Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихийн учир
Дарангуйлал ба түүний эсрэг
Би Ерөнхийлөгчийн засаглалыг бүрэн дүүрэн дэмждэг. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой ч гэж үздэг. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглал 1) хамгийн ардчилсан, 2) хамгийн хариуцлагатай, 3) хамгийн тогтвортой, 4) хамгийн чадварлаг, 5) хамгийн цэвэр тунгалаг засаглал. Учир нь аливаа төр улсад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн үндсэн гурван эрх мэдэл бий. Энэ гурван эрх мэдэл нэг этгээдийн гарт төвлөрвөл, уг этгээд нь угсаа залгамжилсан ч бай, томилогдсон ч бай, сонгогдсон ч бай, нэг хүн ч бай, цөөн хүн ч бай, олон хүн ч бай, уг дэглэм нь жинхэнэ утгаараа дарангуйлал. Үүнийг би сэтгэсэн ч, хэлсэн ч юм биш. Эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэгч үе үеийн сэтгэгчид ингэж номлосоор ирсэн, тэдний сэтгэлгээгээр хүмүүжиж, өнөөгийн ертөнцийн хамгийн анхны, хамгийн гайхамшигтай үндсэн хуулийг бүтээж хуулийн засаглалыг тогтоосон Жеймс Мэдисон хэлсэн юм.
Чухам сонгогдсон олны ч бай дарангуйлал тогтоохгүйн тулд, цаашид дарангуйлал үүсэх үүд хаалгыг эгнэгт хаахын тулд Мэдисон ба түүний хамтран зүтгэгчид АНУ-ын үндсэн хуулийг бүтээсэн юм. Тиймээс хуулийн, Үндсэн хуулийн засаглал тогтоох нь дарангуйллыг хаах эхний алхам. Гэвч энэ нь зөвхөн эхний алхам. Харин дарангуйллыг аль ч хэлбэрээр нь тогтоохгүйн тулд түүний үүсэх үүд хаалгыг эгнэгт хаахын тулд эрх чөлөөт нийгмийг эрхэмлэгч сэтгэгчдийн ч номлосон, Мэдисон ба түүний хамтран зүтгэгчдийн ч сонгож авсан үндсэн зам, зарчим нь эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж гурав хуваагаад (division of powers), парламент, Засгийн газар, шүүх гэсэн гурван өөр байгууллагад хуваарилах (distribution of powers) төдийгүй, тэдгээрийг салгаж (separation), харилцан хазаарлаж (checks), тэнцвэржүүлэх (balances) явдал байсан юм. Бидний ерөнхийлөгчийн гэж нэрлэж заншсан нь чухам энэ засаглал. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалыг манай зарим “мэргэдийн” номлож байгаа шиг дарангуйлал тогтоохын тулд биш, харин дарангуйллыг халах, түүнийг ямар ч хэлбэрээр үл тогтоох, улмаар үүсэх боломжийг нь эгнэгт хаахын тулд урласан юм.
