Б.Чойжилсүрэн: Би сардаа 3000 ажлын байранд 6 тэрбумын цалин өгдөг
Тост тосон бумбын лицензийг цуцлахтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр дараах асуултанд тодруулга өгчээ.
Тост тосон бумбыг таны эзэмшлийнх гэсэн яриа байдаг. ХХБ-ны Эрдэнэбилэгийг 50 хувийг нь эзэмшдэг гэдэг. Энэ үнэн үү?
2016 онд би энэ уурхайг зарсан. Хэдэн залуучуудад шилжүүлж өгсөн. Зарагдахаасаа өмнө бараг 100 хувь миний мэдэлд байсан. Шилжүүлж авсан залуучуудтай нь уулзаагүй байна. Ойрын үед худалдаж авсан залуучуудтай нэг уулзья гэж бодож байна. Хүнд асуудалд орсон сурагтай байна лээ. Би зарахад 58 орчимтэрбумын зардал гарсан байсан. Надаас аваад нэмээд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Нийт 130 орчим тэрбумын зардал гарсан. Би уурхайг зарсан мөнгөө гүйцэд аваагүй байгаа.
Тост тосон бумбыг хууль зөрчиж улсын мэдэлд авч байгаа юм уу?
Хууль гэж байдаг. Бүх зүйл хуулийн дагуу явна байх гэж найдаж байна. Миний хувьд уг уурхайг зарсан. Надтай холбогдсоноороо эдгээр залуучууд улс төрийн тоглоом болж хэлмэгдэж байх шиг байна. Миний оронд гадаадын өөр компани юм уу эсвэл улс төрч байсан бол оролдохгүй байсан байх. Асуудал нь надад байгаа юм. Надтай холбож л асуудал болгож байна. Улс төржүүлж байна.
Энэ уурхайн асуудал таны бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
Зуны сардаа миний үүсгэн байгуулсан "Хурд" компани 3000 орчим ажлын байрыг бий болгодог. Сарынх нь цалингийн зардал 6 тэрбум болдог. Зуны 3 сарын нийт цалингийн зардал 18 тэрбум болдог. Үүн дээр урсгал зардал бусад зардлууд гардаг. Бизнес эрхлэгч нар тогтмол урсгал зардлаа нөхөх хуримтлал үүсгэхийн төлөө л зорьдог. Ийм бизнесийн тойрогт орчихдог. Би ч гэсэн хохирогчдын нэг. Тост тосон бумбын уурхайнаас өмнө 9 уурхай байгаа. дараа нь нэмж 5 уурхайн зөвшөөрөл өгсөн байна лээ. Өмнөх 9, дараагийн 5 уурхай нь зүгээр. Зөвхөн миний нэр холбогсон уг уурхай л их асуудал болоод байгаад гайхаж байна.