Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа л бол СОНГУУЛИЙН ХОЛИМОГ тогтолцоог оруулчих ёстой юм даа

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганаар өчигдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэв.

Гэхдээ хурлын уур амьсгалыг хараад байхад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд саналаа бүрэн нэгтгээгүй бололтой. “Улс төрийн нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалтыг Ж.Батзандан гишүүн дэмжихгүй гэсэн утгатай үг хэлж байна лээ. Түүнийг бол ойлгож болно.

Харин МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын үг бол өөрийг хэлээд байна. УИХ-ын гишүүдийн 57 нь дэмжиж байж санал цааш урагшилна. Хэдийгээр УИХ-д МАН 64 суудалтай ч 57 гэдэг их өндөр босго юм байна аа.

Хэрэв энэ мэтээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналуудаар санал хуваагдсан байдалтай байвал олон заалтад өөрчлөлт оруулж чадахгүй үлдэх шинжтэй. Үүнээс ч болсон уу өчигдөр чуулган завсарлаж МАН-ын бүлэг саналаа нэгтгэхээр хуралдаад авсан. Ингэж бүлгийн хурал шуурхай зарлах байдал цаашдаа хэд гарах бол. Ер нь тэгээд Үндсэн хуулийн олон зүйл заалт дээр өөрчлөлт оруулах гээд байх шаардлагагүй л дээ.

Бүх зүйлийг Үндсэн хуулиар засна гэж байхгүй. Энэ бол яг хууль гэхээсээ илүүтэй нийгмийн гэрээ. Тиймээс тогтолцооны шинжтэй хэдхэн өөрчлөлт хийхэд л том дэвшил болно. Ийм өнцгөөр харвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чуулганы хэлэлцүүлэг эрүүл явагдаж байгаа гэсэн үг.

Гэхдээ олон нийтийн хандлагад хэт анхаараад зарим нэг өөрчлөлтийг хийхгүй үлдчихвэл хайран байна аа. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны асуудлыг нэрлэж болно. Ерөнхийлөгчийн оруулсан саналууд дундаас заримыг нь авахдаа МАН-ынхан чухам энэ асуудал дээр хамгийн их цаг зарцуулж хэлэлцэж, эргэлзсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах шаардлагагүй гэж үзсэн.

Сонгуулийнхаа хуулиар зохицуулаад явах бололцоотой. Хэрвээ Үндсэн хуульд оруулчихвал амьдрал баян болохоор дараа нь дахиад өөрчлөлт хийх асуудал гарч магадгүй шүү дээ” гэж ярьж байна лээ. Үүнээс үзэхэд сонгуулийн тогтолцоог хөндсөн заалт дээр эмзэг байгаа бололтой. Ирэх жил сонгуультайг хэлэх үү эрх баригчид олон нийтийн санаа бодолд хэт анхаараад байх шиг байна. 

Уг нь улсаа бодвол сонгуулийн тогтолцоо холимог байх нь зөв юм. Түүнийгээ Үндсэн хуульдаа оруулчих хэрэгтэй. Энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулаад явж болно. Гэхдээ сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөж тоглоомын дүрэм солигддог байдал давтагдсаар байна л гэсэн үг. 

Харин Үндсэн хуулийн тухайд бол ондоо. Хуулиараа нэг удаа өөрчлөлт орсон бол дахиж найман жил сөхдөггүй. Дээр нь өөрчлөлт хийх тохиромжтой үе тохиотол их хугацаа шаарддаг.

2000 оны долоон өөрчлөлтөөс хойш бараг 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого зургаан удаа гарсан байдаг юм. Тэдний аль нь ч өнөөгийнх шиг УИХ дээр хоёрдугаар хэлэлцүүлэг хийх хүртэл явж чадаагүй.

МАН УИХ-д 64 суудалтай болчихсон ийм үед ч төсөл дардан замаар явахгүй байгааг бид харж байна. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн ихэнх нь өөрчлөгдөх юм уу, багтахгүй үлдэх байдалд байгааг тооцсон ч тэр шүү дээ. Ийм болохоор Үндсэн хуульд энэ заалтыг оруулж өгөх нь өөрөө том хамгаалалт болно.

Олон нийтэд л улс төрд хөгширсөн хэдэн хүн намын жагсаалтын ард нуугдаад дахин дахин орж ирэх гэж байна гэж сурталдаад байгаа болохоос уг агуулга нь их. Тиймээс ч УИХ дахь сөрөг хүчин АН, Ерөнхийлөгч Х.Баттулга нар зүтгүүлээд байгаа болов уу.

Ер нь тэгээд улс төрийн хуучин тоглогчид УИХ-д орлоо гээд муудах юм хаана байна. Аливаа улс дайн тулаангүй энх тайван цагтаа нас тогтсон хүмүүсээр удирдуулдаг жишиг бий. Шуналын дэвээсээ салчихсан, туршлага, алсын хараа нь тогтворжсон, урд хойд насныхаа талаар бодоод эхэлсэн хүмүүс улс орондоо муу зүйл хийдэггүй юм. Тэр нь одоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас харагдаж байна.

Сайн муугаар хэлүүлдэг ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэн улстөрч биш гэх юм бэ. Ч.Улаан зэргийн хэл аманд орооцолдоод байдаг хүмүүсийг намын жагсаалтдаа оруулах хэмжээний гэнэн гэж том намуудыг бодох нь өөрөө гэнэн явдал л даа.

Хэрэв УИХ-ын гишүүдийн тоо 99 болчих юм бол сонгуулийн тойргоо энэ хэмжээнд хуваах нь сөрөг үр дагавар ихтэй. Наанадаж мөнгөний сонгууль хийхэд улам амархан болчихно биз дээ. Жижиг мажоритар манайд тохирохгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдаагүй гэж үү. Баахан жалга довны баатруудтай байгаад улс орны урт хугацааны бодлогод ямар нэмэр байгаа юм.

Бид гишүүд гэхээр өнөөдөр байгаа хэдээрээ л төсөөлөөд байдаг. Уг нь бол сонгууль болгоноор төр удирдах төлөөллөө тайван замаар сольж болдог нь ардчиллын хамгийн том давуу тал. Сайн хүн сонговол сайн л биз. Муу хүн гаргачихсан бол дараагийн сонгуулиар тарыг нь таниад сольчихно. Бас сонгуулиар өөрсдийн төлөөллөө сонгох гэж байгаа бол хүн бүр наад зах нь сэтгэл хангалуун үлдэх ёстой.

Жирийн иргэн хүний хувьд дөрвөн жилд нэг удаа сонгуульд санал өгөх замаар төрийн байгууллаа шийдэх эрх эдэлдэг. Гэтэл өдгөө УИХ-д нэг намын 64 гишүүн сууж байна. Харин 2016 оны сонгуулиар нийт иргэдийн 37 хувь нь бил үү дээ АН-д саналаа өгсөн байдаг юм. Тиймээс жижиг тойргоос олонхын санал авч сонгогддог зарчим нь сонгуулийн насны хүмүүсийнхээ 40 орчим хувийн саналыг үгүйсгэчихсэн хэрэг. Ийм байдаг болохоор сонгуулийн холимог тогтолцоог олон орон хэрэглэдэг.

Ухаандаа, АН-д саналаа өгсөн тэр хэдэн зуун мянган хүн өнөөдөр төлөөлөлгүй явж байгаа болж таараад байна. Угтаа бол иргэн нэг бүрийн санал гээгдэх ёсгүй. Нэгдүгээрт, ийм болохоор пропорциональ хэрэгтэй.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн нь нийт ард түмнийг төлөөлөхөөр тангараг өргөдөг боловч өөрийнхөө тойрогт юм зөөх гээд байдаг талтай. Үр дүнд нь төсөв тэлэх, ашиггүй зүйлд зарцуулагдах байдал хавтгайрдаг. Аль аймгийн депутат нь Сангийн сайд, Ерөнхий сайд ерөөсөө сайд дарга байна. Тэр газар луу л бүтээн байгуулалт, улсын төсвийн өчнөөн ажил цутгадаг жишгээр явж ирлээ.

Үүнийг ч буруутгах аргагүй. Дахиж сонгогдохыг хүсэж байвал өөр яах юм. УИХ-ын гишүүн хууль баталдаг болохоос худаг гаргах үүрэггүйг өнгөрсөн хугацаанд улстөрчид олон нийтээс нуучихсан л даа.

Тэгэхээр “Манай тойргоос сонгогдсон тэр нөхөр зурагтаар хууль энэ тэр гээд том юм яриад байдаг болохоос тойрогтоо ганц ч цэцэрлэг барьсангүй” гэсэн шүүмжлэл гардаг. Тэргүүний эдийн засагч, хуульчид сонгогдохоос илүүтэй ченж, бөх хүмүүс олон нийтээс санал түлхүү аваад байгаа нь ч жижиг тойргийн зовлон шүү дээ. Ухаан мэдлэгээс илүү олон нийтэд танигдсан хүнийг намууд сонгож тойрогт илгээнэ.

Ерөөсөө төрийн эрх барихаар уралдаж байгаа намуудад ялах нь гол байдаг. Холимог тогтолцоог хуульчлаад өгчихвөл эдгээр асуудал шийдэгдэхэд дөхөм болно гэсэн санаагаар л ингэж нуршаад байна л даа.

Намын жагсаалтаас гарч ирсэн хүмүүс тойргийнхон гэхээс илүүтэй, намын мөрийн хөтөлбөртөө илүү анхаарна. Муугаар бодоход УИХ-д сонгуулийн үр дүнгээр баахан бие даагчид гараад ирлээ гэж бодъё. Тэд тэгвэл сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх бол. Намын нэгдсэн бодлого, төлөвшил гэдэг их чухал шүү. Яах вэ, өнгөрсөн хугацаанд хоёр нам ээлжлэн эрх барихдаа нэг нэгнээ харлуулахаар чармайсаар өнөөдрийнхөө нэр хүндийг өөрсдөө бүтээсэн юм.

Цаг үе, технологийн дэвшил өөрчлөгдөх хэрээр харлуулах ажил улам ч хөнгөвчлөгдөж байна. Сонгуулиар тэдний өөрсдөө бүтээгээд ашиглаад орхисон “хараалын машин” нь өнөөдөр ч эргэсээр, сошиал орчинд төр засгийн нэр хүндийг унагаах хар үгээ цацсаар байгаа.

Эргээд бодоод байхад 2012 оны сонгуулийг холимог байдлаар явуулсан нь үр дүнтэй байсан санагддаг. Улс оронд хийсэн зам, барилгын томоохон бүтээн байгуулалтууд түүний нэг баталгаа болно. Дээр нь иргэдийн санал дэмий гээгдээгүй юм. Тэр “Шударга ёс” эвсэл байгуулагдсан ч гэсэн иргэдийн хүсэл байсан шүү дээ. Гишүүдийн тал нь тойргоос бусад нь намын жагсаалтаар сонгогдох нь ийм үр дүнтэй.

Холимог тогтолцоог улс төрд явж, хал үзсэн улстөрчид гол төлөв дэмжээд байгаа нь, нэгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг ч ярих болов уу. Ардчилсан нам, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын зүтгүүлээд байгаа санал болохоор гадна талдаа бол холимог болгоод өөрчилье гэхэд эсэргүүцэлгүй гэсэн үг. АН-ынхны кноп бүр түлхэц болно. Харин эрх баригчид ямар шийдвэр гаргахыг харах л үлдэж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607439
0 эможи

Зочин
2019-08-30 12:07
сонирхолтой
keyboard_arrow_up