Ц.Буянцогтоо: Парламентыг тараах эрхийг Засгийн газарт өгөх ёстой
Судлаач Ц.Буянцогтоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Одоо яригдаж буй хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай одоогийн Үндсэн хууль төрийг аль болох сул дорой байлгах гэдэг үзэл санаанд суурилж батлагдсан. Тэр үүргээ өнөөг хүртэл онц сайн биелүүлж ирлээ гэж хэлж болно. Учир нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарснаар дэлхий дээр дан ганц глобализм хүчээ авсан. Бие даасан улсуудын төрийн хүчийг сулруулж, неолиберал эдийн засгийн бодлогыг хүчтэй дэлгэрүүлэх зорилго бүхий “цунами” дэлхий даяар явсан л даа. Тэр цунамид Монгол Улс хамгийн түрүүн өртөж, глобалистуудын зааврын дагуу Үндсэн хуулиа боловсруулахдаа Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг будлиантуулж, дэлхийд хаана ч байхгүй Үндсэн хуулийг баталсан. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засаглал тус тусдаа бие даасан, харилцан хүч тэнцүү байх ёстой атал Засгийн газар, парламент хоёрыг хольчихсон. Ийм хачирхалтай дүр төрхийг бий болгосон. Өнгөрсөн 27 жилд 14, 15 Засгийн газрын танхим бүрэлдэж огцорч байж. Нэг Засгийн газрын дундаж нас 1.5 жил ч хүрэхгүй байна. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн завхралыг засч залруулж байж төрөө бэхжүүлэх боломж бүрдэх ёстой. Тэр цаг ч ирсэн.
-Тэгвэл МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл цаг үеийн шаардлагыг хэр хангаж чадаж байгаа вэ?
-Одоогийн Үндсэн хуулийн гол дутагдлыг элдэв аргаар өнгөлөн далдалж, чанарын хувьд ямар ч өөрчлөлтгүйгээр, яг хэвээр нь цааш авч явахаар эрх баригчид улайран зүтгэж байна. Үүнийг би гайхаад барахгүй юм. 27 жилийн өмнөх монголчуудыг ойлгож байна. Тэр үед ардчилын талаар олигтой мэдэхгүй байсан нь үнэн. Хөдөлмөрийн баатар, Үндсэн хуулийн загалмайлсан эцэг Б.Чимид гуай маань ч сайн ойлголтгүй байсан хэрэг. Тэр үеийн хүмүүсийг ойлгож байна. Харин өнөөгийн эрх баригчид гадны ямар нэг хүчинтэй, магадгүй эдүгээ дэлхий даяар хүч нь суларч, амь тавих дөхөж байгаа глобалист хүчинтэй нийлж, тэдний дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийг дахин завхруулах гэж байна. Үүнийг би Монгол үндэстний эсрэг хийж буй том гэмт хэрэг гэж хэлмээр байна.
-1992 оны Үндсэн хуулийн алдаа нь яг юу байсан бэ?
-Өнөөдөр дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн улс төрийн ардчилсан дэглэмд төрийн эрх мэдлийг гурван үндсэн тулгуурт хувааж, тэдгээрийг харилцан бие даасан, эрх мэдлийн хувьд тэнцүү байдалтай байхаар хуульчилсан. Энэ бол ардчиллын хэдэн зуун жилийн түүхийн явцад хэдэн сая сая хүний цусаар бичигдсэн үнэн юм. Аль ч улсад ардчиллын суурь зарчим адилхан байдаг. Манай Үндсэн хуульд Засгийн газрыг УИХ-ын нэг бүрэлдэхүүн хэсэг мэт болгочихсон. Засгийн газрын эрх мэдлийг дутуу тодорхойлсон учраас амьдрал дээр тийм завхрал үүссэн. Манайхан Ерөнхий сайдын институцийг “3 номер” гээд хуульчилчихсан. Үнэн хэрэгтээ Засгийн газар нь парламентаасаа, УИХ-ын даргаас дээгүүр байх ёстой. Гүйцэтгэх засаг гэдэг бол төрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг хамгийн чухал институт. Бодит эрх мэдлээрээ хүссэн хүсээгүй бусдаасаа илүү байдаг. Дэлхийн хаана ч тийм шүү дээ.
-Үндсэн хуулийн төсөлд Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн гэж яриад байгаа. Тэгэхээр яг хэрэгжилтийг хувьд ялгаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Парламентын засаглал бүхий ардчилалд бүх ард түмнээс шууд сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх парламент нь Засгийн газраа томилж ажиллуулдаг. Үүнийг л парламентын засаглал гэж нэрлэдэг. Гэвч, тэрхүү парламентаас сонгогдон гарсан Засгийн газар нь эргээд парламентаасаа дутахааргүй эрх мэдэлтэй байх учиртай. Үүнийг олон улсад Монтеськегийн зарчим гэж нэрлэх нь бий. Парламент нь Засгийн газрыг огцруулах эрх мэдэлтэй, Засгийн газар нь парламентаа хугацаанаас нь өмнө тараах эрх мэдэлтэй байх ёстой. Энэ зарчмаар уул хоёр институцийн хүчийг тэнцвэржүүлж өгдөг. Манайд энэ зарчим алдагдсан. Бүх завхрал үүнээс эхтэй. Өнөөдөр ярьж байгаа нэмэлт засварууд энэ алдааг залруулж чадахгүй. Парламентыг тараах эрхийг Засгийн газарт Үндсэн хуулиар олгож байж энэ алдаа засагдана.