Эрх мэдлийн салгалт ба Ардчилал
Эрх мэдлүүдийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ. Мэдисон болон түүний хамтран зүтгэгчид уг зарчмуудыг хэрхэн хэрэглэсэн бэ. Тэр нь ямар засаглалыг бүтээсэн бэ гэдгийг энд товчхон авч үзэв. Сүүлийн асуултад өнөөгийн өндөрлөгөөс шууд хариулбал Мэдисон нарын үндсэн зорилго нь дарангуйллын аль ч хэлбэрийг хаах явдал байсан тул тэд 1) хамгийн ардчилсан, 2) гэхдээ хамгийн хариуцлагатай, 3) мөн хамгийн тогтвортой, 4) хамгийн чадварлаг засаглалыг бүтээсэн юм. Юуны түрүүнд эрх мэдлүүдийг салгах (separation of powers) гэдэг зарчим нь юу гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг өөр хоорондоос нь харилцан хамааралгүйгээр байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, парламент, Засгийн газар, шүүхийн нэг нь нөгөөгөө байгуулах ёсгүй гэсэн үг. Нэг нь нөгөөгөө байгуулбал тэдний хооронд эрх мэдлийн харилцан хамаарал үүсэх бөгөөд байгуулагч нь байгуулсныгаа захирах төдийгүй, мөн нэгэнт өөрөө байгуулсан учир мөн өмгөөлөн, хамгаалах хэрэгтэй ч болдог. Байгуулагдсан нь байгуулагчдаа захирагдах учир түүндээ үйлчлэх ч болдог. Тиймээс эрх мэдлийг салгана гэдэг нь парламент, Засгийн газар, шүүх гурвыг тус тусад нь харилцан хамааралгүйгээр байгуулна гэсэн үг. Нөгөө талаар байгуулаад зогсохгүй буулгах нь ч нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй байх ёстой гэсэн үг. Буулгах, огцруулах эрх мэдэл нь байгуулах эрх мэдэлтэй адил эрх мэдэл, үндсэндээ эрх мэдлийн зоосны нөгөө тал гэсэн үг.
Энэ зарчмаас уламжлан энэ гурван байгууллага нэг нь нөгөөгөө байгуулж, буулгах ёсгүй бол тэднийг хэн байгуулж, буулгах вэ, хэрхэн хамааралгүйгээр байгуулах, буулгах вэ гэдэг асуудал босож ирнэ. Мөн уг байгууллагуудыг хэн хаших вэ, буюу хэн сонгогдох вэ гэдэг асуудал ч босож ирнэ. Энэ нь Мэдисон нарын эрх мэдлийг салгах зарчмыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуудал. Чухам энэ асуудлыг шийдэхдээ Мэдисон нар жинхэнэ ардчилсан хувьсгал хийж, ардчилсан дэглэмийн суурийг тавьсан юм. Тэд парламент, Засгийн газар, шүүхийг байгуулах, буулгах эрх мэдлийг зөвхөн АНУ-ын ард түмэнд өгч, ард түмнийг анх удаа төрийн эрх баригч эзэн (sovereign) болгосон юм. Мөн тэд анх удаа Америкийн ард түмэнд өөрсдөд нь ерөнхийлөгч ч, парламентын гишүүн ч болох эрхийг өгсөн юм. Тиймээс Мэдисон нар парламент, Засгийн газрыг байгуулах, буулгах эрхийг ард түмэнд өгөөд зогсохгүй, ард түмэнд өөрсдөд нь ерөнхийлөгч, парламентын гишүүн болох эрхийг өгсөн юм. Тиймээс ч АНУ-ын Үндсэн хууль “Бид Нэгдсэн Улсын ард түмэн” (We the people of the United States) гэж эхэлдэг юм. Ард түмнийг төрийн эрх баригч болгосон нь жинхэнэ ардчилсан хувьсгал байв. Мөн ард түмэнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудаа тус тусад нь өөрсдөө байгуулах, буулгах эрхийг өгсөн нь эрх мэдлийг салгах зарчмыг хэрэгжүүлсэн шийдэл, бас биелэл нь байсан төдийгүй нэг хүний ч, цөөн хүний, олон хүний дарангуйллыг халсан, хаасан хувьсгал байсан юм. Чухам эрх мэдлийг салгах зарчмын үр дүнд зөвхөн ард түмэн өөрсдөө хууль тогтоогчдоо нэг сонгуулиар тусад нь, мөн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгчөө өөр нэг сонгуулиар тусад нь өөрсдийн дундаас шууд сонгон байгуулдаг, буулгадаг болсон юм.
