С.Баяр ба “долдугаар сарын 1”, түүний өмнө хойно
1991 оны аравдугаар сард УБХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Баяр тэргүүтэй УБХ-ын гишүүд Азийн сангийн урилгаар АНУ-д айлчилжээ. Зорилго нь Америкийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас Үндсэн хуулийн үзэл /ардчилсан/ баримтлалын талаар номын дуу сонсох байв. Айлчлал амжилттай болж Сан Франциско дахь Азийн сангийн төв оффист уулзалт, ярилцлага хийсэн байна. Уулзалтад оролцсон Азийн сангийн захирал “…Та бүхэн Америкийн олон хотоор аялж их юм үзэж, олон их, дээд сургуулийн багш нараас ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар их зүйл сурч мэдэж байгаа байх гэдэгт найдаж байна. Ингээд ярилцлагадаа оръё. С.Баяр даргатай тусдаа ярилцана. Та гарч байна уу” гэснээр С.Баяр гарчээ.
С.Баяр нар Монголдоо ирээд америкуудын зөвлөгөөг тусгаад, эцсийн байдлаар боловсруулсан Үндсэн хуулийн төслөө АИХ-д өргөн барьж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлуулжээ. Үндсэн хууль батлагдмагц С.Баяр “Америкт суралцана” гээд УБХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд явжээ.
Харин тэрээр Америкт ямар сургуульд, ямар чиглэлээр суралцсан нь тодорхой бус байж байгаад Монголдоо буцаж ирсэн байна. Ирснийхээ дараа найз нөхдөдөө “Монгол Улсын талаар хачин зүйл ярьж байсан тухай зарим хүний барим тавим жиг жуг байдаг юм.
Ингээд 1997 онд МАХН-ын даргын төлөө зүтгэсэн боловч Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг барсангүй тул Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Багабандийн санал тавьснаар ЕТГ-ын дарга болжээ.
2000 оны УИХ-ын сонгуульд нам нь үнэмлэхүй олонхи болсны дараа намын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд болгохгүй гэж хоёр удаа Ерөнхийлөгчийн зүгээс буцааж байв. Энэ үед МАХН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин С.Баярт хандаж “…Аливаа юманд ээлж дугаар, эрэмбэ дараа гэж байдаг. Н.Энхбаярыг Ерөнхий сайд болоогүй байхад чи бид хоёр Ерөнхий сайдын суудал яриад ч хэрэггүй” гэснээр тэдний эвдрэлцэл эхэлсэн гэдэг.
2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа С.Баяр намын даргад заалнаас өөрийгөө дэвшүүлж өрсөлдсөн боловч М.Энхболдод 27 хүний саналаар ялагдсан байдаг. Гэхдээ тэрээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга болов. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын гал тогоог удирдахаас илүүтэй иргэний хөдөлгөөнийхөнтэй ойртон ажиллаж байсан талаар тухайн үеийн МАХН-ын гишүүд ярьдаг. Үүнийх нь үр дүнд МАХН-ын дарга М.Энхболдын нэр хүнд ч унасан биз.
Энэ нь С.Баяр “Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулан, М.Энхболдыг буланд шахаж байсан зэргээр илэрсэн гэдэг юм.
Улмаар МАХН-ын Онц их хурлыг 2007 оны арваннэгдүгээр сард хуралдуулж өөрөө намын дарга болов. Намын даргаар сонгогдонгуутаа “…Хариуцлага үүрүүлж байгаа бол ярих мэдлийг өг” гэж тулгаад Ерөнхий сайдын эрх мэдэл авах тогтоол гаргуулж чадсан юм. Мөн тэрээр “… 2008 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулна” гэж мэдэгдэж байлаа. С.Баярыг МАХН-ын дарга болсны дараа Удирдах зөвлөлөөс нь тун сонин хэд хэдэн шийдвэрийг гаргаж байв. Нефть бүтээгдэхүүний улсын нөөц нэмэгдүүлэх, Эрдэнэт зэрэг үйлдвэрээс намын санхүүжилт, сонгуулийн зардал зэргээр их хэмжээний мөнгө авах, нам хандиваар биш түрээсээр санхүүжих бодлого баримтлах болно гэх зэргийн “хачин” шийдвэрүүд байдаг юм. Бас Удирдах зөвлөлөөр намын байраа нурааж суурин дээр нь шинээр барих эсвэл хотын төвд ашигтай байрлалд газар олох, намын байрны зураг төсөв хийлгэх үүрэг даалгавар өгсөн шийдвэр гаргуулж, ажлын хэсэг байгуулсан байдаг. Намын байрны хэд хэдэн зураг хийлгэснээс одоогийн Тусгаар тогтнолын ордны зургийг сонгож өндрөөс нь багасгаж барихаар шийдсэн байгаа юм. Үүнээс гадна 2008 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагыг байнгын бэлэн байдалд оруулах, түргэвчилсэн курсээр цагдаа бэлдэх үүргийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдод өгсөн гэдэг мэдээлэл хожим хэвлэлээр олонтаа гарч байсан билээ.
Мөн 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэн хэнийг дэвшүүлж, хэн хэнийг ялуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулж АН-ынхантай тохиролцсон гэж намынхан нь харддаг.
Сонгууль болж МАХН-аас сонгогдох 45 нэр дэвшигч ялалт байгуулав.
Үүнд сонгогчдын дургүйцэл өрнөж, судалгааны байгууллагын дүн 180 хэм эргэсэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж иргэд тайван жагсаал зохион байгуулж сонгуулийг хүчингүй болгохыг шаардсан.
Тэр өдөр О.Магнай тэргүүтэй жагсагчид МАХН-ын байр руу дайрч, С.Баяр өөрөө намын байрандаа байсаар байв. Төрийн тусгай хамгаалалтынхан Ерөнхий сайдыг аюултай газраас явахыг хүсэхэд “…Би учрыг нь олчихоод явна” гэж хэлсэн талаар мэдээлэл гарч байсан.
Орой болж жагсагчид ерөнхийдөө тарах тийшээ хандаж байх үед Сүхбаатарын талбайн зүгээс бөөн хүч орж ирж дахин МАХН-ын байр руу дайрсан байдаг. Энэ үед МАХН-ын байр дотроосоо шатаж эхэлсэн гэдэг юм. Хачирхалтай юм нэлээд болсон байдаг. Учир нь нэгдүгээр давхарт гарсан гал шууд тавдугаар давхарт гарсан. 2-4 дүгээр давхарт гал гараагүй байхад шүү дээ. Гал гарангуут жагсагчид МАХН-ын байр руу дайрч орж үймээн бужигнаан эхэлжээ. Ингэж гал хүчээ авч, байрны цонх хаалга эвдэрч, жагсагчид үндсэндээ хяналтаас гарсан үед Ерөнхий сайд С.Баяр намынхаа байрнаас Төрийн ордон руу явжээ…
Товчхондоо, нэгэнт үймээн бужигнаан дуусч хүмүүс тарж буй тэр үед Инторпол болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмжөөр бол жагсагчдыг аль болох өдөөхгүй байх ёстой байтал галт зэвсэг хэрэглэх шийдвэр өгч таван хүний амь насыг эрсдүүлж нийгмийг айдаст автуулсан байдаг.
Эдгээр асуудал С.Баярыг хүнд байдалд оруулсан. Тиймээс С.Баяр энэ хүнд байдлаас гарахын тулд Стандарт бус Засгийн газар байгуулах санал гаргаж, Засгийн газартаа АН, АН-аас Алтангадас фракцынхныг оруулсан. Ингээд Стандарт бус Засгийн газар Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх, улс орны эрх ашгийн тухай ярьж эхлэв. Удалгүй МАХН-ын байрыг шинэчлэн барих зардлыг улсын төсвөөс гаргах, Оюутолгой, Тавантолгойн төслийг “хөдөлгөж” эхэллээ. Ер нь бол С.Баяр Стандарт бус Засгийн газар байгуулах зөвшөөрлөө намаасаа болон УИХ дахь намын бүлгээсээ авч, энэ Засгийн газраа “өөрийн хүмүүс”-ээр бүрдүүлж чадсан гэхэд болно. Стандарт бус Засгийн газартаа “Алтангадас” фракцаас Н.Алтанхуягийг Тэргүүн шадар сайдаар, С.Баярцогтыг Сангийн сайдаар, Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар оруулав.
Харин намаасаа Сү.Батболдыг Гадаад харилцааны сайдаар, Д.Зоригтыг Уул уурхай, эрчим хүчний сайдаар авав. Ингэж стандарт бусаар байгуулсан Засгийн газрыг олон нийт эсэргүүцэн шүүмжилж байсан. Оюутолгойг ард түмэнд өгөх хэрэгтэй хэмээн үзэж байсан Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унагасан шалтгаан нь хожим АНУ-ын Элчин сайд байсан нөхрийн захидлаас тодорхой харагдаж байсан.
