Л.Оюун-Эрдэнэ сайд аа! өмч хувьчлалд хийсэн шалгалтын дүгнэлтээ хэзээ танилцуулах вэ?

2019 оны 5 сарын 08

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг аваад удалгүй 1992 оноос хойш явагдсан өмч хувьчлалыг шалгах Ажлын хэсэг томилсон байгаа. Хоёрдугаар сарын 25-нд ажлаа эхэлсэн Ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаа юу хийж амжуулсан бол?

Ямартай ч Ажлын хэсгийн сургаар Еөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ихээхэн сандарч “Л.Оюун-Эрдэнэ ээ, өмч хувьчлалыг шалгаад чи юу ч олохгүй. Чамд хийх ажил зөндөө байна” хэмээн сургааль айлдаж байв.

Өөрт хамаатай, хамааралгүй төрийн хэрэгт, бусдын ажилд хошуу дүрэх нь З.Энхболдын хувьд ердийн зүйл ч тэр 1996-2000 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж, олон тооны үйлдвэр, аж ахуйн нэгжийг хямд үнээр хувьчилсан хэргийн гол эзэн.

Түүний ЗГХЭГ-ын даргын томилсон Ажлын хэсэгт эмзэг хандах, яаран мэдэгдэл хийх гол шалгааныг шалгалтаар өөрт нь хамаатай олон баримт дэлгэгдэх вий гэсэн айдасаас хайвал нэлээн этгээд дүр зургийг гарган ирж болох юм.

1996-2000 он бол З.Энхболдын төрийн өмчийг эзэн хаан шиг захиран зарцуулсан он жилүүд байсан. Энэ он жилүүдэд АН-ынхан, тэр дундаа З.Энхболд, Н.Алтанхуяг нар өмч хувьчлалыг голлон явуулж, их хэмжээний төрийн хөрөнгийг хувьд шилжүүлсэн гэж нийгэм дүгнэдэг.

Энэ дүгнэлт зүгээр нэг хоосон ярианаас үүсээгүй. З.Энхболдыг ТӨХ-ны даргаар ажиллаж байх 1996-2000 оны 9 дүгээр сар хүртэл Төрийн өмчийн хороо 928 аж ахуйн нэгжийн 46.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн байдаг юм. Мөн Монголын хамгийн анхны банк дампуурах үйл явц ч энэ он жилүүдэд болж Сэргээн босголт банкийг төрийн өмчөөс Голомт банк руу шилжүүлж, тодорхой улстөрчид мөнгө угаасан байдаг.

Түүнчлэн З.Энхболд төрийн дэг жаяг, хууль дүрмийг анх удаа эвдэж, 1998 оны наймдугаар сард төрийн өмчийн газар Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоон, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг ажлаас чөлөөлөн, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилж, үйлдвэрийн хаалгыг эвдэн орж байв. Монгол төрийн түүхэн дэх эмх замбараагүй байдал, хар бараан үйл явдлуудыг эхлүүлсэн З.Энхболд өмч хувьчлалыг шалгах Ажлын хэсгээс эмээж буй олон шалтгааны тоонд эдгээр баримт ч багтаж байхыг үгүйсгэхгүй.

Энэ бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, үрэн таран хийх нөхцөл бүрдүүлсэн бодлогын алдаа. Тэдгээрийн цаана төрийн өмчийг хулгайлах гэмт хэрэг нуугдаж байсан юм. Энэ үеэс Монголын төрд ажиллахаар томилогдсон хүмүүс албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, хууль бусаар үрэгдүүлэх эхлэл тавигдсан нь үнэн юм.

УИХ 2002 онд Ажлын хэсэг томилж, 1996-2000 онд явагдсан өмч хувьчлал, ТӨХ-ны үйл ажиллагааг шалгасан байдаг. Шалгалтын баг М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар 1997 онд УИХ-ын шийдэх ёстой байсан “Төрийн өмчийг хувьчлах уу, хувьчилсан тохиолдолд төр аль хөрөнгөө авч үлдэх вэ. Алийг нь хувьчлах вэ”  гэдэг зарчмыг зөрчин өмч хувьчлалыг эхлүүлсэн .

З.Энхболдын толгойлсон ТӨХ томоохон аж ахуйн нэгжийн хувьчлалд нэг л арга хэрэглэсэн. Тухайн үеийн удирдлагууд байгууллагаа зориуд өрөнд баригдуулж,  төрийн өмчийг үнэгүйдүүлэн, хувьчлах арга сэдсэн. Өмч хувьчлалд үнэгүйдүүлэх арга өргөн хэрэглэсэн гэдгийг УИХ-ын Ажлын хэсэг дүгнэсэн байдаг.

Ийнхүү хувьчлал нэрийн дор Монголын баялаг ардчилагчдын халаасанд орсон бөгөөд харин улс төрчид төрийн өмчийг санаатайгаар завших, авлигын гэмт хэрэг үйлдэх эхлэлээ тавьж, Монголын төрийн албыг боломж, ашиг олох хөлжих хэрэгсэл хэмээн харах болсон гэвэл үнэнд нэлээд ойртох болов уу.

Энэ үеэс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн эхний цуваа эндээс төрж, баян, ядуугийн ялгаа улам бүр ихсэн, хөрөнгө мөнгөтэй, нэр нөлөө бүхий улс төрчдийн амьдралд шинэ эргэлт гарсан гэдгийг нийгэм өнөөдөр олж харахтайгаа болжээ. Харин тэд 2002-2015 оны хооронд хэд хэдэн удаа эдийн засгийн өршөөлийн хууль батлуулж, хуулийн хамгаалалтанд орчихсон яваа юм.

Төрийн өмчийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан хүмүүст төлбөр ногдуулж барагдуулах, хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, шударга бус явагдсан зарим хувьчлалыг залруулах ажлуудыг хийхэд өнөөдөр ч оройтоогүй байна. ЗГХЭГ-ын дарга аа! Таны томилсон өмч хувьчлалыг шалгах Ажлын хэсгийн шалгалт ямар түвшинд явж байна вэ. Шалгалтын тухай мэдээлэл, эндээс гарах үр дүнг иргэд хүлээж байгааг битгий мартаарай.

С.ЭРДЭНЭ

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603211
1 эможи

зочин
2019-05-08 13:45
Оюунэрдэнэ гэж сайхан шоовуучин ПОП….. жинхэн троолыл үүсгэгч[МОНГОЛД} ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглогч Хүрэлсүхийн гар хөл бологч
keyboard_arrow_up