С.Ганбаатар: Оюутолгойн гэрээ бурхны зарлиг биш, ард түмэнд ашигтай болгож засах ёстой

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

Үйлдвэрчний эвлэлийн жагсаал, тэмцлээр  олон нийтэд танигдаж, хожим “Босоо” хэмээн нэршсэн, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын “Толь” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Оюутолгойн гэрээтэй хийсэн таны тэмцэл одоо мухардсан гэж хэлж болох уу. Учир нь энэ гэрээ ямар ч тохиолдолд энэ хэвээрээ үргэлжлэх нь тодорхой болж байх шиг?

-Огт мухардаагүй. Харин ч миний 10 гаруй  жил тэмцэж ирсэн тэмцлийн дүнд Баабар мэтийн амаа олохгүй  магтаж байсан зарим хүнд ухаарч ойлгуулах, бөглөрсөн сүвийг  нь нээх таатай үе ирлээ  гэж үзэж байна. Энэ гэрээ ямар ч нөхцөлд үргэлжлэх нь тодорхой боллоо гэж үзэж байгаа хүмүүст хандаж хэлье. “Рио Тинто”, тэдний гар хөл бологч хөлсний бичээчид монголчуудыг ийм гутранги үзэлтэй, буулт хийх сэтгэлгээтэй, ямар ч тэмцэлгүй үхээнц дорой болгохын төлөө их хичээсэн.

Битгий баярла, “Оюу толгой”-н гэрээ бол бурхан тэнгэрийн зарлиг биш, энэ гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгоно. 14 жилийн өмнө энэ гэрээний тухай ярьж байхад хүмүүс намайг ямар их доромжилж байлаа. Одоо энэ гэрээг бараг улстөрч болгон ярьдаг болж. Монголчууд үнэнийг мэдэрсэн байна. Бид ялах шатандаа ойрхон очиж байна гэсэн үг. Олон жил тэмцэж, зүтгэж байгаа хүн нь бууж өгөөгүй залхаагүй  байхад, хөндлөнгөөс харж байгаа зарим нь залхаад яахнав дээ.

-Таныг “Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгчдэд буулт хийсэн”  гэж хэлдэг  юм билээ. Үнэхээр лоббинд өртөх магадлал, боломж хэр байсан бэ?

-Жинхэнэ монгол гүтгэлэг байна. Лоббид өртсөн ч байдаг болоосой,  тэгвэл энэ гэрээг бүрэн цуцлах үндэслэл баримт болно. Харамсалтай нь “Рио Тинто”-гийнхон тэр “зарим хүн” шиг гэнэн тэнэг биш юм даа.

-Танд “Рио Тинто” компанийн зүгээс ямар нэгэн байдлаар санал, дэмжлэг ирж байсан уу?

-Хэзээ ч үгүй. Тэд тийм гэнэн биш гэж хэлсэн шүү дээ.

-Зарим нь таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зардлаа тэр компаниар даалгуулсан ч гэж ярьж, бичдэг.  Таныг  тэдний “B” төлөвлөгөө  нь байсан ч гэж зарим хүн ярьдаг?

-Та намайг чин сэтгэлээсээ дэмжсэн Монголын хагас сая хүнийг гүтгэн доромжиллоо. Монголын сэтгүүлзүй тулга тойрсон огт логикгүй, баримтгүй юм ярьдагт их харамсдаг. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл нь “Оюутолгойн гэрээ”-г Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж заасан байсан юм шүү. Нөгөө хоёр  нөхөрт ийм төлөвлөгөө, санаа огт байгаагүй. “Рио Тинто”-гийн хувьд С.Ганбаатар л биш бол хэн ч гарсан хамаагүй байсан. “Рио Тинто”-гийн угаадас долоодог  улстөрч гөлөгнүүд нь миний эсрэг амжилттай сайн ажилласан.

-Таныг Оюутолгойн гэрээтэй тууштай, шийдэмгий тэмцдэггүй. Ердөө л тухайн нөхцөл байдлаас болоод няцдаг, ухардаг гэж дүгнэдэгтэй санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Би буугаар буудахаас бусад бүх хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тэмцлүүдийг хийсэн, хийх ч болно. Өлсгөлөн зарлаж байсан, мэтгэлцээн хийж бас маш олон ярилцлага өгч, видео кино  хийсэн. Ном хүртэл гаргасан. Жагсаал цуглаан ч зөндөө хийсэн. Өөр ямар хэлбэрийг нэммээр байна. Та санал хэл дээ.

-Тухайлбал, энэ жишээн дээр таны С.Баярцогттой хийсэн мэтгэлцээнийг жишээ татдаг л даа. Та тэр үед яагаад тийм хүлцэнгүй, бууж өгсөн байдалтай байсан юм бэ?

-С.Баярцогт над руу хувь хүн рүү минь дайрах тактиктай орж ирсэн. Харин би тэр   боломжийг ашиглаж,  “Оюутолгойн гэрээ”-г ард түмэндээ илүү ойлгуулахыг л хүссэн. Тэр миний нэг ч асуултад хариулаагүй. Зөвхөн хувь хүн, нэр хүнд рүү минь дайрч мэтгэлцээнийг хэрүүл болгохыг хүссэн. Харин би нэр хүндээ золиослон байж гэрээний зүйл заалтын эргэн тойронд  ярих тактиктай байсан.Би алдаагүй, түүх дүгнэнэ.

-С.Баярцогтыг та үнэхээр лоббинд орж, авлига авсан гэж боддог уу?

-Тэгж боддог. Энэ бол хууль шүүхийнхний шийдэх асуудал. Би хувь хүний талаар ярих дургүй. Харин тэр хүний монголчуудын нэрийн өмнөөс хийсэн буруу үйлдэл,  шийдвэрийн эсрэг тэмцдэг. Хэдхэн сая долларын төлөө Монголын ард түмний  хүртэх ёстой олон тэрбум долларын ашгийг золиосолж хэрхэвч болохгүй. Энэ бол  олон мянган монголчуудыг ажилтай, орлоготой байлгах асуудал шүү дээ.

-АТГ болон хууль хяналтынхан С.Баярцогтыг  баривчилж шалгасан ч буцаагаад суллачихлаа. Цаашид хэргийг хааж ч магадгүй гэлцэж байна? 

-АТГ-ыг  С.Баярцогтын хулгайн мөнгөнөөс хуваалцсан гэж үзэж байна. Хэрэв  ингэсэн бол АТГ болон хууль хяналтын байгууллага  С.Баярцогтын хам хэрэгтнүүд гэсэн үг. Манай АТГ-хан Швейцарын хууль хяналтынхнаас ичиж амьдрах хэрэгтэй.

-Монголчууд “Оюутолгойн гэрээ”-г муу хийснээсээ сургамж авсан гэж бодсон үгүй бололтой. Түүнийгээ дахин муутгаж “Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан. Энэ мэтээр бидэнд онох тавилан ер нь байгаа болов уу?

-“Дубайн гэрээ”-нд  Ч.Сайханбилэг гарын үсэг зурсны дараахан би  Бат-Эрдэнэ гэдэг эрдэмтэн найзтайгаа “Turquoise hill”- ийн вэб сайтаас ухаж байж мэдээллийг нь олж авсан. Маргааш өглөө нь чуулганы нэгдсэн хуралдаан  дээр бүх гишүүдийн ширээн дээр  орчуулгатай нь хамт  тавьсан. Шанд нь “Ч.Сайханбилэг  босоо Ганбааг хэвтүүлжээ”  гэсэн алдарт үгээ хэлж,  баахан хөлсний бичээчдээр  намайг  баахан гөвүүлсэн. Товчхон хэлэхэд, муу улстөрчдөөс болж улс орон сүйрдэггүй, харин муу улстөрчдийн талаар юу ч хэлдэггүй, тэмцдэггүй ард түмэнтэй бол улс орон сүйрдэг. “Дубайн гэрээ” гэгч бол бидний тавилан биш ээ. “Дубайн гэрээ”-г  хийсэн муу улстөрчдөд ямар ч сонгуулиар  дүн тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй  ард түмэнтэй байгаа нь бидний тавилан юм даа.

-Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг илт өмөөрдөг байсан. Нэгэнт айлд өгсөн охиныхоо араас битгий гоншгоно гэж хүртэл хэлж байсан шүү дээ?

-Тухайн үед УИХ-ын хаалттай хуралдаан дээр Ц.Элбэгдоржийн эсрэг Оюутолгойн гэрээний талаар  би ганцаараа ярьж байсан даа. Мань хүн над руу маш бүдүүлгээр дайрч байсан. Тэгэхэд ҮАБЗ  болон Ц.Элбэгдоржид долоон бичиг явуулсан юм. Тэр үед МАН, АН хоёр  дуугардаггүй байсан. Одоо унасан хүний дээрээс өшиглөх сонирхол алга.

-Та ер нь улс төрийн тэмцлээ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш жаахан намжаачих шиг боллоо. Ямар нэг тактик байна уу?

-Тактик бий. Нөгөө талаас С.Ганбаатар л үргэлж тэмцэж ярьсаар байгаад гадны хөрөнгө оруулагчдыг үргээлээ, амьдрал яг сайхан болох, эдийн засаг босох гэхээр л садаа болоод байна гэж уйлан донгоддог хүмүүс яагаад таг болчхов оо. Оюутолгойн гэрээг гацаагаад байна гэж үргэлж сурталчилдаг улстөрчид, хөлсний бичээчдээс би асуумаар байна. Яагаад Оюутолгой  Монголд ашиггүй хэвээр  байна вэ. Ажилгүйдэл, өр зээл хэтэрлээ. Миний хувьд өнгөрсөн хоёр жил нуруугаа жаахан амрааж, намынхаа дотоод ажилд оролцож ирлээ. Би асуумаар байна, нөгөө эдийн засгийн өсөлт  нь хаана байна вэ. Оюутолгойнхон Монголыг харж үзэх хаа байна. Одоо  улстөрчдийг юу гацаагаад байгаа юм бэ. Би 12 жил зүтгэсэн хүний хувьд үр дүн, хариу нэхэх эрхтэй.

-Та ганцаараа үедээ, ХҮН намын даргаар  ажиллаж байхдаа  ч лидер байсан. Тэгвэл одоо МАХН-д орсноор  хоёрдугаар эгнээний лидер болоод явж байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Хүлээн зөвшөөрнө. Чин  үнэндээ биед их амар юм байна. Би нэгдүгээр  хүний зовлонг ойлгодог, дэм болохоо мэднэ ээ.

-Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр таны бодлоор үнэхээр ухаарсан, гэмшсэн, бас Монгол Улсыг шинээр хөгжүүлж чадах лидер мөн үү?

-Мөн. Түүн шиг “Мянганы  зам”-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Их өр” -ийг тэглэсэн, Тавантолгойг монголчуудад авч өгсөн лидер Монголд алга. Н.Энхбаяр их зоригтой хүн.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та биш, Н.Энхбаяр намаасаа нэр дэвшиж таарна. Гэтэл та Ерөнхийлөгч ч байж мэдэх рейтинг, байр суурь дээр зогсож  байгаа хүн. Энэ амбицаа хойш татаж чадах уу?

-Чадна. Монгол орон хөгжих нь хамгаас чухал.

-2020 оны сонгуулийг МАХН болон гуравдагч хүчнүүд мэдээж өөдрөгөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ л хоёр намын хайрцгаас гарч чадах нь юу л бол гэж бодогддог уу?

-Би 2020 оныг өөдрөгөөр боддог. Монголынхоо иргэдэд итгэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хоёр  тэрбумтныг нам цохино гэж цөөхөн хүн л өөдрөгөөр бодсон байх.Гэхдээ бид ялсан, харин тэд луйвардсан. Аливаа юмыг байгаагаар нь бус, ямар байж болох вэ гэдгээр нь харж сураасай.

-Та асуултад жаахан наагуур хариулаад байх шиг. Тиймээс  лавшруулаад  асуучихъя, хэрэв Монголын улс төр өөрчлөгдөхгүй,  Н.Энхбаярын намд хүрд эргүүлэх  боломж олдохгүй байсан ч та энэ намд  байгаад л байх уу?

-Байгаад л байна. Тухайн үедээ хүссэн бол албан тушаал сайдын суудал МАН, АН-аас надад албан ёсоор тавьж байсан. Би зарим улстөрчдөөс өөр бодолтой гэдэг нь, буруу бодолтой гэсэн үг биш.Би үзэл бодолтой хүн.

-Эх орны хишиг, Эрдэнийн хувь зэрэг популист амлалтуудыг эрх баригч намууд өнгөрсөн сонгуулиудаар өгч байсан. Тэгвэл энэ удаа “Итгэлийн зээл” гэх мэт бас л үргэлжлэх төлөвтэй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эд одоо бүр тэнэгэрч  эхэлж байна. Монголын ард түмнийг басаж болохгүй. Одоо  “Итгэлийн зээл” дараа нь хайрын зээл, дурлалын зээл гэх мэтчилэн үргэлжлэх байх даа.

-Төрийн толгойноос 30 шахам жил буулгүй ээлжилж засагласан цөөн хэдэн улстөрчийн буруугаас Монгол орон ийм байдалтай байна. Тэдний тоонд танай намын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл багтана. Та тэдэнд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Би өнгөрснөө дүгнэх тийм  ч дуртай биш, харин ирээдүйгээ ямар байж болох вэ, ямар гарц байна  вэ гэдэг талаас нь   илэрхийлж тэмцэх дуртай. Тиймээс “Надаас ирээдүйд монгол орон  минь яаж хөгжих вэ гэж асуугаач, надад төлөвлөгөө байна”  гэсэн сэдэвтэй, одоогоос  хоёр жилийн өмнө тавьсан лекцийн минь талаар асуу л даа,  миний бичсэн  “Монголоо яаж хөгжүүлэх вэ”   номын минь талаар асуугаач.

-Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Х.Баттулга, М.Энхболд, Н.Алтанхуяг гээд энэ нэрс хөвөрнө. Та тэдний хэнд нь хамгийн гайгүй үнэлгээ өгөх вэ?

-“Агуу хүн үзэл санаа ярьдаг. Дунд хүн үйл хэрэг ярьдаг. Адгийн хүн хувь хүний тухай ярьдаг” гэдэг дээ.  Би хувь хүний талаар ярих дургүй. Тэр бүү хэл,  С.Баярцогт, Б.Баабар мэтийн хүмүүсийн талаар ч ярьж байгаагүй. Гэхдээ нэг зүйл хэлье, таны нэрийг нь  дурдсан энэ хүмүүсийн үед Монгол орон бүрэн дампуурч байна. Бид энэ хүмүүсийн жишгээр явбал Монголын хойч  үе аль нэг хөршийн захын мужид амьдрах гашуун дүр зураг харагдаж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Миний олон жилийн тэмцэл үр дүнгүй өнгөрөхөөс л эмээдэг. Гэхдээ тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол аль хэдийн ялагдсан байдгийг үзэгчийн суудалд суугаа зарим нөхдөдөө аминчлан анхааруулъя. Монгол Улсын өр зээл,ажилгүйдэл,орлогогүйн түвшин,цөлжилт ядуурлыг хар л даа. Үүнээс үүдээд архидалт, гэр бүл салалт, утаа гээд хөвөрнө.Үүнийг олж харахгүй байгаа бол нүдтэй байгаад ч хэрэг алга.

-У.Хүрэлсүхийг олон нийт  таныг шүүмжилдэг шигээ мөн л  популист фронтод багтааж шүүмжилдэг. Таны хувьд түүний улс төрийн шийдвэр, тэмцлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Намайг шүүмжилдэггүй. Харин дайснууд маань намайг “ПОПЫН ХААН” гэж  цоллодог. Би шударга баримттай, гарц шийдэлтэй Оюутолгойн гэрээ, “Дубайн гэрээ”, цалин тэтгэврийн гэх мэт тэмцэл хийснээрээ иргэдэд хайрлагддаг. Харин сандарсан эрх баригчид болон “Рио-Тинто”-гийнхон их мөнгө гаргаж хөлсний бичээчдээр харамгүй цоллодог. Энэ нь ямар ч насгүй гүтгэлэг төдий юм даа. Миний тэмцлийн фронтод худал ярьж шоронгийн түлхүүр булаацалдсан улстөрчдийг битгий хутга.

-Ардчилсан намын дотоод дахь зөрчлийг хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна даа.  Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дайн 2020 онд дахин эрх барина гэсэн найдлага дээр суурилж байх шиг ээ?

-Би МАН, АН-ын шударга гишүүдийг хүндэтгэдэг. Тэд миний шударга тэмцлийг дэмждэгт гүнээ талархдаг. Харин гишүүд дэмжигчдийнхээ эх орноо гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж хагартлаа баяжсан мафийн  толгойлогчдыг Монголын дайсан гэж  үздэг. Дайсныхаа бие биенээ хэмлэж нуран унаж байгаа байдалд би садаа болж болохгүй гэсэн бодолтой байна.

-Улс төрийн намуудын өнөөдрийн сэдэв бол Хэнтий аймагт болох  нөхөн сонгууль. Энэ сонгууль намуудын рейтингийг тогтооно гэж зарим нь ярьж байгаа. Бүх нам, нэр дэвших хүсэлтэй горилогчид бие биеийнхээ мөр дээр гишгэн ар араасаа 42 дугаар тойрогт очсон нь үүнийг гэрчилж байх шиг?

-Тиймээ. МАХН  42 дугаар  тойрогт ялна гэдэгт итгэл дүүрэн байна. Ялахгүй байх нэг л шалтгаан байна. МАН, АН хоёр  биднийг дэмжиж буй хэнтийчүүдээс айсандаа,  үнэнд гүйцэгдэхээс айсандаа дохио зангаагаар нь хөдөлдөг шүүгч нараараа  нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй.

-МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, та хоёрын хэн нь дэвших гэж байна вэ?

-Энэ асуудлыг ойрын үед  намын  Бага чуулганаар  шийднэ.

-Танд бол нэр дэвших юмсан  гэсэн  амбиц байгаа л биз дээ.  Би андуураагүй бол Хэнтий аймгийнхан  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар таныг нэгээр гаргасан санагдах юм?

-Та андуураагүй.

-Тэгвэл  хэнтийчүүд 2017 онд яагаад танд итгэл үзүүлсэн юм бол. Энд ямар нэг  учир байна уу. Та болоод танай намын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийнхантай ямар нэг холбоо хэлхээ, эрт эдүгээгийн хамтын ажиллагаа  байдаг уу?

-Хэнтийчүүд ухаалаг. Тэд надтай адил Монголын ирээдүйд санаа зовдог, хайртай.Бид нэг шаналалтай, нэг мөрөөдөлтэй. Энэ л бидний холбоос. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар жирийн иргэдийг 50-100 мянган төгрөгөөр  худалдаж авч болно гэж итгэсэн увайгүй улстөрчдөд хатуу цохилт өгсөн. Монголын уул уурхайн баялаг хэдхэн олигархын  биш, Монголын нийт ард иргэдийн сайн сайхны төлөө байх ёстой гэсэн нэг үнэт зүйлтэй. Бид хамтдаа даварсан эрх баригчид, танхайрсан шүүгч нарын хандыг даръя гэсэн нэг ижил хүсэлтэй.

-Одоо та,  Х.Баттулгын хийж, хэрэгжүүлж байгааг хараад түүний оронд байсан бол тэрийг тэгэх байсан, энийг нь ингэх гэж бодогдох юм уу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн  сонгуулиас хойш  хоёр жил өнгөрлөө. Түүний зүгээс явуулж байгаа бодлогын талаар та  юу  хэлэх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа  хүн улсын  гурван талт хэлэлцээрийг ашиглаж,  ажлын байр олноор бий болгоход  хүчээ төвлөрүүлэх ёстой. Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр нэн яаралтай хэлэлцүүлж Монголын ард түмэнд ашигтай болгох хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг усжуулалтын нэгдсэн бодлого гаргаж яаралтай бодит ажил хийх ёстой.