Дараа нь С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарын бүрэлдэхүүнтэйгээр Оюутолгой төслийн гэрээ төслийг хөдөлгөх ажлын хэсэг байгуулж, С.Баяр өөрөө удирдсан. Гэрээнд стандарт бус заалтуудыг ч оруулсан. Энэ төслийг ҮАБЗ-ийн зөвлөлөөр зөвшөөрсөн зөвлөмж гаргуулахын тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржтой тохиролцох шаардлага тулгарсан байдаг. Үүндээ дэмийг авахын тулд нэгэн улстөрч нөхөртэй тохирч, түүгээр ард түмний тархи угаах ажлыг даалгаж, нөгөөх нь “…Оюутолгойгоос монголчууд гуравны нэгийн ашиг хүртэнэ. Оютолгой бол манай геополитик” гэх ярьж, бичиж байв. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээний төслийг ҮАБЗ дээр алх цохин зөвшөөрч, төсөл УИХ-аар батлагдсан. “…Оюутолгойн гэрээг баталснаар гурван сая монголчууд халуун ам бүлээрээ урагш нэг алхлаа” гэж ч “поп”-ров.
Гэрээг хэлэлцэх, гэрээг баталсны дараа их олон үйл явдал өрнөж, одоо тэдгээртэй холбоотой үр дагавруудыг Монголын хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байна.
С.Баярын дараагийн алхам бол Тавантолгойн төслийг хөдөлгөх нэрээр Ц.Элбэгдоржийн эрх ашгийг хангах байсан гэдэг. Гэвч С.Баяр долдугаар сарын 1-ний хэргээр гарцаагүй байдалд шахуулж, эцэст нь өөрөө огцрох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, С.Баяр арга буюу эрүүл мэндийн шалтгаан нэрээр сайн дураараа огцрох хүсэлтээ гарган чуулган дээр хэлсэн үгэндээ “…Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй хувь хүнийг яалтай билээ. Оюутолгойн гэрээ бол Монгол Улсад нэн ашигтай. Үүгээрээ би бахархана. 1990 оны эхээр Америкт эхлүүлсэн судалгааныхаа ажлыг дуусгана” гэж мэдэгдээд явсан байдаг. Тэрээр буцаад 2010 оны хаврын чуулганы өмнө Монголдоо ирэв. Ирээд УИХ-ын дарга болохоор зүтгэсэн ч долдугаар сарын 1-ний хэрэг, Оюутолгойн гэрээний эргэн тойронд “болсон явдал” босч ирээд чадаагүй.
Гэхдээ Ц.Элбэгдорж энэ үед ч С.Баярыг Тавантолгойн төсөлд эрх ашгийг шингээх талаар амласан, тохирсноо биелүүлэхийг шаардсаар байсан гэдэг. Харин С.Баяр нь Ц.Элбэгдоржийн шахалтыг нэгэнт биелүүлэх боломжгүй болсон байв. Энэ бүхнийг ухаарсан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг 2012 онд Ерөнхий сайд болсных нь дараа Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шийдэхийг тулгасан гэдэг. Энэ яриа хөөрөө одоо ил болж байгаа.
Удалгүй С.Баяр, С.Баярцогт нарын оффшор данс, хаусны асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид Пананын баримт бичиг нэрээр гаргаад ирэв. Энэ нь Монголд дуулиан шуугиан тарьж, С.Баярыг хүнд байдалд оруулав. Тиймээс С.Баяр, С.Баярцогт Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох ажилд хүчин зүтгэсэн гэдэг. Шалтгаан нь Дубайн гэрээг байгуулж, Ч.Сайханбилэгээр гарын үсэг зуруулах байжээ. Санаснаа ч хийж, нуруу нь нэг удаа тэнийсэн байх.
Гэвч цаг хугацаа өнгөрсөөр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болж С.Баяр намтайгаа тохирч, Лондонд Элчин сайдаар томилогдов. Хамгийн сонин нь С.Баярын энэ хүслийг нам нь үг дуугүй зөвшөөрсөн байдаг.
С.Баяр чухам яагаад Лондонд Элчин сайдаар суухыг хүссэн бэ гэдэг улс төрийн хүрээ, учир мэдэх хүмүүсийн дунд хөврөөд эхлэх нь тэр. Гэтэл “…Лондонд “Рио Тинто”-гийн төв оффис байгаа”, “Тэр өмчиндөө ойртож байна”, “Хувьцааны асууудал ч бий” гэх мэдээлэл хэвлэлүүдээр ч гараад эхэлсэн.
Дараахнаас нь хууль хяналтын байгууллага С.Баярыг, С.Баярцогтыг “сонирхож”, цагдан хорьж хүртэл шалгаад эхэлсэн юм. Шалгалт одоог хүртэл үргэлжилж байгаа билээ.
С.Баяр ба “долдугаар сарын 1”, түүний өмнө хойно болсон үйл явдлуудыг тоймлоход ийм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин