Монгол Улс ДӨРВӨН үзүүлэлтээр “СААРАЛ ЖАГСААЛТ“-д орох эрсдэл үүсчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна.
Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг.
Монгол Улс доорх дөрвөн үзүүлэлтээр хангалтгүй гэсэн үнэлгээ аваад байна.
1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.