Давтан өгүүлэхэд, чухам ард түмэнд 1) парламентаа ч, ерөнхийлөгчөө ч тус тусад нь өөрсдөө шууд сонгон байгуулах, буулгах эрхийг өгсөн нь, 2) ард түмэнд өөрсдөө парламентад ч, ерөнхийлөгчид ч сонгогдох эрхийг өгсөн нь ард түмнийг төрийн эрхийг жинхэнэ баригч болгосон төдийгүй дарангуйллын аливаа хэлбэрийг халсан юм. Сонгох, сонгогдох эрхийн хооронд том ялгаа бий. Сонгосон нь төр барьдаг юм биш, сонгогдсон нь төр барьдаг юм. Монголчуудын дунд “харахын заяа байхаас, хазахын заяа байх биш” гэсэн хэллэг бий. Сонгох эрх бол “харахын заяа”, сонгогдох эрх бол “хазахын заяа”. Харин Мэдисон нар ард түмэнд “хазахын заяаг” өгч жинхэнэ ардчилсан хувьсгал хийж, жинхэнэ ардчилсан дэглэмийг бүтээсэн юм. Тиймээс эрх мэдлүүдийг салгах зарчим дарангуйллыг хаасан бол ард түмэнд парламент болон гүйцэтгэх засаг буюу Засгийн газрын тэргүүнээ ч тус тусад нь өөрсдөө, өөрсдөөсөө шууд сонгох, үл сонгох эрхийг өгсөн нь ардчилсан хувьсгал болж, ард түмний ардчилсан ёс буюу ардын эзэн эрхт ёсыг тогтоосон юм.
Энэ бол Монголд өнөөдөр тогтчихоод байгаа нам хэмээх хэсэг бүлэг зохион байгуулалтай хүмүүсийн “ардчилал” ч биш.Мөн Монголд өнөөдөр тогтчихоод байгаа парламент хэмээх хэсэг бүлэг зохион байгуулалттай хүмүүсийн “ардчилал” ч биш, харин жинхэнэ ардчилал, ард түмний ардчилсан ёс юм. Өнөөдөр зөвхөн эрх мэдлийг салгах зарчмын биелэл болсон Ерөнхийлөгчийн гэдэг тогтолцоонд л ард түмэн хууль тогтоогчид буюу парламентаа ч, гүйцэтгэх засаг буюу Засгийн газрын тэргүүнээ ч өөрсдөө, өөрсдийн дундаас шууд сонгодог, үл сонгодог юм. Тиймээс Монголын ард түмэн хэзээ ч, ямар ч нөхцөлд Ерөнхийлөгчөө сонгох эрхээ хэнд ч, түүний дотор өөрсдийн сонгосон парламент хэмээх зохион байгуулалттай хэсэг бүлэг хүнд ч өгөх ёсгүй. Хэрэв тэгвэл энэ нь ард түмний ардчилсан ёсыг халж, парламент хэмээх хэсэг бүлэг сонгогдсон хүмүүсийг л төрийн эрх барих эзэн болгож, зөвхөн тэдний “ардчиллыг”, мөн тэдний дарангуйллыг тогтооно.
Харин түүний оронд Монголын ард түмэн өнөөгийн Монгол Улсын Үндсэн хуульд байгаа “УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэсэн ардчилсан бус заалтыг халж, Монгол Улсын уугуул иргэн, улс орондоо тодорхой хугацаагаар оршин суусан, тодорхой насны болзол хангасан, эрүүл саруул хэн ч сонгогдох, мөн тийм хэнийг ч сонгох эрх мэдэлтэй болох ёстой. Мөн “Сонгуулийн тухай” хуульд байгаа бие даан нэр дэвшигчид тавьсан “801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг”, мөн “Улс төрийн намын тухай” хуульд буй нам байгуулахын тулд “801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэй” байх гэх мэт Үндсэн хуульд байхгүй бүх заалтуудыг халах ёстой. Монгол улсын иргэн ганцаараа ч нам байгуулах эрхтэй байх ёстой. Харин түүнийг сонгох эсэх нь Монголын ард түмний эрх мэдэл. Улсын үндэс иргэн, иргэний сонгогдох эрх ардчилсан ёсны үндэс. Иргэний сонгогдох эрхийг тухайн иргэн өөрөө л эвлэлдэн нэгдэж бусдад сайн дураараа өгөөгүй л бол өөр хөндлөнгийн хэн ч, юу ч хориглох, зуучлах, монопольчлох ёсгүй. Монголын асуудал олон намтайдаа бус, харин МАН, АН хоёр иргэдийн ч, бусад намын ч сонгогдох эрхийг Үндсэн хуулийн бус хууль, тогтоомж бусад улс төрийн элдэв аргаар хааж, сонгогдох эрхийг зөвхөн өөрсдөдөө монопольчилчихоод байгаа юм. Энэ нь зөвхөн МАН, АН-ын ардчилал болохоос Монголын ардчилал биш. Монголын ардчиллыг МАНАН хурааж аваад, өмчилчихөөд байгаа юм. МАНАН дотроо намын “төв байгууллага” хэмээх хэдэн олигарх мянга мянган гишүүнийхээ сонгогдох эрхийг өмчилчихөөд байгаа юм. Энэ Монголын ардчиллын ноцтой асуудал.
Эрх мэдлийн хязгаарлалт, харилцан хазаарлалт, тэнцвэржүүлэлт
Мэдисон нарын гол зорилго дарангуйллын аливаа хэлбэрийг хаах явдал байсан учир гүйцэтгэх эрх мэдлийг сонгогдсон нэг хүнд даатгах, мөн хууль тогтоох эрх мэдлийг сонгогдсон зохион байгуулалтай хэсэг бүлэг хүнд өгөх нь аюултай гэдгийг мэдэж байв. Тэдгээр нь эрх мэдлээ нэмэгдүүлэх, хэтрүүлэхээс гадна, ард түмний итгэж найдсан эрх мэдлийг урвуулан ашиглах, эсвэл итгэн даалгасан үүргийг ч орхигдуулах аюул байв. Мөн дөнгөж тусгаар тогтнолоо олсон нялх, сул дорой бүгд найрамдах улс өөрийгөө хамгаалахын тулд чадварлаг, тогтвортой, хүчирхэг төр засагтай байх хэрэгтэй байв. Тиймээс Мэдисон нар дарангуйлал үүсэх замыг хаахын тулд эрх мэдлүүдийг салгаад зогсохгүй, тэдний эрх мэдлийг хязгаарлах, мөн харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх хэрэгтэй байсны дээр, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж чадахуйц, тогтвортой, тасралтгүй ажиллах, чадварлаг, хүчирхэг төрийн тогтолцоог урлах хэрэгтэй байв. Энд Мэдисон нар төр байгуулах ухаанд мөн л хувьсгал хийсэн юм. Ингэхдээ Мэдисон нар эрх мэдлүүдийг хязгаарлахын дээр, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг, меритийн буюу мэдлэг, чадвар, туршлагын зарчимтай хослуулан, уг зарчмуудаа дээрх байгууллагуудын эрх мэдэл, үүргийн хуваарь, тэдгээрийн уялдаа холбоо, байгуулагдах арга зам, хугацаатай нь зохистой уялдуулан тохируулж нэвт шингээж чадсан юм. Эдгээр арга, зарчим, зохицуулалт, тохиргоо нь эрх мэдлүүдийг харилцан хазаарлан, тэнцвэржүүлж дарангуйлал үүсэх замыг хаасан төдийгүй Америкийн төрийн тогтолцоог бүхэлд нь ардчилсан, хариуцлагатай, тогтвортой, чадварлаг болгосон юм. Мэдисон нар меритийн зарчмыг Засгийн газар ба шүүхийг байгуулахад онцгойлон нэвтрүүлснээр чадварлаг гүйцэтгэх болон шударга шүүх засаглалыг төрүүлдэг тогтолцоог бүтээсэн юм.
