Д.Бумдарь: Манайд сонгуулийн соёл, сонгогчдын боловсрол нутагшихгүй байна

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Улс төр судлаач хүнийхээ хувьд одоогийн эрх баригчдыг өнгөрсөн хугацаанд ямархуу ажилласан гэж харж байна вэ?

-Би бодлогын хэрэгжилтэд анализ хийдэггүй. Гэхдээ тухайн Засгийн газар үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан эсэхийг шүүх хамгийн эхний хэмжүүр нь дараагийн сонгууль байдаг. Тэгэхээр энэ асуултын хариуг бид ирэх жилийн сонгуулийн дараа харж болно.

Энэ удаагийн Засгийн газар сайн ажиллаж чадсан бол мажоритар системтэй, хоёр намын тогтолцоо давамгайлдаг манайх шиг улсад дараагийн сонгуульд эрх баригчид ялалт байгуулах магадлал өндөр байх юм. Засгийн газар муу ажилласан бол сөрөг хүчин ялна гэсэн зүй тогтолтой. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед сонгогдсон намын мөрийн хөтөлбөрийг харах нь зүйтэй.

Тухайлбал, утаагүй болгох, цалин хөлсний нэмэгдэл, хариуцлагатай уул уурхайг түгээн дэлгэрүүлэх, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон амлалт бий. Судлаачдын хувьд харахад бодит амьдрал дээр эдгээр асуудал шийдэгдээгүй. Мөн өрийн өсөлт, төсвийн зарцуулалт хэр оновчтой байсныг харах ёстой. Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд, одоогийн Засгийн газар сайн ажилласан гэж хэлэх боломжгүй ч суурь шинжтэй эрх зүйн сайн өөрчлөлтүүдийг хийж чадсан.

-2016 онд МАН сонгуульд ялалт байгуулахад ямар хүлээлттэй байсан бэ?

-2016 оны сонгуульд МАН төлөвлөсөн тооноос давсан ялалт байгуулсан. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Г эхдээ одоогийн 65 суудал бол нийт иргэдийн 50 гаруй хувийн санал. Тэгэхээр өнгөрсөн сонгууль тийм ч сайн сонгууль болж чадаагүй.

Уг нь сонгогчид МАН-д саналаа өгчихөөд, олуулаа гарчихсан юм чинь түргэн шуурхай шийдвэрүүд гарах байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь, эрх баригчид мэргэжлийн Засгийн газар байгуулж чадаагүй. Тэр бүү хэл, нам дотроо хоёр хуваагдсан. Энэ гэхдээ зөвхөн эрх баригч МАН дунд байгаа асуудал биш. Манайд байгаа томоохон намуудын аль алинд нь байдаг асуудал.

Намууд дотроо дахиад жижиг намтай мэт хуваагддаг жишиг тогтчихлоо. Тэд өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, нэгдсэн шийдвэр гаргах зэрэг гол асуудлаа хойш нь тавьчихаад байна. Ингэж шүүмжлэх юм бол олон ургалч үзэл, намын дотоод ардчилал гэх мэт зүйл ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт улс төрийн намын гол зорилго төрийн эрхийг барьж, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх. Төрийн эрх барихаар сонгогдсон бол үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогийн эрх баригчдын намын бодлого сул байна.

-Парламент эрх ашиг албан тушаалын хэрүүлээс болж дуртай үедээ төрийн ажлыг гацааж байсан.Энэ хэт олонхын зовлон уу?

-Олон хүн гэдэг тоондоо бус, эцсийн зорилго нь нэг байж чадаагүйгээс хагарал үүссэн. Энэ нь намын дотоод ардчилал, түүнийг удирдаж байгаа удирдагчдын арга барил, фракц хоорондын ойлголцол зэрэг олон зүйлсээс хамаарч байгаа юм. Намын мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ гэж орж ирсэн үү, эсвэл өөр зорилготой байсан уу гэдгийн л илрэл.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тодорхойгүй нөхцөл байдалтай болчихлоо. Цаашид үргэлжлүүлэх боломжтой юу?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь бол-сон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Засгийн газар бие даасан үйл ажиллагаа явуулж чаддаггүй, шүүх засаглал, улс төрийн намын асуудал, сонгуулийн систем зэрэг олон зүйлсийг одоогийн Үндсэн хууль хангаж чадахгүй байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригчид өргөн барьсан.

