УИХ-ын гишүүний тоог 108 болгох саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж буй гэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн барьж, улмаар чуулганы хуралдаанд танилцуулсан билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахлах бол Ерөнхий сайд орлогч даргаар ажиллахаар болсон юм.
Энэ долоо хоногт Ажлын хэсгүүд хуралдаж, хэлэлцэх асуудлыг өмнө нь бид танилцуулсан байгаа. Тэгвэл эдгээр хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн төсөл дэх УИХ-ын гишүүний тоог 108 болгох саналыг УИХ-ын гишүүдийн олонхи нь буюу 60 орчим нь дэмжиж буй гэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох үндэслэлээ тайлбарлахдаа “1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад УИХ-ын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар юм” хэмээжээ.