Ардчилсан тогтвортой засаглалын тогтолцоо
Нэгдүгээрт, Мэдисон нар тус тусдаа сонгогддог, Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй, мөн зөвхөн Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимынхаа тус тусын олонхиор хэрэгжүүлдэг Сенат ба Төлөөлөгчийн танхим гэсэн хоёр танхимтай Конгресс хэмээх парламент байгуулав. Мэдисон нар төрийн үйл ажиллагаа тасралтгүй, бодлого тогтвортой байх ёстой. Тиймээс энэ бүхнийг тодорхойлдог, тогтоодог хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, залгамжтай байх ёстой гэдгийг гүн гүнзгий ухаарч байв. Тиймээс Мэдисон нар зургаан жилийн хугацаатай 30-аас дээш насны гишүүдээс бүрддэг. Гэхдээ гуравны нэг нь хоёр жил тутамд шинэчлэн сонгогддог Сенатыг байгуулсан юм.
Гэхдээ Мэдисон нар Сенатын нөгөө талд 25-аас дээш насны гишүүдээс бүрддэг, бүхэлдээ хоёрхон жилийн хугацаагаар сонгогдог Төлөөлөгчдийн танхимыг байгуулсан нь төрийн бодлого тогтвортой байх явдлыг ард түмний эрх ашиг, хүсэл зорилго, шаардлагатай уялдуулах, тэнцвэржүүлэх зорилготой байв. Мөн Мэдисон нар аливаа дарангуйллыг хаах үндсэн зам нь төрийн эрх мэдлийг ард түмний өмнө хариуцлага, тайлагналтай байлгах явдал гэдгийг нэвт ухаарч байв. Тиймээс тэд Төлөөлөгчдийн танхимыг зөвхөн хоёр жилийн хугацаагаар сонгогддог байхаар тогтоосон нь Төлөөлөгчдийн танхимыг ард түмний жинхэнэ төлөөллийн танхим болгох зорилгынх нь биелэл байв. Учир нь Мэдисон нар төлөөлөгчдийн сонгуульт хугацаа урт байвал сонгогдсон төлөөлөгчид нь ард түмний төлөөлөл байхаа больж төрийн түшмэдүүдээс ялгаагүй болж өөрсдөдөө үйлчилдэг болно гэдгийг гүн гүнзгий ухаарч байв. Тиймээс хоёрхон жилээр сонгогдсон нөхцөлд төлөөлөгчид хэрэг дээрээ ард түмний хэсэг хэвээр үлдэх төдийгүй мөн дахин сонгогдохын тулд сонгогчиддоо үнэнч байхаас өөр аргагүй гэдгийг мэдэж байв.
Мөн төрийн эрх мэдлүүдийг ард түмний төлөө үйлчлүүлэхийн тулд тэднээс ард түмний нэрийн өмнөөс хариуцлага, тайлагнал нэхэх хүчирхэг институц хэрэгтэй гэдгийг ч тэд мөн мэдэж байв. Чухам тиймээс тэд зөвхөн Төлөөлөгчдийн танхимд Ерөнхийлөгч, Засгийн газрын бүх гишүүд, шүүгч нарыг ердийн олонхиороо импийчмент (impeachment, огцруулах эрх мэдэл) хийх онцгой эрх мэдлийг олгосон юм. Буруутгагдагчдыг парламентын танхимд ард түмний нүдэн дээр ил тод нээлттэй асууж, хэлэлцэж, эцэст нь санал хурааж олонхийн саналаар шийддэг учир импийчмент нь ард түмний хараа, хяналт дор явагддаг үйл явц. Үүний үр дүнд Tөлөөлөгчдийн танхим нь гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд болон шүүгчдээс хариуцлага, тайлагнал нэхэх, тэднийг эрх мэдлээ зүй бусаар хэрэглэхээс сэргийлэх ард түмний хүчирхэг зэвсэг болж хувирсан юм. Тиймээс ч уг танхимыг “Төлөөлөгчдийн танхим” гэж нэрлэсэн юм. Гэхдээ Мэдисон нар улс орны улс төр, эдийн засгийн хүндрэлтэй үед ард түмний дургүйцэл, шаардлага туйлшрах аюултай гэдгийг ч мэдэж байв. Тиймээс түүнээс сэргийлэх зорилгоор аливаа импийчментийг хянан шүүж (trial) гуравны хоёроор шийдэх эрх мэдлийг Сенатад олгож Төлөөлөгчдийн танхимын эрх мэдлийг тэнцвэржүүлсэн юм. Ялангуяа, Ерөнхийлөгчийн импийчментийг хянан шүүх хурлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, эцэст нь Сенатын гуравны хоёрын саналаар шийдвэрлэдэг учир энэ нь алдаа мадаг гаргахаас сэргийлсэн хэрэг.