-Н.Энхбаяр, түүний намынхан Үндсэн хуулийг үндсээр нь шинэчилж Дээд хуулийн төсөл гээчийг  боловсрууллаа гэж хэдэн жил ярилаа. Та ч гэсэн Н.Энхбаяртай хөтлөлцөөд тэр хуулийн төслийг  сурталчлаад яваа. Ер нь тэр  төслийг боловсруулахад  таны оролцоо, хувь нэмэр нь юу байв. Өөрөөр хэлбэл таныг  хэдэн хувьтай оролцов гэж асуугаад байна л даа?

-Манай намынхнаас   асуу. Би өөрийгөө дүгнэмээргүй байна.

-Дээд хуулийг батлуулчихвал ард түмэн амар сайхандаа жаргах юм шигээр сурталчлах юм. Үнэхээр тэгээд Монгол Улс, ард түмний амьдрал үлгэрт гардаг шиг сайхан болчих уу?

-Болно. Үүнээс өөр туршиж үзэх замгүй болтлоо үгүйрэн хоосорч ядарч байгаагаа монголчууд минь ухаарч  ойлгооч. 1990 оноос хойш 29 жил өрөнд баригдаж өтөнд идэгдлээ. Нэг мэдсэн ажилгүйдэл ядуурлын гүн нүхэнд гурван сая монголчууд бүгд орчихсон байна. Нүхэнд байгаа хүнд өгөх хамгийн эхний зөвлөгөө юу гээч. Нэгдүгээрт, ухсан нүхээ үргэлжлүүлэн ухахаа зогсоо. Хоёрдугаарт, нүхэнд шигдэж үхэхээсээ өмнө өөрөөр сэтгэж, өөр гарц яаралтай ол. Гуравдугаарт нь 29 жил буруу замаар явснаа хүлээн зөвшөөр. Будаа болтлоо сүйрчхээд байхад шавар бурхан шиг ямар ч нэмэргүй  байгаа Үндсэн хуулиа өөрчлөхөөс бүү ай. Харин одоо байгаа сүйрлийн нөхцлөөсөө ай. Үндсэн хууль бол бурхан тэнгэрийн зарлиг биш, харин бидний хэлэлцэх ёстой нийгмийн гэрээ юм.

-Монгол Улс хэзээ “Одоо л сайхан болж байна даа” гэтэл хөгжиж, монголчууд хөл хөсөр, гар газар жаргах юм бол?

-Бидний санал болгож байгаа Шинэ дээд хуулийг баталсан үед, тэнд нэгдүгээрт  идэж уудаг луйварчин сайд дарга улстөрчдийг яаж жирийн иргэд хариуцлага тооцон шоронд оруулдаг вэ гэдгийг нарийвчилж заасан. Өнөөдрийн Үндсэн хуульд  сайд дарга нар чөлөөтэй хулгай хийж болно, үсрээд л улстөрчид олзоо булаацалдаж хоорондоо зодолдож, ганц нэгийгээ түр шоронд хийхийг горьдож хүлээх л ард түмэнд үлдсэн. Бидний санал болгож буй Дээд хуульд улстөрчдийн хулгайн гол объект болох уул уурхайн баялаг гурван  сая монголчуудын дундын өмч байна аа гэж заасан. Одоогийн Үндсэн хуульд уул уурхайн баялаг гурван  сая хүнд огт падгүй. Сайд дарга нарын дундын өмч мэтээр заасан. Тэр нь төрийн өмч гэсэн хөөрхөн нэртэй. За иймэрхүү байх шив дээ, сайхан шударга асуултууд асуусанд баярлалаа,өндөрлөе.  Монгол оронд улс төрийн ган зуд болж байна. Гэхдээ бороо орохдоо л орно, ногоо ургахдаа л ургана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603916
0 эможи

С.Ганбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up