Дэлхий Монголоор дутахгүй ч Монгол дэлхийгээр дутна

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Муу юмны модон улбаа ч дорхноо юм даа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Герман Улсын хилээр нэвтрэх гэхэд ачаа барааг нь шалгасан тухай яриа гарсан. Сайд “Германы хил дээр бичиг баримт шалгасан нь үнэн. Өөр зүйл огт болоогүй” гэж бичсэн байна лээ. Албан ажлаар яваа төрийн сайд хүнийг саатуулна гэдэг энгийнээр бол доромжилж байгаа хэрэг. Нөгөө талаас Германы нутгаар тамхи зөөдөг байсан дипломатууд хар тамхи зөөгөөд эхлэхээр яалтай ч билээ.

Тиймээс ч Д.Сумъяабазар сайдын хувьд нэр хүндээ бодсон ч, улсынхаа нүүрийг санасан ч тиймэрхүү л тайлбар хийж таарна. Гэхдээ нэг юм болох нь болсон бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс дэлхий нийтэд шившиг болж байна. Дипломатууд хар тамхины хэрэгт оролцлоо. Энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн.

Гэтэл үүнийг маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гишүүд нээлттэй болгох шаардлага тавиад бараагүй. Үүнийг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй байна. Ийм хууль бус наймаанд оролцож байгаа нь ганц удаагийнх биш. Янжуур тамхинаас авхуулаад асуудал өмнө нь байсан. Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазарыг Герман Улсад очиход нь бүрэн хэмжээний шалгалтад оруулсан гээд байна.

Тэгэхээр энгийн иргэдийн гадаадад зорчих эрхийг боомилно гэсэн үг” гэж байна билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Д.Цогт-баатар нар Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа дипломатуудын асуудлаар УИХ-аас тодорхой чиглэл, хатуу арга хэмжээ ав” гэж байв.

Америк кинонд хоёр, гурван боодолтой хар тамхи булаацалдаад мафийнхан машины дээгүүр, доогуур буудалцаад байгаа тухай гардаг. Гэтэл Истанбул дахь Консулын газрын дэд консул Баттүшиг болон жолооч Эрдэнэбилэг нар Чех-Германы хилийн ойролцоо явж байхад нь замын цагдаа зогсоож шалгахад 70 кг хар тамхи гарсан гэж байгаа. Даахынхаа хэрээр эсвэл машиндаа багтах зайгаар зөөж явсан юм даг уу.

Дээр дурдаад өнгөрсөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Дипломатууд тамхины наймаанд оролцох зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтэд 20,30 мянган еврогийн тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг, наймаанд оролцдог болсон байна. Нэг эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй болжээ. Тиймээс төрөөс яаралтай, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй.

Асуудал эгзэгтэй, ноцтой байгаа. Харамсалтай нь, энэ нэг хоёр удаагийн үйлдэл биш байна” гэсэн юм. Үүний дараагаас зарим мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хүн долоон удаагийн үйлдлээр 521 кг хар тамхи зөөвөрлөсөн гэж мэдүүлсэн тухай мэдээлэл цацагдлаа. Барагтийм байх. Манай тагнуулынхан ч алт хууль бусаар гаргадаг хүмүүсийг анхны удаад нь барьдаггүй. Баталгаатай болгож, сүлжээг нь судалж байгаад дөрөв, тав дахь дээр нь барьдаг юм гэнэ лээ.

Энд бас нэг анхаармаар зүйл бол зөвхөн шуналдаа хөтлөгдөж ийм амь насаа эрсдэлд оруулсан ажлыг удаа дараа хийх үү гэдэг асуулт юм. Ар гэрийг нь барьцаалсан элдэв юм байх вий. Бас хар тамхины асуудалд холбогдсон анхны дипломат эд нар биш аж. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар саяхан өгсөн ярилцлагадаа “Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.

Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан. Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон.

Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан. Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнээ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа.

Гэхдээ энд би тусгай байгууллагын үйл ажиллагааны талаар ярих нь зохиогүй хэрэг. Иймд зөвхөн энэ хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам болон өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгнө” гэж байв. Бараг энэ хүрээнд л манай дипломатууд онилогдсон байх. Салбарын сайд нь өөрөө хүсэлт тавиад явж байна гэхээр мэдээлэлтэй хэсэгтээ бол түгшүүр зарлаад удчихсан зүйл юм уу даа.

