Гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг хүчингийн гэх хоёр хэрэгт холбогдуулан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Д.Гантулгад холбогдох шүүх хурал нийтдээ таван удаа хойшлогсоноор ийнхүү өнөөдөр гэм бурууг хэлэлцэх хурал болж буй юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.12/ 14.30 цагт болно.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн билээ.
Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.









