруудсан эдийн засгийг сэргээж, валютын нөөцийг нэмэгдүүлсэн ч төрийн албан дахь авлигыг цэгцэлж чадсангүй. Ийм байдалтай ирэх оны сонгуультай нүүр тулсан ч жижиг тойрогт найдаж сууна. Сонгуулийг жижгирүүлсэн системээр явуулбал МАН дахиад олонх болох боломжтой гэж тооцжээ.
АН
АН-ын рейтинг 26 хувьтай гэх судалгааны дүн байна. Тэд өнгөрсөн парламентын үед эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн учраас парламентад арай гэж бүлэг байгуулах хэмжээний чадамжтай болсон. Гэсэн ч тэд сөрөг хүчний үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чадаагүй, зориг дутсан.
Ирэх сонгуулиар олонх босно хэмээн сэрүүн зүүдэлж, өнө холын мөрөөдөлтэй суугаа. Бодлогын нам болох шинэчлэлийг эхлүүлсэн хэмээн намын дарга нь сайрхдаг ч саяхан болж өнгөрсөн Үндэсний бодлогын хорооны хурлаараа сонгуульд нэр дэвших сонирхолтой хүн ирэх оны гуравдугаар cap гэхэд намдаа 100 сая төгрөг тушаахыг үүрэгдсэн.
Эндээс сонгуулийн санхүүжилтээ гаргаж, эрх баригч болохын төлөө ажиллана гэж буй ч АН өнгөрсөн 29 жилд хоёр удаа эрх баригч болохдоо эдийн засгийг туйлдуулсныг ард түмэн мартаагүй байна. Ямар боловч тэд сонгуульдаа бэлдэж, орон нутагт ажиллаад эхэлжээ. Намын үүрүүд нь ч идэвх санаачилгатай гишүүд рүүгээ утаж цохиж, ийм тийм уулзалт, энд тэндэх амралт руу амраадаг болсон байна билээ.
МАХН
Иргэдийг орон сууцжуулна хэмээн хоосон амлалт, худлаа хийрхэл хэлж, сонгогчдоос гарын үсэг цуглуулж буй. Эгээтэй л таны өмнөөс ажил хийж өгнө гэх нь холгүй амлалтууд хэлж, мэдээлэл муу байгаа ард түмнийг энд тэнд дугаарлуулж худал мэдээнд итгүүлж яваа. Үнэндээ иргэдийн амьдрал сайнгүй байгаа. Ядуурал нэмэгдсэн статистик мэдээлэл ч бий. Ийм үед иргэдийн хэтэвч рүү өнгийсөн тактик барьж, олон нийтийг хамруулна гэж тооцсон нь эсрэгээрээ МАХН-д өгөөш болж мэднэ.
Цаашлаад иргэдийг өр зээлгүй болгох талаар ч ярьж эхэллээ. Энэ бол жил ирэх тусам сонгууль улам бүр бохир болж буйн тод жишээ. MAH, АН 2008 онд иргэн бүрт нэг сая, 1.5 сая төгрөг өгнө хэмээн амласнаас үүдэж, намууд юуг ч хамаагүй мөрийн хөтөлбөртөө бичдэг буруу жишиг тогтоосон.
Үүний тод жишээ нь өнөөдрийн МАХН Хоёр том намынхан ч 2008 оны амлалтаасаа хойш горыг нь амсаж буй. Улсын эдийн засаг даахааргүй том амлалт, халамжид дулдуйдсан бодлогоо зогсоохгүй бол улс нийтээрээ эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах эрсдэл биднийг отож буй юм.
ИЗНН
Сонгуульд оролцох сонирхолтой эсэх нь тодорхойгүй, нэгэн хэвийн урсгалаараа явж байна. 2012 оны ч сонгуулийн пропорциональ тогтолцоогоор явуулахад ИЗНН нийт сонгогчдын 4.2 хувийн санал авсан учраас намын жагсаалтаар хоёр гишүүн нь төр түшсэн.
2016 оны сонгуульд дорвитой оролцож чадаагүй. Энэ удаа ч сонгуулийн компанит ажил төдийлөн өрнөхгүй, улс төрийн элдэв акц зохион байгуулахгүй нам гүм байна.
Тус намын даргаар ажиллаж байсан С.Оюун ажлаа өгч, улс төрөөс хөндийрсөн нь ИЗНН-ын идэвх сулрахад нөлөө үзүүлсэн. Тэд мөн л Сонгуулийн тухай хуулийг хүлээсэн байдалтай байна.
ШИНЭ HAM
Хэдхэн сарын- өмнө байгуулагдаж, парламентад хоёр гишүүнтэй болсон тус нам орон нутагт хороогоо байгуулаад эхэлжээ. УИХ дахь АН-ын зөвлөлийг бүлэггүй болгож, хоёр гишүүн нь гарч ийн шинэ нам байгуулснаар парламентад зөвлөлийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Тэд намдаа хүн элсүүлэх, парламентад өрсөлдөх саналыг хүмүүст тавьж буй гэсэн. Гэхдээ үйл ажиллагаа нь бэхэжсэн гэж хэлэхэд эртдэхээр байгаа.
ХҮН
2016 оны сонгуулийн өмнө нэлээд эрчтэй гарч ирсэн ч хоёр том намд “шахуулсан”. Энэ шарх нь өнөөг хүртэл бүрэн аньж амжаагүй байгаа. Гэхдээ тэд ирэх онд өргөн бүрэлдэхүүнтэйгээр сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж буй.
Гадаадад сургууль төгссөн өндөр боловсролтой залуус нэгдсэнээрээ бусад намаас ялгаатай ч улс төр хийх тал дээр учир дутагдалтай. Иймдээ ч замд тааралдсан чулуу бүртээ бүдэрч байсан бол энэ удаа бага зэрэг туршлага хуримтлуулаад буй. Гэхдээ дан ганц боловсролтой гэдгээр биш давхар пи-ар, олон нийтэд өөрсдийгөө хүргэх ажлаа орхигдуулахгүйгээр сонгуульд оролцох нь тэдний бас нэгэн сорилт болох юм.
Ирэх сонгуулийн үр дүнд эрээвэр хураавар парламент бий болно гэх прогнозыг судлаачид төдийгүй улстөрчид хэлж буй. Тийм ч биз. үгүй ч биз. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчилж, батлахаас бүх зүйл шалтгаалахаар байгаа юм.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин