С.Халиунаа: Улстөрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулж шүүх эрх мэдлийг авах оролдлого хийж байна

2019 оны 8 сарын 29

Монголын хуульч, өмгөөлөгчид нэгдэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн анхаарлыг хандуулах, тэдний санал бодлыг тусгахад шахалт үзүүлэх зорилгоор өчигдөр жагсаал зохион байгуулах байсан ч Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл өгөөгүй шалтгаанаар хойшил-сон юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт тулгамдаж буй асуудлын талаар Монголын хуульчдын нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, хуульч С.Халиунаатай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ялангуяа, олон нийтийн санаа бодол, оролцоо үүнд тусахгүй байна гэж хэлсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Үндсэн хууль бол Монгол Улсын маш чухал баримт бичиг юм. Яагаад гэвэл энэ баримт бичгээр эрх мэдлийг хуваарилдаг. Тийм учраас хэн нэгэн Үндсэн хууль надад хамааралгүй гэж хандаж байвал маш буруу. Үндсэн хуулиар дамжуулж улстөрчид, албан тушаалтнууд эрх мэдэл олж авдаг. Тиймээс Үндсэн хуулиар ямар эрх мэдэл нь хэнд олгогдож байна, эрх мэдлийн хуваарилалтын гол зарчмууд хэрхэн тусгагдав гэдэгт зөвхөн хуульчдаас гадна иргэн хүн бүр анхаарал тавих учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг сүүлийн гурван ч Засгийн газраар ярилцаж, өмнө нь гарсан алдаануудыг мэргэшсэн хуульчид хянасан. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн найман жилийн хугацаанд яригдаж, судлагдсан. Эрдэм шинжилгээний маш олон хурал хийсэн. Үүний дагуу УИХ-ын нэр бүхий 62 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төслийг төрийн болон үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид авууштай төсөл боллоо гэж дүгнэж байсан. Яагаад гэвэл өмнө нь гарч байсан эрх мэдэл хуваарилалтын алдааг засч залруулсан хувилбар болж чадсан гэж олзуурхасан. Гэвч 2019 оны долдугаар сарын 16 буюу баяр наадмын амралтын дараахан Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн төслийг санал болгосон. Энэ нь үл ойлгомжгүй байдал бий болголоо. Яагаад гэвэл Үндсэн хуулийн төсөл маань маш их судалгаатай хийгдэх ёстой. Яаруу сандруу хийж болохгүй бичиг баримт шүү дээ. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа ч гэсэн сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Тэгтэл хуулийн төсөл олон жил хэлэлцэгдээд явж байхад өөрийнхөө саналыг тусгаагүй байж гэнэт өөр хуулийн төсөл оруулж ирлээ. Үүнтэй холбоотойгоор хоёр төсөл яваад байна.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр зарчмын ямар алдаа байна гэж үзэж байгаа вэ?

-Өөрийнхөө төслийг зөв гэж улстөрчдийн зүгээс хамгаалж байгаа явдал байна. Монголын хуульчдын нийгэмлэг, Монголын хуульчдын холбооноос хуульчдынхаа дунд хэлэлцүүлэг явуулсан. Бид ямар байр суурьтай байх вэ гэдгийг тодруулж, саналаа нэгтгэх зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг хийсэн юм. Олон улсын жишиг байгаа. Бид шүүх эрх мэдэл ямар ч тохиолдолд хууль тогтоох байгууллагаас хараат бус байх ёстой гэсэн үндсэн зарчим баримталж байгаа. Нийт зургаан зүйл дээр зарчмын саналуудаа нэгтгэсэн. 72 дугаар тогтоолоор батлагдсан ажлын хэсэг энэ хоёр төслийг хэлэлцээд алийг нь батлуулах вэ гэдэг асуудал яригдсан.