Гэтэл энэ оны дөрвөн сараас хойш хэлэлцүүлсэн асуудал нь өнөөдөр тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ нь анх өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гол зорилгоо алдагдуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилгод засаглалыг тогтвортой байлгах, гүйцэтгэх засаглал хүчтэй хэрэгжих зэрэг сайн талууд олон байсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас энэ бүхнийгээ замхруулчихсан.

Одоогийн эрх баригчид үнэмлэхүй олуулаа учраас чадна гэсэн итгэл үнэмшилтэй хуулийг өөрчлөх гэж оролдсон боловч нэгдсэн бодлого баримталж чадсангүй. Нөгөө талдаа Үндсэн хуулийг тойрсон улстөржилт төрийн үйл ажиллагааг зогсоож байна.

Учир нь, Үндсэн хуулийг хэлэлцэж дуустал дараагийн асуудлыг хэлэлцэхгүй байх журамтай. Энэ нь цаашдаа төрд гацаа үүсгэж байгаа. Одоо бид дараагийн тоглолтыг хүлээхээс өөр аргагүй болчихсон. Үүнээс гадна шүүх, хууль тогтоох зэрэг засаглалын салаа мөчрүүд. Иймд шүүх засаглал, хуулийн засаглал, гүйцэтгэх засаглал бие даасан байх ёстой.

Гэхдээ энэ гурван салаа мөчир харилцан уялдаатай, нэг нэгийгээ хянадаг байх нь чухал. Гэтэл манай улсад хууль тогтоох засаглал дотроо гүйцэтгэх засаглал нь орчихсон. Нэг ёсондоо шүүх засаглалд УИХ-ын гишүүд шахалт үзүүлдэг, гүйцэтгэх засаглалд Засгийн газраас шахалт үзүүлдэг тогтолцоо байгаад байна. Харин парламентын засаглалтай улсуудад энэ систем арай өөр байдаг.

Тухайлбал, Япон Улсад Засгийн газрыг парламентыг тараах санал оруулбал бүрэн дэмжигдэх шаардлагатай. Хэрвээ энэ санал бүрэн дэмжигдэхгүй, Засгийн газраа тарааж чадахгүй бол Засгийн газар нь буцаагаад парламентаа тараах бүрэн эрхтэй байдаг.

-Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийг энэ удаа баталж чадах болов уу?

-Сонгууль гэдэг хариуцлагыг тооцох механизм болдог. Улс төрийн соёлыг төлөвшүүлдэг, сайн бодлогыг авч ирэх боломжийг нээж өгдөг чухал хууль бол сонгуулийн тухай хууль. Ер нь манайд сонгуулийн бие даасан хууль гэж байх ёстой. Энэ хуулийг дөрвөн жил тутамд өөрчлөөд байна гэдэг сонгуулийн соёл, сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхгүй байгаа юм. Дээр нь өмнө гарсан нэр дэвшигчдэд хариуцлага тооцох механизмгүй болчихсон.

Дараагийн сонгууль болоход нэр дэвшигчид нь солигдоод сонгогч хэн нэгэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй болчихож байна. Гэхдээ энэ нь сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн агуулга биш. Тогтмол өөрчлөлт бидэнд сөрөг үр дагаврыг авчирч байна. Сонгуулийн хамгийн боломжит хувилбар аль нь вэ гэдгийг бид боловсруулах ёстой.

-Хэрэв энэ хуулийг батлахаар бол улс төрийн намуудын зүйл заалтыг яаж оновчтой тусгах вэ?

-Манай улс олон намын системийг хөгжүүлэх бодлоготой. Гэтэл одоогийн мажоритар систем хоёр том намыг л сонгуульд өрсөлдүүлдэг нь нууц биш. Жижиг намуудыг оруулж ирэх зорилготой байгаа бол холимог систем оруулж ирэх ёстой. Ер нь тоглоомын дүрмийг тодорхой болгож байж жижиг намуудыг гаргаж ирнэ. Мажоритар систем гэдэг бол аль танигдсан хүмүүст боломж олгодог тогтолцоо.

-Намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулбал зохих вэ?

-Улс төрийн намын төлөвшилд санхүүжилт шууд нөлөөлдөг. Иймд мөнгө улс төр хоёрыг салгах нь зүйтэй. Улс төрийн намын санхүүжилтийг бие даасан хуулиар зохицуулбал зохистой. Тухайн улс төрийн нам доторх гишүүнчлэлийн мэргэжлийн улстөрчийг мөнгө байхгүй ч гэсэн гаргаж ирэх ёстой.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609224
0 эможи

Зочин
2019-10-14 13:03
keyboard_arrow_up