БАРИМТ: Дампуурлын ирмэгт байсан Капитал банканд ЭМД, НД-ийн мөнгийг Н.Номтойбаярын зөвшөөрлөөр хадгалуулж байжээ
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол банкнаас Капитал банкны дампуурлыг зарлаж, татан буулгасан билээ. Улмаар төв болон орон нутгийн салбаруудын эд хогшлыг долдугаар сараас худалдаж эхэлсэн. Тус арилжааны банкны 99,7 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг байсан юм.
Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тус банканд Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг, АШУҮИС-ын дөрвөн тэрбум төгрөг, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байршиж байсан. Нийтдээ 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм” хэмээн мэдэгдсэн.
Төрийн энэ олон тэрбумыг давуу эрх эдлэн өөртөө байршуулсан тус банк 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон байсныг Сангийн сайд хэлсэн. Банк дампуурснаар бидний ирээдүйдээ хадгалсан тэтгэвэр, даатгал алга болсон. Аль гурав дөрвөн жилийн өмнөөс дампуурлын ирмэгт ирээд байсан банканд төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь байршуулж байсан нь хамгийн хачирхалтай. Тэгвэл “Капитал” банкинд төрийн мөнгө хэзээ, хэний зөвшөөрлөөр, хэрхэн хадгалагдаж байсан тухай мэдээллийг баримтаар хүргэж байна.
-2017 оны 09 сарын 01-нд“Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 45 тэрбум төгрөгийг 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэлКапитал банкинд хадгалуулахаар гэрээ байгуулжээ. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 2017 оны 08 сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөгийг Капитал банкинд хадгалах гэрээ байгуулах зөвшөөрлийг Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа өгчээ.
-2017 оны 09 сарын 10-нд “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 10 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 10 тэрбум буюу нийт 20 тэрбум төгрөгийг 107 хоногийн хугацаатайгаар 2017 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл хадгалуулахаар гэрээ байгуулжээ.
-2019 оны 09 сарын 07-нд Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн 34 тэрбум төгрөгийг хадгалах гэрээ байгуулжээ. Энэ хэмжээний мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулахыг 2017 оны 09 сарын 08-ны өдөрН.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод зөвшөөрөл олгож байжээ
-2017 оны 10 сарын 04-нд “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сан”-гийн 10 тэрбум төгрөгийг Капитал банкнд хадгалуулах гэрээ байгуулахыг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр зөвшөөрч байж.
Дээрх бүх мөнгөн хадгаламжийн гэрээ нь тухайн үеийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нөгөө талаас Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын хооронд хийгдсэн байдаг аж.
Эцэст нь нийгмийн даатгал буюу тэтгэвэр, эрүүл мэнддээ зарцуулна гэж хураасан иргэд даатгалын мөнгөө хаанаас хэрхэн олж авах вэ гэдэг өдгөө ч эргэлзээтэй байна.