Үндэсний мөнгөн тэмдэгтийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохирлоо
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчиллаа. Оросын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал Халх голын 80 жилийн ойд онцгой ач холбогдол өгч буйг илтгэж буй юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ирж буй В.Путин уржигдар үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирж, өчигдөр албан ёсны айлчлалаа эхэлсэн юм.
Түүнийг нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нар угтан авсан бол албан ёсны айлчлал эхлэхэд төв талбайд Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарын хамт хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татуулснаар хоёр улсын төрийн тэргүүн Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээг нээлттэй хийхээр товлосон ч ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж санал солилцсон учраас шууд баримт бичигт гарын үсэг зурлаа.
Манай улс ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд мөн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг 2009 онд байгуулсан. Ерөнхийлөгч Путины 2014 онд хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурж байв. Харин удаад Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг баталгаажуулж , холбогдох албаныхан 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах , Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протоколыг сунгах, Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах, Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын “Росгеологи” ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээр, “Монгол шуудан” хувьцаат компани “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын стратегийн хамтын ажиллагааны нэгдсэн хэлэлцээр, “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 1:45 цаг үргэлжилж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулах зэрэг томоохон асуудлаар нэгдсэн байр сууринд хүрсэн тухайгаа мэдэгдсэн юм.
Х.Баттулга: Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр сунгалаа
Айлчлалын талаар Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. Ялалтын баяр бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.
Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлийг бататгасан, ажлын ажиллагааг харилцааны шинэ үед хүргэснээрээ улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг “Улаанбаатар төмөр зам” хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад зарцуулах сонирхлоо илэрхийллээ. ОХУ-ын өөрийн алс Дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2008 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ. Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр орны эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналаа илэрхийллээ. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд Рубль-төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирлоо. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх түвшинд хүрснийг энэ үеэр мэдэгдлээ” гэсэн юм.
В.Путин: Тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад туслахад бэлэн
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн яриа хэлэлцээр ажил хэрэгч болсон. Бид асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх талаар ярилцсан. Яриа хэлэлцээрийн түвшинд хоёр орны эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулсан нь ойлгомжтой. Монгол Улс нь ОХУ-ын гадаад худалдааны чухал түнш юм. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 21 хувиар нэмэгдэж, мөн энэ оны долодугаар сарын байдлаар 12 хувь нэмэгдээд байна. Түүнчлэн цаашид өмнөх амжилтаа нэмэгдүүлж, хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү ажиллагааг Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцаж байна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан нь Монголын түншүүдтэй хамтарч гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт ихэвчлэн үндэсний валютаар хийгдэнэ гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш тусламж үзүүлж ирсэн. Орос улсын төмөр замын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат системийг энэ онд ашиглалтад оруулснаар Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ.
Оросын төмөр замчид нь Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна. Яриа хэлэлцээрийн явцад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны сэдвийг хөндлөө. Манай хоёр улсын хооронд шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Орос, Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа. Боловсролын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Орос улс зарим мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Аз тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрсөн гэдгийг энд дурдах нь зүйтэй. Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлнэ. Тухайлбал энэ хүрээнд дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургадугаар сард болсон. Евро Азийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Монгол Улсын эрмэлзлэлийг дэмжиж байна” гэв.
Айлчлалын үеэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан зарим төлөөллийн байр суурийг хүргэе.
Д.Болормаа: Төслүүдийг судалж ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын санд санал тавина
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компанийн гүйцэтгэх захирал Д.Болормаа “Хөгжлийн банкны тухай хууль болон Засгийн газрын шийдвэрээр эдийн засгийн өсөлтийг дэмжих төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компанийг 2017 онд байгуулсан. Манай компани хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлсэн. Бид олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалт аваад байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компани болон ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар боллоо. Хөрөнгө оруулалтаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг дэмжих чиглэлээр урт хугацааны санхүүжилт хийх зорилгоор сан үүсгэхээр ажиллаж байна. Монголын эдийн засагт үр нөлөөтэй томоохон төслүүдийг судалж ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын санд саналаа илэрхийлнэ. Мөн ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас манай улсад санал болгох байдлаар хамтарсан хөрөнгө оруулалтын сан ажиллана. Эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж ойлгож болно” гэлээ.
П.Ганхүү: Монгол Улсаас эрчим хүч экспортлох төсөл ойрын хугацаанд хэрэгжинэ
Айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” компани болон ОХУ-ын Россети компани хамтран ажиллах санамж бичигт зурлаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч судалгаа хийх санамж бичигт гарын үсэг зурсан. Манай улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Үүн дээрээ тулгуурлаад Шивээ-Овоо дээр 5300 мегаваттын станц барьж БНХАУ руу экспортлох төсөл Эрдэнэс-Монгол компанид харьяалагддаг. Эрчим хүчний яамнаас өгсөн чиглэлийн дагуу энэ ажил үргэлжилж байна. Цаашид нар, салхины арвин нөөцдөө тулгуурлаж БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг бүс нутгийн орнуудтай хамтарч төсөл хэрэгжүүлэхэд анхаарна. 2010 оноос яригдаж байгаа томоохон төсөлд Эрдэнэс-Монгол компани оролцохоор санамж бичиг байгууллаа. Азийн хөгжлийн банк судалгаа хийсэн. Цаашид нарийвчилсан судалгаа хийж төлөвлөгөө гаргана. Бүс нутгийн хувьд Монгол Улсаас эрчим хүч экспортлох төслүүд ойрын хугацаанд хэрэгжинэ гэж харж байна” гэсэн юм.
Хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл хийсний дараа В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үеэр тохиож буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлснээр албан ёсны айлчлал өндөрлөв.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин