Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор есөн байгууллагын 1,120 хүнийг хамруулан санал, асуулга авч судалгаа хийсэн байна.
Онгоцны үйлчлэгч солонгос бүсгүйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх ичгэвтэр асуудалд орооцолдсон Үндсэн хуулийн цэцийн даргын хувь заяа хэрхэх нь бүрхэг байна. Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Инчеоны Бүсийн цагдаагийн газар хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авч, Д.Одбаяр болон А нарыг Индонезоос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдэж, энэ төрлийн хэрэгт өндөр хариуцлага хүлээлгэдгийг ч дурджээ.
Гэтэл гадны оронд биеэ цэгнэж чадаагүйгээсээ улсаа бүхэлд нь намагтай хутгаж буй дарга нарын өрөөсөн гуянууд Монголд ч олноороо үүрлэжээ. Төрийн албанд “Одбаяр”-ууд олон байгааг хүмүүс мэддэг хэр нь ойшоодоггүй. Харин ч ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бүсгүйчүүдийг ад үздэгээс ам нээдэггүй хэвшмэл ойлголт бий болсон. Ам дамжин ярьдгаас албан ёсоор гомдол гаргах нь тун ховор.
Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас ёстой л зориг зүрхтэй, хат суусан нэг нь л эрхээ хамгаалуулахаар ханддаг гэсэн.Тиймээс төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн дарга нарын “цуваа” тасрахгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Төрийн албан дахь “Одбаяр”-уудын талаарх ганц нэгхэн жишээ хэлэхэд саяхан ажлаа өгсөн сургуулийн захирал ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэгт орооцолдож ХЭҮК-оос дээд байгууллагад нь бичиг хүргүүлсэн байна. Харин тэр дарга дараахан нь ажлаа өгснийг харахад хариуцлагаа хүлээсэн бололтой.
Мөн иймэрхүү ёс зүйн зөрчил гаргасан ч агентлаг удирдаад явж буй нэгэн ч байгаа гэх. Бүр ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогдчихоод байхад л “үгүй” гэж гүрийгээд цүнхээ савчиж зарга хийж явдаг нөхдүүд мэр сэр байдаг гэнэ.
Эндээс харвал Монголд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нөхдөд хариуцлага тооцох биш харин толгойг нь илээд өнгөрдгийг харуулж байна.
Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой судалгаа мэдээлэл хэд хэд бий. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан.
Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байна.
Дээрх судалгаануудаас гадна ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг есөн байгууллагын 1,120 хүнийг хамруулан санал, асуулга авч судалгаа хийсэн байна.
Ингэхэд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан гэж 176 хүн буюу 17.9 хувь, үгүй гэж 805 хүн буюу 82.1 хувь нь хариулснаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамт байгаа төдийгүй боловсролын байгууллагад хамгийн олон 113 хүн ажлын байран дахь бэлгийн дарамт гарсан гэж хариулсныг дүгнэлтдээ дурджээ.
Тухайлбал, батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний хоёр ангиас 28 хүн буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн 14.3 хувь, хууль сахиулах салбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ангиас 15 хүн буюу 14.2 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулжээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас 20 хүн буюу 23.3 хувь, боловсролын байгууллага АШУҮИС, ҮБХИС,ХААИС, МУБИС 113 буюу 19.1 хувь нь “Тийм” гэж хариулсан байна.
Энэ нь боловсролын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг судлаачид онцолжээ. Мөн 246 байгууллагын 179 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байсан зэрэг багагүй зөрчил дутагдалтай байна.
Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлдэж буй нь тодорхой байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгдэж байгаа газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.
“Театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас чадвараа олон нийтэд хүргэж чадахгүй орхиход хүрч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнээс улбаалан хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог.
Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамт учруулах, хөдөлмөрийн бүтээмж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүргэх, хохирогчийн нэр төрийг сэвтээх, улмаар амь нас нь хохироход хүргэх хор уршигтай.
Судалгаанд оролцогчийн 67.8 хувь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулах гэсэн хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна . Ярилцлага, санал асуулгаас харахад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар төсөөлөлтэй байгаа боловч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар мэдэхгүй байна. Өөр хоорондоо хийсэн тоглоом, наадам, наргиа болон хүний эрхийг зөрчсөн үйлдлийг ялгаж, салгаж ойлгохгүй байх нь түгээмэл байна. Ихэнх нь “хаана хандахаа мэдэхгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй эрх зүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгдөг гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байгаа юм.
Хамгийн ноцтой нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүст хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин дутмаг байгааг дээрх кейсээс харж болно. Хуулийн хариуцлагын талаар бид үргэлжлүүлэн хөндөх болно.
Газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.5 МЯГМАР №219 (6186 )