Хоёр төслийг хооронд нь харьцуулаад нөгөө олон жилийн судалгааны дүнд гарсан шүүх эрх мэдлийг хараат бус байлгах төслийг бүхэлд нь хасчихсан. Өөрөөр хэлбэл, яаран сандран боловсруулж долдугаар сарын 16-нд танилцуулсан төсөл явж байна. Үүнд хуульч, өмгөөлөгч, эрхзүйч нар ихээхэн бухимдаж байгаа. Яагаад иргэн бидний эрхийг ямар ч тохиолдолд улстөрч, эрх мэдэлтнүүдээс хамгаалах зүйл нь шүүх эрх мэдэл юм. Харамсалтай нь хэсэг бүлэг шүүгч нараас болоод үүнийг улстөрчид өөрт ашигтайгаар эргүүлж, дайрах замаар шүүх эрх мэдлийг өөртөө авах оролдлого яваад байна. Тэгэхээр шүүгч эрх зүйч хүний хувьд бид ямар ч тохиолдолд шүүх эрх мэдэл хараат бус байх ёстой гэсэн байр суурь дээр тогтоно. Шүүхийн хараат бус байдал, шударга шүүгч гэдэг нэг зоосны хоёр тал. Шүүх эрх мэдлийг улстөрчөөс хараат бус байлгах ёстой.

-1992 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрх зүйн зохицуулалттай шүү дээ. Олон нийт ч гэсэн Ерөнхийлөгч шүүгч нарыг томилж, эрхийг нь түдгэлзүүлэх бүрэн эрхтэй гэж ойлгож хүлээж авдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Олон улсын маш олон судалгаа бий. Тэдгээр судалгаануудад бүгдэд нь шүүхийн хараат бус байдалд хамгийн их нөлөөлдөг хүн хэн бэ гэвэл улстөрчид гэсэн байдаг. Тийм учраас хуульчдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш мэргэжлийн түвшинд харах ёстой гэж үзэж байна. Хэзээ ч улстөрчдийн байр сууринаас хандаж болохгүй. Улстөрчдөөс харагдаж байгаа нэг зүйл бол өмнөх улстөрчөө буруутгах замаар өөрийнхөө эрх мэдлийг ахиулж байна. Өмнөх Ерөнхийлөгчөө буруутгах замаар шинээр гарсан Ерөнхийлөгч нь өөрийнхөө эрх мэдэл буюу шүүх эрх мэдлийг нэмэгдүүлж авсан байдаг. Энэ бол маш харамсалтай зүйл. Хуульчдын зүгээс иргэдэд хандаж битгий улстөрчдийн амлалт, үгэнд автаасай гэж хэлмээр байна. Бид үргэлж эрдэмтэн судлаачдын судалгаатай, нотолгоотой баримт дээр үндэслэж явах ёстой.

Манай төрийн эрх зүй болон үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн 20 орчим судлаач бий. Тэр хүмүүс Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалттай холбоотой маш их судалгаа уншсан, гадны ололт амжилтыг хангалттай судалсан. Бүрэн итгэж болохуйц өндөр мэдлэгтэй хүмүүс юм. 1992 оны Үндсэн хуулиар юу гэж баталсан юм бэ гэхээр Ерөнхийлөгч бол томилдог байна гэсэн. Томилдог гэдэг үгийг өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч нар дандаа өөрт ашигтай байдлаар ашиглаж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр би томилж ч болно, томилохгүй байж ч болно гэдэг. УИХ-ын 62 гишүүний барьсан төсөл дээр томилдог гэдэг нь батламжилдаг гэсэн утгаар орсон. Энэ нь шийдвэр гаргадаг биш, зөвхөн нэр төдий ёсчилдог үйл ажиллагаа юм. Бүр хугацааг нь зааж өгөөд 21 хоногийн дотор батламжилдаг байна гэсэн. Тэрнээс биш Ерөнхийлөгч шүүгч томилох замаар өөрийнхөө хараат болгоно гэж тайлбарлаагүй шүү. Ерөнхийлөгчийн саяхан санал болгосон төсөлд томилохтой холбоотой ямар ч зохицуулалт орж ирээгүй. Харин Ерөнхийлөгч түдгэлзүүлэх, огцруулах эрхийг хэрэгжүүлдэг байдлыг нэмж оруулж ирсэн байгаа.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл улам бүр нэмэгдэж, шүүх эрх мэдэлд халдаж байна гэж ойлголоо. Энэ бүхнийг засч залруулах, олон жилийн судалгаанд суурилсан мэргэлжийн хүмүүсийн саналыг тусгахад хэрхэн анхаарч байна вэ. Та бүхнийг үгийг дуулгавартай сонсож байна уу?

