Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг эхлүүлжээ

2019 оны 9 сарын 30

Arslan.mn

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой “Discover Mongolia-2019”олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 27-нд эхэлсэн юм. Өдгөө   17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг хүргэдэг, төр-хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлдэг томоохон чуулган болж өргөжжээ.

Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрс нийлүүлэхийг зорьж байна

Чуулганыг нээж УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна. Манай улсад 1990-2018 оны хооронд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73.0 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр, суурийг тод харуулж буй юм.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж, уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэллээ. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн. Цаашид энэ үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд  давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байна. УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Тавантолгой Майнинг”компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар нэгдүгээрт, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна” гэв.

“Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйлдвэр нийлээд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргаж байна

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү үг хэлэхдээ төрийн өмчит тус компани хүрэн нүүрсний салбарт хамтарч ажиллах саналыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт тавьж байгаагаа илэрхийлж байсан юм.  Тэрээр“Манай улсын эрдэс баялгийн салбарт алт олборлолт бодитой хөгжиж байгаа. Монгол Улс жилд 22 тонн орчим алт борлуулаад гадагш гаргаж цэвэршүүлдэг. Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг манай охин компани “Эрдэнэс алт ресурс” дээр хэрэгжүүлж байна. ТЭЗҮ-гээ боловсруулаад, одоо бодитойгоор хөрөнгө оруулагч нартайгаа хамтраад үйлдвэрээ барих төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв. Мөн тэрээр  зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буйг дуулгаад, “Бид энэ талын ТЭЗҮ-ийг хийгээд байгаа. Манай улсын хэмжээнд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйлдвэр нийлээд 1.5 сая тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Бусад ордын зэсийн төсөл тодорхой хэмжээнд хэрэгжээд ирвэл манай улс жилийн 3-4 сая тонны нөөцтэй болно. Энэ үед хайлуулах үйлдвэр хэрэгтэй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд өнгөрсөн “Дисковер Монголиа-2018”-аас хойш маш олон бодитой хэрэгжих лицензүүдийг өөр дээрээ авсан. Одоо гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна” гэв. Чуулганд оролцож буй “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Өнөөдөр Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байна. Бид гүнийн уурхайн төслөө урагшлуулахад хувьцаа эзэмшигчдээс аваад бүх хүн санаа тавьж байна. Оюутолгой дэлхийн хэмжээний үлгэр жишээ уурхай бүхий төсөл болж байна.  Жишээ нь, “Рио Тинто” групп дотроо Оюутолгой нь өртөг бага, хамгийн аюулгүй уурхай болж байна. Энэ том төсөл нь техник технологийн шинэчлэл, эрчим хүч, хүний нөөц, аюулгүй ажиллагаа, нийгэм олон нийтэд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны олон асуудлыг шийдэх, шалтгаалах зүйл их учир бид бүхний хүчин чармайлтаас их зүйл хамаарна” гэв. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр “Засгийн газраас эхлүүлж буй хоёр том бүтээн байгуулалтын ажил болоод хөрөнгө оруулалтын асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр “Зүүнбаянгийн төмөр замын гарааны хөрөнгө болох 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, энэ ажлыг эхлүүлээд байна. Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажлыг энэ сард эхлүүлэхээр болоод байна. Энд эхний гарааны санхүүжилт 110 сая ам.долларыг шийдсэн. Дээрх хоёр бүтээн байгуулалтын ажлыг нийт 24 сарын дотор хийж гүйцэтгэнэ” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608644
0 эможи

Зочин
2019-10-01 01:32
Зочин
2019-09-30 11:57
keyboard_arrow_up