ИНФОГРАФИК: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн танилцуулга

2019 оны 8 сарын 30

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн санаачилж 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Уг хууль нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно.

1.Хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгалаа.

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10 хүртэл ажилтантай, 300.0 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж;

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 10-50 хүртэл ажилтантай, 300.0 сая-1.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж;

Дунд 50-200 хүртэл ажилтантай, 1.0-2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж тус тус хамаарна.

2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг тодорхойлж, аж ахуйн нэгжүүд кластераар, бүсчилсэн байдлаар төрөлжин хөгжих боломжийг бий болгох, орон нутагт кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татварын болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг дэмжлэг үзүүлэхээр хуульчиллаа.

3.Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож болохоор, Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгав.

4.Төрийн байгууллага, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын улмаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй байсныг өөрчлөх зорилгоор уг сангийн үйл ажиллагааны болон зээл олгох, сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлахаар өөрчилж, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай уялдуулсан зохицуулалтуудыг тусгалаа.

5.Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан төрийн байгууллагын эрх зүйн байдлыг хуулиар тогтоолгүй Улсын Их Хурлын тогтоолоор байгуулж, өөрчилж байснаас тус агентлаг нь бүтцийн болон чиг үүргийн хувьд богино хугацааны давтамжтай өөрчлөгдөж, энэ нь салбарын бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байсан тул жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, тэдгээрт үзүүлэх төрийн дэмжлэгийн удирдлага, зохицуулалтыг уг байгууллага хариуцахаар тусгав.

6.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох эрх зүйн зохицуулалтыг мөн бий болголоо.

7.Жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгав. 2030 он хүртэл хугацаанд ийнхүү улсын төсвөөс хөрөнгө хуваарилах бөгөөд түүнээс цааш Сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг дэмжих замаар ажлын байрыг бий болгож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулна. Мөн орон нутагт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн кластераар хөгжүүлж, экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих болно. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгосноор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй болж, зээл зорилтот бүлэгтээ хүрч, зээлийн ашиглалт сайжирна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан агентлагийг байгуулж, түүний тогтвортой байдлыг хангаснаар тус салбарын бодлогын хэрэгжилтийг нэг газарт зангидаж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалт бүхий, өөр өөр яамдад харьяалагддаг сангуудыг нэгдсэн нэг удирдлагатай болгох суурь нөхцөл  бүрдэх болно.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607479
1 эможи

Зочин
2019-08-31 04:23
Зочин
2019-08-30 19:34
сайн
keyboard_arrow_up