-Хуульчдын зүгээс холбоогоороо дамжуулаад байр сууриа илэрхийлж ирсэн. УИХ-ын 62 гишүүний барьсан төсөл харьцангуй сайн байсан. Харамсалтай нь сүүлийн нэгш сарын хугацаанд маш хурдан үйл явдал болоод өнгөрчихлөө. Яг иргэдийн амралтын үе таарч байгаа учир сиймхийг тааруулж оруулж ирэв үү гэж хардаж байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд ийм олон зарчмын өөрчлөлтүүдийг хэлэлцүүлэлгүй, хуульчдаар санал авахуулалгүй гэнэт гаргаж ирээд тулган шаардлаа гэж үзэж байна. Энэ салбарт мэргэшсэн, тэргүүн эгнээнд бичигддэг, хамгийн шилдэг, ул суурьтай судалгаа хийсэн хүмүүст саналаа тулган шаардаж байна. Үүнд хуульч нар маш их дургүйцэж байгаа. Бид үргэлж урагшилж явах ёстой болохоос ухрах ёсгүй. Иргэд өвчин туссан бол эмч дээр очиж мэргэжлийн зөвлөгөө авдаг. Бид үүнтэй адил Үндсэн хуулийн өөрчлөлтөд мэргэшсэн хуульчид бий. Гэтэл ийм чухал нухацтай асуудал дээр ард иргэдийг төөрөгдүүлж, улстөржүүлж, ямар ч судалгаагүй намируулж байна. Салбарт нь ажиллаж байгаа өмгөөлөгч, хуульчдын нар саналыг ерөөсөө авахгүй, тусгахгүй байна.

-Ерөнхийлөгчийн гаргаж ирсэн хуулийн төслийг хэлэлцэх хугацаа тун давчуу байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хэлэлцэж байгаа хугацааны хувьд санал нэгтэй байна. Үндсэн хуулийг батлах журмын тухай хуульд ч байгаа. Зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Гэтэл таван сарын өмнө шинэ төсөл гарч ирж, эргэж байгаа нь ямар агуулгатай болохыг ойлгохгүй байна. Бас нэг онол байдаг. Үндсэн хуулийг ард иргэдийн дунд хэлэлцүүлснээр олон нийтийн Үндсэн хуультай холбоотой мэдлэг дээшилдэг. Эцсийн дүнд ямар үр дүн гарах нь мэдээж чухал. Гэхдээ Үндсэн хуулийг иргэдийн дунд хэлэлцүүлснээр уг хуулийн ач холбогдлыг ойлгуулдаг. Гэтэл таван сарын хугацаанд үндсэн хуультай холбоотой шинэ төслүүд гаргаад, тэрийгээ ард иргэдэд танилцуулж, ойлгуулаад, хэлэцүүлж чадах уу. Үүний өмнөх төсөл 10-12 жилийн өмнөөс яригдсан шүү дээ. Гэтэл шинэ төсөл гарч ирсэн долдугаар сарын 16-наас хойш үйл явдал маш хурдан өнгөрч байна. Иргэд байтугай хуульчдын оролцоо туйлын хязгаарлагдмал байна. Маш хаалттай байгаа. Үүнд хуульчид маш их дургүйцэж, зовниж байна.

Г.БАТЗОРИГ

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607392
0 эможи

Зочин
2019-08-29 13:38
keyboard_arrow_up