Б.Батзоригийн хамсаатнууд хэргээ шуурхай шийдвэрлүүлэхийг хүссэн ч ШҮҮХ прокурорт буцаав
ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийж, улмаар прокурорт буцаах шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч шүүгдэгчийн ширээнд суусан Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаас үрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөг ЖДҮХС-гаас маш бага хувийн хүүтэй шилжүүлсэн хэмээн буруутгасан. Дээрх хүмүүст холбогдох эрүүгийн 1802004880258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, НПГ-ын хяналтын прокурор Р.Батнасан, Б.Долгион, шүүгдэгч дээрх долоон хүн, тэдний 10 өмгөөлөгчийг байлцуулан хурал хийсэн юм. Шүүх хурлын үеэр яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг болон тэдний өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байна.
Улмаар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлснээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-4, 17.5-4 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2, 33.3-2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг НПГ-т буцааж шийдвэрлэсэн” хэмээн мэдээлэв. Уг нь яллагдагч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрчихөөд байхад шүүгч Э.Чингис тэдний эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг буцаасан нь үндэслэлгүй гэдгийг хэлэх хуульч, өмгөөлөгч олон байна. Тиймээс прокурор хуулийн дагуу шүүгчийн захирамж гарснаас хойш тав хоногийн дотор эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах магадлал өндөр байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин