ШХАБ–ын талаарх зарим эргэцүүлэл
ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлаар өргөн дэлгэр мэтгэлцээн өрнөж байна. Ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь ардчиллын хэвийн үйл явц мөн билээ. Бид ШХАБ-д элсэнэ гээд НҮБ-ын индэр дээрээс зарлачихаагүй байна.
ШХАБ бол НҮБ-д бүртгэлтэй бүс нутгийн Засгийн газар хоорондын олон улсын олон байгууллагын л нэг юм. 1996 оны дөрөвдүгээр сард үндэс сууриа тавьж, 2001 оны зургадугаар сард ШХАБ-ыг үүсгэн байгуулах тухай Тунхаглал болон Шанхайн конвенцид гарын үсэг зуржээ. Тунхаглалд “Сайн хөршийн харилцаа, оролцогч улс хоорондын харилцан итгэлцэл, найрамдал, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын бэхжүүлэх, хамтран хөгжих явдлыг дэмжин гүнзгийрүүлэхэд “Шанхайн тав”-ын таван жилийн турш орших хугацаандаа гүйцэтгэсэн эерэг үүргийг өндрөөр үнэлэн, “Шанхайн тав”-ыг байгуулж хөгжүүлэх, “хүйтэн дайн” эцэс болсны дараах нөхцөл байдалд хүн төрөлхтний хэрэгцээ эрмэлзэл, энхтайван болон хөгжил рүү тэмүүлсэн түүхэн хандлагад зохицох, өөр өөр иргэншил болон олон янзын соёлын уламжлал тээгч улс орнуудын хооронд харилцан хүндэтгэл, харилцан итгэлцлээр дамжин сайн хөршийн харилцаа, нэгдэл болон хамтын ажиллагааны үлэмж нөөц чадавхийг дэлгэрүүлнэ гэдэгт санаа нэг байж…бүс нутаг болон дэлхий нийтийн энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг дэмжих үйлст чухал хувь нэмэр оруулсан, орчин үеийн дипломат болон бүс нутгийн хамтын ажиллагааны практикийг нэн баяжуулсан, олон улсын хамтын нийгэмлэгт өргөн, эерэг нөлөө үзүүлснийг онцлон тэмдэглэж, төрийн тэргүүн нар XXI зуунд улс төрийн олон туйлт, эдийн засгийн болон мэдээллийн даяаршлын үйл явцын эрчимтэй хөгжлийн нөхцөлд “Шанхайн тав”-ын механизмыг хамтын ажиллагааны илүү өндөр төвшинд шилжүүлэх нь нээгдэж буй боломжийг илүү бүтээмжтэй хамтран ашиглах, шинэ сорилт, аюулын эсрэг зогсоход хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэн дараах зүйлийг ёслол төгөлдөр тунхаглаж байна” гэжээ.
ШХАБ-ын зорилго нь оролцогч улсуудын хооронд харилцан итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, тэдгээрийн хооронд улс төр, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, боловсрол, эрчим хүч, тээвэр, байгаль орчин болон бусад салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, бүс нутгийн энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалах, шинэ ардчилсан, шударга, зүй зохистой улс төр, эдийн засгийн олон улсын шинэ дэг журмыг байгуулахад хамтын чармайлт гаргахад оршино гэжээ. НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчим, тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эрх тэгш болон хоорондын ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчим, бүх асуудлыг харилцан зөвлөлдөх замаар шийдэх, дотоод хэрэгт үл оролцох, цэргийн хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэх, хилийн бүсэд нэг талын цэргийн хүчний давуу байдлаас татгалзах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ гэжээ. ШХАБ терроризм, салан тусгаарлах, шашны хэт туйлшрах үзэлтэй тэмцэх, үүнээс гадна зэвсэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус цагаачлал болон бусад төрлийн гэмт үйл ажиллагааг таслан зогсоох талаар хамтран ажиллах тухай заасан байдаг. 2002 оны зургадугаар сард Санкт-Петербургт болсон ШХАБ-ын дээд уулзалтаар байгууллагын Хартийг баталжээ. 2007 оны наймдугаар сард Бишкект болсон ШХАБ-ын дээд төвшний уулзалтаар гишүүн орнуудын төрийн тэргүүн нар “…Гишүүн орнуудын Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ”-нд гарын үсэг зуржээ.
