Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ
УИХ өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт ажлын дэд хэсэгт багтаж ажилласан гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсны эцэст 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш УИХ таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст амжилттай баталлаа. УИХ-ын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой уг хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хүрээнд иргэдээс 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэний эцэст хуулиа баталсан” гэв.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт онцолсон. Энэ үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт оруулсан байна.
Мөн улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулжээ. Тухайлбал, нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах аж. Улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан байна. Энэ заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээ мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасан байна. Үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлах шаардлага үүсжээ.
УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглосон аж. Мөн “эцэг” хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн зааж өгснөөр ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн бодлого тогтвортой байх бололцоо бий болсныг С.Бямбацогт дарга онцоллоо.
УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг Үндсэн хуульд суулгаж өгсөн нь нэг дэвшил гэдгийг ч тодотгов.
Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, УИХ-аар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсан байна.
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох тодорхой зохицуулалтуудыг бий болгосныг С.Бямбацогт дарга хэллээ. Мөн тэрбээр “Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болсон. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж зааж оруулсан. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болж байгаа” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх юм.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин