“Сахал“ Д.Эрдэнэбилэг суллагджээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар 5 сарын 28-нд цагдан хорьсон юм.
Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон юм.
Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ.
Ийнхүү Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэг нэг сар орчим ШШГЕГ-ийн харьяа 461-р цагдан хорих ангид хоригдоод суллагдаж байгаа нь энэ юм.