33 их наядын луйврыг илрүүлэх юм бол АТГ-ын шинэ даргыг төр соёрхсон ч багадна

2019 оны 5 сарын 06

Arslan.mn

УИХ-аар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг солилоо. Наанаа нэг хоёр хүнийг чөлөөлж байгаа мэт ч цаад талдаа их урт өрнөсөн үйл явдал ийн шувтарч байна.

Ерөнхийдөө эрх баригчид өөрсдийн итгэлтэй хүмүүсийг албан тушаалд суулгах сонирхолтой байдаг. Энэ нь АТГ-ын нэг ч дарга бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүйгээс ч харагддаг юм. Тиймээс намдаа нөлөөгөө алдсан, албан тушаалаасаа буусан хэний ч араас өөрийнх нь албан тушаалд томилсон хүмүүсийг явуулах аян өрнөдөг. АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдож байв. Хуулиараа Ерөнхийлөгч нь АТГ-ын дарга, шүүх, прокуроруудыг томилуулах саналаа УИХ-д оруулдаг. Үүнийг нь дагаад мөрдөн шалгах, хянах, шүүх эрх мэдэлд нөлөөгөө тогтоож байна гэх хардлага бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэнтээ үүнийг “Шударга бусын хонгил” хэмээн нэрлэж байв. Харин энэ хонгилыг өнөөгийн эрх баригчид авах нөр их ажил Х.Энхжаргалыг огцруулснаар дуусч байна. Мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан байх магадлалын дуулианаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүх, хуулийн албан тушаалтнуудыг чөлөөлж, огцруулах эрх мэдэлтэй болсон юм.

Үндсэн сэдэв рүүгээ ороход хурандаа Х.Энхжаргал өөрийг нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ноцтой зүйл ярилаа. Тэрбээр Монгол Улсын авлигын индекс өндөр байгааг тайлбарлахдаа 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөгийг уучилсан явдал нөлөөлсөн хэмээв. Тодруулбал, тэрбээр “Намайг томилогдсоноос хойших хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс эхлээд 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ пад хар болсон. Үүн дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хэрэг нээж болохгүй ийм асуудал. Татварын ерөнхий газар дээр нууцлалтай байгаа. Ерөнхий прокурор зөвшөөрсний дагуу АТГ дээр тоонуудтай нь хальт танилцсан. Энэ өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн. Тиймээс авлигын индекс өссөн болов уу.

Би хоёр жил арван cap АТГ-ын олон сайхан залуучуудтай хамтарч ажиллах хугацаандаа анхаарал татсан ихэнх хэргүүдийг шалгаад гайгүй үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. Арваад хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд болон УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарт Оюутолгойтой холбоотой товхимолыгөгсөн байгаа. Энд ноцтой асуудлууд багтсан. Бусад анхаарал татсан хэргүүдийн тухайд Ерөнхий прокурорт гурван боть 69 хэргийн материалыг өгнө. Тэр дээр тодорхой харагдах байх. УИХ-ын танхимд ямар нэгэн эрүүгийн хэрэг ярих эрх байхгүй” гэсэн юм.

Х.Энхжаргал бол сэтгүүлчдийн нүдээр ам чангатай хүн. Ажилласан гурван жил шахам хугацаандаа “За яах вэ”, “За мэдэхгүй ээ” гэдгээс өөр үг сэтгүүлчдэд унагаагүй байх аа. Харин яг ажлаа өгөхдөө “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг томоохон хэргүүдийн талаар мэдэгдэл хийх нь тэр. Ялангуяа 33 их наяд төгрөгийн асуудал дээр хуулийн байгууллагынхан ажиллах, иргэд яг юу болсон талаар нэхэх эрхтэй. 33 их наяд гэдэг бол манай улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Хэдэн мянган сургууль, цэцэрлэг барих боломжтой, бүх оум хүрэх замаа хатуу хучилттай болгож болох тоо. Үгүй ядаж талаар нь нийтийн орон сууц барихад гэр хорооллыг алга болгочих хэмжээний хөрөнгө. Үүнийг хууль гаргаж өршөөсөн, тэрийг нь хууль хүчний байгууллагын удирдлагууд мэдсэн ч нүдээ аниад явж байсан гэдгийг хэн тайлбарлах юм бэ. Ийм болохоор л улс орон хөгжихгүй байгаа юм биш үү.

Ер нь бид төрөөс тийм ч их зүйл хүсдэггүй. Амьдрах орчин аюулгүй байгаасай, хүүхдээ цэцэрлэгт өгчих юмсан гэх мэтийн л зүйл бий. Эмч, багш нарын цалин хэдэн төгрөг байгаа билээ. Эмч, багш нар цалингаа сая төгрөг болгохыг олон жил шаардаж байна. Тэдэнд боломжгүй гэсэн хариулт өгч, яаж ийж аргалаад өнгөрдөг. Одоо Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол найгаа алдлаа. Эрүүл аюулгүй орчин бүү хэл ус ууж, амьсгалах ч арга алга Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд цэцэрлэгийн гадна дугаарлаад хонодог байдал хэвээрээ. Гэтэл төрийн эрх баригчид нь их наядаар яригдах мөнгийг зүгээр өршөөсөн байх юм.

Хамгийн гол нь хууль баталж хулгай хийсэн бол яах вэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулах гэж байхдаа олон жил бугшсан нууц мөнгийг ил гаргах санаачилга гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл АТГ-ын экс дарга үүнийг бондын мөнгийг үрээд түүнийгээ өршөөсөн гэж тайлбарлаж байна. Хэн нэтий биш улсаа барьцаалж зээл авсан мөнгөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хувааж авчхаад дараа нь өршөөсөн болж таарах гээд байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр AH, МАН гэж ялгаралгүй бүх хүн анхаарлаа хандуулах цаг нь болжээ. АТГ-ын дарга асан албан тушаалаа өгөхдөө шаралхаад хэлчихсэн зүйл биш байх. Магадгүй өөрсдийнх нь талаар мэдэж байгаагаа далдуур илэрхийлж өөрийг нь оролдохгүй байхыг сануулсан болов уу. Түүнээс хоёр жил арван сарын хугацаанд томоохон мэдэгдэл хийгээгүй хүн ажлаа өгөхдөө ам алдана гэж юу байх вэ дээ. Бонд босгож олсон мөнгөөрөө хөгжлөө ахиулаагүй хулгайчдад бэлэглэсэн бол эх орноосоо урвасан хэрэг. Үүнийг явж байгаа АТГ-ын дарга хэлж байгаа бол ирж буй дарга нараас нь нийтээрээ шаардах хэрэгтэй. Төмөр замын далангийн 280 сая ам.доллар, “60 тэрбум”, ЖДҮ-чид гээд байдаг чинь 33 их наядын дэргэд бараг хүүхдийн тоглоом болох юм байна. Тийм болохоор Авлигатай тэмцэх газрын шинэ дарга Э.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар 33 их наядын луйврыг илрүүлэх юм бол төр соёрхсон ч багадна. Хэрэг мөн байна гэж мэдсэн байтлаа юу ч хийхгүй байхын оронд яаж ийгээд ард нь гарах ёстой. АТГ-ын шинэ дарга нарын чансааг энэ хэрэг л харуулах болов уу.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603077
1 эможи

keyboard_arrow_up