Одоо энэ хар тамхинаас шалтгаалаад европын орнуудад манай иргэдийг ч нэгжиж өгнө. Аялах, сурах, ажиллахаар явах монголчууд хаагдаж боогдоно. Дуулианы араас ийм л явдал болдог биз дээ. Дээр нь Элчин сайдуудын асуудал байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизстан руу айлчлахынхаа өмнө дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулсан.

Гэхдээ тэр дундаа “Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэсэн байгаа юм.

Энэ бол дипломат албанд насаараа зүтгэсэн олон хүнийг гомдоохоор үг. Бас Ерөнхийлөгчийн санал болгож томилдог Элчин сайдын асуудал ч энхийн цагаан тагтаа шиг хир буртаггүй байгаа юм биш. Тухайлбал, өнгөрсөн жилийн тавдугаар сард Швед Улсад Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэгийн итгэмжлэх жуух бичгийг цаад тал нь хүлээж аваагүй. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар шинэ Элчин сайд дипломат албанд өөрийнхөө хүнийг оруулах гээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь баригдсан бололтой юм.

Одоо Шведэд Элчин сайд алга. Тийшээ албан томилолтоор очсон, айлчилсан хүмүүс шившиг болж байна. Ажиллаж, сурч байгаа хүмүүсийн эрхийг хэн хамгаалах юм. Ерөнхийлөгч, Засгийн газрын таарамжгүй харилцаа, зөв хүнээ сонгож томилж чадахгүй байгаагаас Элчин сайдгүй орон цөөнгүй болчихлоо. Хөрш Орос Улсад манай Элчин сайд алга.

Хятад Улсад суугаа Элчин сайдыг АСЕМ-ын ажлын хэсгийн ахлагч байсан гэдэг. АСЕМ-ын санхүүгийн шалгалтад орсон Аудитын дүгнэлтээр хүн аймаар тоонууд гарч ирсэн. Хөрш орнууд гэхэд л ийм байна. Дээр нь өнөө хамгийн олон монголчууд байдаг Солонгос Улсад манайхаас Элчин сайд томилоогүй их удлаа. Гуравдагч хөршийн хамгийн тод жишээ БНСУ биш бил үү. Элчин сайдгүй газруудыг зөвлөх зэрэг албан тушаалтай хүмүүс түр орлон гүйцэтгэдэг.

Тэднийг чинь цаад улс нь авч хэлэлцдэггүй юм. Тэр хэрээр наад зах нь хөнгөлөлттэй зээл, тусламж, олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орох хурал дээр дэмжих дэмжлэг алга болно. “Энэ элчин ч үгүй монголчуудыг дэмжиж байхаар Африкийн буурай тэр орныг дэмжчихье” гэнэ биз дээ. Тэр иргэдийнх нь эрх ашгийг хамгаална гэдэг ч лөөлөө. Ер нь цэргээр бол генерал байх ёстой газар дэслэгч тавьчихаар цаад тал нь харьцахгүй.

Энэ мэтээр Монгол Улсад дэлхий хэрэггүй юм шиг л үйл явдлууд болж байна даа. Элчингүй, дипломат албаны зарим хүмүүс нь хэрэг төвөгт орооцолдож байгаагийн хохирогч нь жирийн иргэд болно. Тэд гадагшаа явж сургуульд сурах, эмчлүүлэх эрхээрээ хохирно. Хөмөрсөн тогоон дотроо хуучин хүү хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ардчилсан нам төр барьж байх үед Засгийн газар огцорсны улмаас Гадаад харилцааны сайд нь солигдож байлаа. Тэгэхэд Консулын газрын 40 ажилтныг өөрийнх нь намын шинэ сайд нэг дор халж байсан юм даа. 

Ингэж эрээлжилтэл нь сольж байдаг болохоор дипломатын алба суларч, бугшсан идээ бээрээ шахаж чадахгүй болтлоо доройтсон байна. Тийм болохоор дипломат албандаа улс төрийн томилгоо хийхээ больё. 

Хуульд өөрчлөлт оруулж, хатуу шаардлага тавьж, шалгуур хангасан хүмүүсийг тогтвортой ажилладаг болгоход анхаарах нь энэ УИХ-ын тэргүүний үүрэг болно шүү. Дипломат албыг бужигнуулах нь Ерөнхий сайдыг огцруулахаас ч хэцүү болгох хэрэгтэй. Дэлхий Монголоор дутахгүй ч Монгол дэлхийгээр дутах нь үнэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604766
0 эможи

keyboard_arrow_up