Хоёрдугаарт, Мэдисон нар зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчийн тэргүүлсэн Засгийн газрыг байгуулж, гэхдээ Засгийн газрын гишүүдийг зөвхөн Сенатын олонхийн дэмжлэгтэйгээр томилогдог байхаар тогтоосон юм. Мөн Ерөнхийлөгчид Конгрессын тогтоосон аливаа хуульд хориг тавьж, уг хоригийг Конгресс хоёр танхимынхаа тус тусын гуравны хоёроор няцаадаг байхаар хуульчилсан. Мэдисон нар гүйцэтгэх эрх мэдэл нэг эх сурвалжтай байж хариуцлагатай байх төдийгүй, бас тогтвортой байх чадвартай, мөн нэр хүндтэй байна гэдгийг ч мэдэж байв. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг нэг эх сурвалжтай байлгах зорилгоор Ерөнхийлөгчийг бүх гүйцэтгэх эрх мэдлийн эх сурвалж болгож, бүх гүйцэтгэх албадын удирдлагыг Ерөнхийлөгч томилж байхаар тогтоосон юм. Дараагийн асуудал нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой болгох явдал байв. Мэдээж Ерөнхийлөгч хугацаагүй эсвэл урт хугацаагаар сонгогдвол хааны буюу нэг хүний дарангуйлал болно гэдэг нь тодорхой байв. Мөн хэт богино хугацаагаар сонговол тогтвортой байдал устах төдийгүй, чадварлаг Засгийн газар бий болохгүй гэдгийг ч мэдэж байв. Тиймээс тэд Ерөнхийлөгчийг Сенатаас богино, гэхдээ Төлөөлөгчдийн танхимаас урт хугацаагаар сонгогддог байхаар тогтоосон нь дөрвөн жил байв. Дөрвөн жилээр тогтоох нь мөн сонгуулийн хэмнэлтэй уялдуулсан төдийгүй, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, засаглах арга барилд ч ард түмний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой ч уялдсан юм. Учир нь Ерөнхийлөгчийн хугацааны дунд Конгресс ялангуяа, Төлөөлөгчдийн танхим шинээр сонгогдож, ард түмэн Ерөнхийлөгчийн бодлогыг сайшааж байвал дэмжих, буруушааж байвал хазаарлах, зогсоох, тэр ч байтугай импийчмент хийх ч боломжтой юм. Ерөнхийлөгчөөр 35-аас дээш насны Америкийн унаган иргэн сонгогддог байхаар хуульчилсан нь түүний ажил үүргийн хариуцлага болон үндэсний эрх ашгийг хамгаалахад оршиж байв.