-Парламентыг тараах эрхийн талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Энэ эрх бусад ямар улсад байдаг вэ?
-Парламентыг тараах эрх буюу англиар Dissolution Power гэж нэрлэдэг. Засгийн газрын бүрэн эрхийг парламентын засаглалтай бүх улсын Үндсэн хуульд тусгаж өгсөн байдаг. Дэлхийн улсуудын улстөрийн амьдралд энэ эрхийг хэрэглэх тохиолдол байнга гарч байдаг. Японы ерөнхий сайд парламентын доод танхимыг хугацаанаас өмнө тараах хэн ч халдашгүй, абсолют эрхтэй. 1948 оноос хойш эдүгээ хүртэл Японд парламентыг хугацаанаас өмнө тараасан тохиолдол хэдэн арваар тоологдож байна. Англи Улсын жишээ байна. Ер нь Англи, Франц, Герман, АНУ-ын ардчиллын түүхээс энэ ардчиллын чухал зарчим урган гарч ирсэн байдаг. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засагт төрийн эрхийг эн тэнцүү, харилцан бие биенээ хянаж байх боломжтойгоор хуваарилалтыг хийх учиртай. Засгийн газар, парламент хоёрын хооронд харилцан бие биенээ “татан буулгах” эрх мэдэл байж гэмээнэ тэнцвэр үүснэ. Энэ бол ардчиллын түгээмэл зарчим. Засгийн газар нь парламентаа тарааж байгаа нь энэ хоёрын хооронд маргаантай асуудал үүссэн учраас түүнийгээ ард түмнээрээ шийдүүлье гэх хувилбарыг сонгож байгаа ардчиллын суурь зарчим юм. Тийм учраас ямар нэг хурцадмал асуудлаар парламентыг хугацаанаас өмнө тараах нь ардчилсан дэглэмд байдаг түгээмэл практик. Ингэснээрээ намууд төлөвшинө, сонгогч ард түмэн ч төлөвшиж, үр дүнд нь ардчилал хөгжинө. Манайд харин эсрэг дүр зураг бий болжээ. Хэрэв анхнаасаа энэ зарчим манай Үндсэн хуульд байсан сан бол өнөөгийн манай ардчиллын дүр төрх огт өөр байх байсан болов уу.
-Парламентыг тараах асуудал яригддаг ч ард түмнээс сонгогддог институци учраас эрх зүйн хувьд боломж хомс байна. Түүнээс биш Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ парламентыг тараах тухай хэд хэдэн шаардлага, санал хүргүүлж байсан?
-Өнөөдөр манай УИХ гэмт хэрэгтэн, луйварчдын орогнох газар болсон гэдэг нь ортой. Манай улсад маш аюултай дэглэм үүсч тогтжээ. Үүнийг бид яаралтай залруулах учиртай. Монголчууд бид чадна. Бид өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Харин Монголын төрийг завхруулаад байлгаад байх сонирхолтой улстөрчдөөс яаралтай салах шаардлагатай байна.
-Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн засаглалын тухай санал гарсан байна. Парламентын засаглалаас ялгаатай нь юу вэ?
-Ерөнхийлөгчийн засаглал бол төрийн классик онолын үүднээс аваад үзсэн ч, ардчиллын сүүлийн үеийн онолын үүднээс үзсэн ч хамгийн сайн засаглал. “Америк шиг Холбооны улсад л тохирдог эд, нэг хүнд маш их эрх мэдэл олгодог. Тийм учраас одоогийн улстөрчид шиг нөхөр ерөнхийлөгч болвол улсаа худалдчихна” гээд зарим нэг нь орилоод байдаг. Огт худлаа. Парламентын засаглалын учрыг нарийн сайн ойлгоод, ерөнхийлөгчийн засаглалтай харьцуулаад үзэхээр давуу тал нь маш тодорхой гарч ирдэг.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ерөнхийлөгчийн засаглалд маш сайн хийж өгсөн байдаг. Энэ засаглалаар төрийг маш тогтвортой байлгах боломжтой. Ийм суурь мэдлэгийг практиктай холбоод хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаад өгөх мэдлэгтэй сэхээтнүүд манайд үнэхээр үгүйлэгдэж байна. Д.Лүндээжанцан тэргүүтэй мэдлэггүй хуучин улстөрчид гадныхны гар хөл болчихоод Монголын төрийг улам бүр сулруулж, доройтуулах гээд улайрч зүтгээд байгаа юм биш үү. Засгийн газар нь парламент нэртэй “мафийн” хүчинд автчихсан өнөөгийн энэ байдлыг хурдан засах хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.9 ДАВАА №178 (6145)