Дараагийн Үндсэн хуулийн Цэцийн дарга ХЭН болох уу?
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн даргад хэнийг томилох тухай яриа, тохироо аль хэдийн эхэлсэн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн даргаасан Ж.Амарсанаа, гишүүн асан Д.Сугар нарын хуучин цэцийн гишүүд “Хэрэв Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалдаа үлдэж чадахгүй бол түүний оронд Г.Баясгаланг томилуулъя” гэж МАН-ын удирдлагууд болоод нөлөө бүхий УИХ-ын гишүүдэд уламжилсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргаар цэцийн гишүүд аль нэг эмэгтэй гишүүнээ сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг сонгох зохицуулалттай.