Ийнхүү зургаан жилээр сонгогддог гэхдээ хоёр жил тутамд гуравны нэг нь тасралтгүй шинэчлэгдэж байдаг сенат, дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог Ерөнхийлөгчтэй Засгийн газар, хоёр жил тутамд солигдож байдаг Төлөөлөгчдийн танхимтай болж, эдгээр нь тус тусдаа байгуулагдаж, нэг нь нөгөөгөө тараах, огцруулах эрхгүй учир, нэг нь нөгөөгөөсөө эрх мэдлийн хамааралгүй болж, тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төдийгүй харилцан биендээ хяналттай, хазаартай, тиймээс “дотооддоо” ардчилалтай, тайлагналтай, тун тогтвортой, хариуцлагатай тогтолцоо бий болсон. Улмаар Мэдисон нар бүх сонгуулийг нэг өдөр явагдахаар зохицуулсан. Энэ нь ардчилсан улс төрийн динамик, зүй тогтцыг төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, ард түмний тухайн цаг үеийн хүсэл зориг, шийдэл, шаардлагатай зохистой уялдуулсан зохицуулалт, тохиргоо юм. Үр дүнд нь эрх мэдлүүдийн тэнцвэрт харьцааг, улс төрийн болон бодлогын өөрчлөлт, хувьсалтай зохистой уялдуулж бодлогын уламжлал хадгалагдахын хамт шинэчлэлийг шингээж байх боломжийг бүрдүүлсэн. Тиймээс тогтолцоо нь бүхэлдээ тогтвортой байхын дээр нийгмийн шаардлага, хэрэгцээг байнга тусгаж байхуйц нээлттэй болсон байна.
Энэ бүхэн нь эрх мэдлийг салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг, меритийн зарчимтай, ардчилсан улс төрийн динамик, логиктой цогцоор нь зохистой уялдуулсан шийдэл байв. Үүний үр дүнд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүх эрх мэдлийн байгууллагуудыг ард түмэн өөрсдөө байгуулдаг. Тиймээс төрийн бүх эрх мэдэл жинхэнэ утгаар ард түмний гарт байдаг, гэхдээ тогтвортой, хариуцлагатай, тайлагналтай тогтолцоог бүтээсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал жинхэнэ ардын ардчилсан засаглал болсон юм.
Гуравдугаарт, Мэдисон нар шударга шүүх байгуулсан. Нэгэнт энэ асуудал өнөөдөр Монголд тун хурц яригдаж манай “мэргэд” хараат бус хэмээх шүүхийг байгуулахыг номлож, тэрхүү хараат бус шүүх байгуулах зам нь зөвхөн шүүгчид өөрсдийгөө захирч байх төдийгүй, зөвхөн шүүгчид өөрсдийгөө шилэн, бас сонгон, томилох явдал гэж сурталдаж, “чамлахаас чанга атга” гэгч амжилт олчихоод байгаа учир энэ асуудлыг тусад хойно авч үзье.
Парламентын дарангуйллыг сэргийлсэн нь
Юуны түрүүнд эрх мэдлийг хязгаарлах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмыг хууль тогтоох эрх мэдэлд хэрхэн хэрэглэснийг авч үзье. Мэдисон нар хууль тогтоох эрх мэдэл төрийн хамгийн хүчирхэг эрх мэдэл гэдгийг мэдэж байв. Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч сонгогдсон хэсэг бүлэг хүмүүс хууль тогтоох замаар бүх эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлэх нь битгий хэл ард иргэдийн эрх, эрх чөлөө, амь, амьдралд ч заналхийлэл учруулах аюултай гэдгийг мэдэж байв. Тэд мөн хууль тогтоох эрх мэдлээ урвуулан ашиглан өөрсдийн хувийн эрх ашгийн үүднээс авлига, хээл хахууль хийх өндөр магадлалтай. Энэ нь үндсэндээ сонгогдсон хэсэг бүлэг хүмүүсийн буюу парламентын дарангуйлал (Өнөөгийн Монголд бүрэн дүүрэн тогтсон дэглэм). Тиймээс хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлах, хазаарлах хэрэгтэй байв.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.17 МЯГМАР №184 (6151)