ФОТО: БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана.
Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Ноён Мустафа Шентоп айлчлалынхаа хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцохоор болжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|