Бүрэн эрх нь дууссан, энэ жил эгүүлэн татагдах Элчин сайд нар
Манай улс 196 улстай дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс одоогоор 32 улсад Элчин сайдын яам 14-т нь Ерөнхий Консулын газар ажиллаж байна.
Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.
Тэгвэл дээрх улсуудад томилогдсон Элчин сайд, Ерөнхий консул нарын олонхын бүрэн эрхийн хугацаа өмнөх хуулиар зохицуулагдах учиртай. Тиймдээ ч одоогоор 20 орчим улсын Элчин сайдыг шинээр томилох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.
Үндсэндээ 2015 онд томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийг хугацаа дууссан ч томилгоо хүлээгдэж буй асуудал бий. Мөн түүний араас 2016 онд томилогдож байсан Элчин сайд нарыг энэ жилдээ татаж, орны хүнийг явуулах учиртай. Ингэхээр бараг бүх улсын Элчин сайд шинээр томилогдохоор хүлээгдэж байгаа гэсэн үг.
Харин Элчин сайдын томилгоотой холбоотой асуудал парламент дээр гацсан хэвээр л байгаа. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нартай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.
2015 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАР
ОХУ-д суух Элчин сайд асан Б.Дэлгэрмаа 2015 онд томилогдож байв. Тэрбээр саяхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд эх орондоо ирсэн байдаг. Одоогоор түүний оронд томилогдох Элчин сайдын нэр тодроогүй байна.
Харин улс төр хөшигний ард аль хэдийнээ яригдаж эхэлсэн. Тухайлбал, Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн энэ суудалд сууна гэсэн мэдээлэл бий. Түүнээс гадна хэд хэдэн хүний нэр яваа.
Түүнтэй хамт нэг онд буюу 2015 онд Тайландын Хаант Улсад суух Элчин сайд Т.Төгсбилгүүн, Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд, Австралийн холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү, Арабын Бүгд найрамдах Египет Улсад суух Элчин сайд Ч.Баярмөнх, Бүгд найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд Т.Лхагвадорж, БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, Куба улсад суух Элчин сайд Ц.Батбаяр нар томилогдож байсан. Тэгэхээр тэдний бүрэн эрхийн хугацаа ерөнхийдөө дууссан гэсэн үг.
ЭНЭ ОНД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХ ЭЛЧИН САЙД НАР
Харин 2016 онд томилогдсон Элчин сайд нарын хувьд хуучин хуулиар бол 2019 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусна. Харин шинэ хуулиар тооцвол 2020 онд дуусах юм. Гэхдээ тэдний томилогдох үед Дипломат албаны хууль нэмэлт өөрчлөлт ороогүй байсан учраас өмнөх хуулиар бүрэн эрхийн хугацаа нь тооцогдох болов уу.
2016 онд Итали Улсад суугаа Элчин сайдаар Ц.Жамбалдорж, Бельгийн хаант Улсад суух Элчин сайдаар О.Оч, Бүгд найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар Д.Батсайхан, Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайдаар Д.Билэгдорж, Кувейт Улсад суух Элчин сайдаар З.Чинтүшиг, Бүгд найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Баттунгалаг, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болд нарыг томилж байв.
Мөн БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Наранбатыг, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Энхсайханыг, ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баярыг томилсон байдаг. Гэвч М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж байсан билээ. Тэгэхээр энэ ондоо багтаж, эдгээр Элчин сайд нарыг ирүүлж, орны хүнийг нь томилох ёстой юм.
2018 ОНД ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД
Харин 2018 онд Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д .Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр нарыг томилсон. Үүнээс Г.Тэнгэрийг эгүүлэн татаж, түүний оронд Д.Батжаргалыг томилсон билээ.
ШИНЭЭР ТОДОРСОН ЭЛЧИН САЙД НАР
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг.
Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н. Анхбаяр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д. Даваасүрэн нарыг тус тус дэмжиж саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байдаг.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин