У.Хүрэлсүхээс зүүгдсэн “түмпэн”

2019 оны 4 сарын 23

ГЭРЭЛ ЗУРГИЙГ  MPA.MN

Судалгаануудаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг өндөр гарч байна.

Лав сүүлийн арваад жилд МАН-ын даргын нэр хүнд ингэж өсч байгаагүйг судлаачид хэллээ. Энэ үнэний ортой л доо.

Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийн хувийн рейтинг юм. Тэр намын дарга, тиймээс намаар нь харвал бас өөр болно. Учир нь У.Хүрэлсүхийн энэ үнэлгээг нам унагах хэмжээний хэдэн улстөрч МАН-д бий.

Тэднээс хамгийн түрүүнд нэрлэж болох хүн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир юм.

Энэ этгээд ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон. ЖДҮ-гийн хэрэг бол муухай л даа. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгай санд төвлөрүүлсэн бага хүүтэй зээлийг Д.Дамба-Очир “хусчихсан” юм.

Тэрээр “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХС-гаас авсан зээлтэй нэр холбогдсон. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжсэн байдаг.

“Сапфир стоун” ХХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг. Зээл авах хүртлээ ямар нэг үйл ажиллагаа явуулж ирсэн нь ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, яаж яваад 1.0 сая төгрөгийн хөрөнгөтэй компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаарал татахаар байгаа юм.

Тиймээс АТГ-ынхан мань гишүүнийг ЖДҮХС-гийн 1.2 тэрбум “Сапфир стоун” ХХК-ийн данс руу орсноос хойш нааш нь цааш нь болгосон асуудлаар шалгасан байна.

Харин Д.Дамба-Очир “…Энэ асуудалд би хамаагүй” гэж анхнаасаа гүрийсэн. Гэвч хамаатай гээд хуулийн байгууллага гаргаад ирсэн.

Ингэсэн  ч  “…Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж бас гүрийсэн. Гэтэл АТГ,  прокуророос түүнд холбогдох хэргийг өөр хоёр гишүүнийхтэй хамт шүүх рүү шилжүүлсэн байгаа юм.

Байдал ийм дээрээ тулчихаад байхад гүрийсэн хэвээрээ л байгаа. Хэрэг нь цагаадсан хэдэн гишүүний тоонд өөрийгөө оруулчихсан л тууж явна лээ.

Энэ талаас нь харахаар бас л өөдрөг гүргэр хүн юм.

Ер нь бол Д.Дамба-Очир гишүүн ЖДҮ-гийн асуудалд хамаатайгийн цаагуур хамаатай. Энэ хүний холбогдсон “Сапфир стоун” ХХК-ийн дансаар орсон ЖДҮХС-гийн 1.2 тэрбум төгрөг гарахдаа  “…Тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтээр ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй” байдлаар зарцуулагдсан байна.

Тэгэхээр Д.Дамба-Очир “…Би буруугүй” гэдэг үгээ шүүх дээр л нотлох ёстой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Д.Дамба-Очир ингээд УИХ-ын гишүүн гээд явж байх ёс зүйн хувьд боломжгүй хүн гэгддэг. Япон мэтийн ёс зүй, ёс суртахуун ярьдаг, түүнээс үхтлээ ичдэг оронд бол төр рүү зүтгэх нь битгий хэл л юм болно.

Гэсэн ч Монголд бол өөр ажээ.

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Дамба-Очир 2016 онд дахин нэр дэвшиж сонгогдсон.

Энэ хүн 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж байсан. Дараа нь Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106 километр замыг долоон жилийн турш барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Д.Дамба-Очирын энэ зам тавиад жил ч бололгүй өвөл нь энд тэндээ овойж хөлдөөд, хавар гэсэхээрээ бутарч унаад онгойсон хар нүх болсон доо. Хүмүүс мартаагүй л байгаа.

Энэ замаас болж хохирсон жолооч нар Д.Дамба-Очирыг шүүхэд өгч байсан удаа бий.

Үүнээс гадна Д.Дамба-Очиртой холбоотой олон асуудал бий.

Саяхан даа, “Очир” төвд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох үеэр талийгаач охины өвөө Т.Лхагвасүрэн “… Хэрэг болсны дараахан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Наад хэргээ наашаа явуулчих гэж хэлсэн байдаг. Энэ хэрэгт хамгийн их нөлөөлж байгаа хүн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир” гэж хэвлэлд ярьсан нь бий.

Гэвч энэ бүгдийг мань эр тоох ч үгүй.

Тэрээр УИХ-ын гишүүн байтугай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга болчихоод Тавантолгойн станц, нүүрсний орд, төмөр зам, ТЭЦ-III, Гацууртын төсөл зэрэг мега төслүүдийг ярьсан шиг сууж байна.

Ингэж арай болохгүй ээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ёстой зээлийг туучихаад улсын том том төслүүдийг базчихсан Монгол төрийн эрх барих дээд байгууллагын хамгийн том Байнгын хороог даргалаад сууж байна гэдэг шударга ёсонд нийцэх үү. Монголд шударга ёс үнэхээр тогтож, хуульт ёсны тогтолцоо үнэхээр өөрчлөгдөж байгаа бол тэр бүхэн Д.Дамба-Очирыг “байранд нь тавих”-аас эхлэх ёстой. Эс тэгвээс энэ хүн удахгүй болох сонгуулиар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэнгэрт тулсан рейтингийг намтай нь хамт татаад унагана. Юу үнэн, тэр үнэн юм.

Сүүлнээсээ түмпэн зүүлгэсэн азарга яадгийг мэдэхгүй хүн ховор доо. “…Түмпэн зүүсэн цагаан азарга” гээд ярьдаг даа. Сүйдэлнэ шүү дээ. Азарга ч балардаг. Хавь ойрынхноо ч түйвээнэ.

Угтаа Д.Дамба-Очирыг энэ хэвээр байлгаад байвал 2020 оны сонгуулиар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс зүүгдсэн “түмпэн” лүгээ адил болно доо.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602555
0 эможи

Иргэн
2019-04-24 11:33
Харин энэ хогийг л дахиад сонгохгүй юм шүү?!
Зочин
2019-04-23 19:41
Баттулга ерөнхийлөгч Оюунэрдэнэ хоёр Хүрэлсүхийн нэр хүндийг өсгөөд байдаг Энэ мэт төмпөнгүүд чангаагаад байдаг
Иргэн
2019-04-23 10:03
Эдийн засгийн байнгийн хорооны даргын хувьд Капитал банкны дампууралд хариуцлага үүрэх хүн мөнөөс мөн
keyboard_arrow_up