ШХАБ нь НҮБ-тай хамтын ажиллагааны хамтарсан Тунхаглал гаргасан, Ерөнхий Ассамблей, ЕХ, АСЕАН, ТУХН, Исламын бага хурлын байгууллагад ажиглагчийн статустай. АНУ тус байгууллагад ажиглагч гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн боловч 2005 онд Төв Азийн бүс нутагт оршдоггүй хэмээн татгалзсан хариу сонсч байжээ.
Монгол Улс 2004 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон ШХАБ-ын дээд уулзалтаас ажиглагчийн статустай болсон. Тиймээс 2005 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар жил бүр зохиодог өөр өөрсдийн төвшний уулзалтуудад оролцсоор иржээ. Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад оновчтой оролцох бодлогынхоо хүрээнд ШХАБ-ыг Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзсээр ирэв. Монгол Улс ШХАБ-тай НБДНГ-тай тохиролцсоны дагуу Ажил хэргийн Зөвлөлийн ээлжит хуралдааныг анх удаа ажиглагч оронд буюу Улаанбаатар хотноо 2010 оны эхээр зохион байгуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол Улсын хилийн баруун хязгаарт олон талт хамтын ажиллагааны бүтэц буй болсон нь тус бүс нутагт тогтвортой байдлыг хангах Монгол Улсын бодлогод нийцэж байгаа юм. Тиймээс Монгол Улсын энэ байгууллагад ажиглагчийн статустай байгаа нь хангалттай ч Монгол Улсын сонирхож буй хамтын ажиллагааны бусад салбарт ажиглагчийн хэмжээнд хамрагдах бололцоогүй нь өөрийн эрх ашигт нийцсэн оролцооны өөр гарцыг буй болгох талаар идэвхтэй ажиглах, ажиллахад хүргэж байгаа нь тодорхой.
2013 оны долдугаар сарын 19-нд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Энэтхэг, Иран, Пакистан, Монгол ажиглагчийн статустай орны хувьд багагүй зүйлийг хийсэн. ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын нэгэн зорилт нь ажиглагчийн статустай орнуудын үүргийг байгууллагын үйл ажиллагаанд өргөжүүлэх алхам цаашид хийхэд оршино” гэж байсан юм. Үүнээс хойш зургаан жил өнгөрөхөд ШХАБ ажиглагч орнуудтайгаа хамтын ажиллагааны үзэл баримтлалыг гаргаагүй л байна. Бид үүнийг хүлээх шаардлага байж болох юм.
Орос, Монгол, Хятад гурван хөршийн дээд төвшний уулзалтын үндэс суурь нь ШХАБ-ын дээд уулзалтын хүрээнд тавигдсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй болов уу. “Бүс ба зам” мега төсөл хэрэгжиж, Евро-Азийн эдийн засгийн холбооны интеграци идэвхжиж, гурван улсын эдийн засгийн коридор ТЭЗҮ-ээ боловсруулаад явж байна. Монгол Улсаас хоёр хөрштэй тогтоосон худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хэвийн явагдаж байгаа билээ.
ШХАБ-ыг бүрэн институцчлэгдээгүй, мөн төлөвших болоогүй байна хэмээн мэдэмхийрэх нь буй. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагуудын төлөвшлийг хэмжих шалгуур үзүүлэлт, албан ёсны тогтоосон стандарт гэж байдаггүй. ШХАБ-ын үндэс суурь тавигдаад 23 жил болсон байна. Энэ бол олон улсын бүс нутгийн байгууллага төлөвших хангалттай хугацаа мөн. Тиймээс ШХАБ шинэ гишүүдээр өргөжсөөр байгаа билээ.
Монгол Улс ШХАБ-д элсэж болохгүй. Яагаад гэвэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн өндөр алба хашиж байсан хүмүүс ярих нь буй. Харин ч асуудлыг ингэж тавьж болохгүй. Одоогоор элсэх тулгамдсан шаардлага байхгүй байна гэж асуудлыг хөндөх учиртай.
ШХАБ цэрэг-улс төрийн эвсэл болох магадал хэвээрээ байна. НАТО-гийн эсрэг байгууллага гэж үзэх нь буй. ШХАБ цэрэг-улс төрийн эвсэл байгаагүй, одоо ч биш, ирээдүйд ч цэрэг-улс төрийн эвсэл болохгүй гэдгээ 2015 онд Ташкентэд баталсан 2025 хүртэлх Стратегийн баримт бичигтээ тусгасан байна. Дурдсан байгууллагын ямар ч бичиг баримтад НАТО-гийн эсрэг үг үсэг байхгүй. Мөн баримт бичигт ШХАБ улс гүрний бүрэн эрхээс дээгүүр шийдвэр гаргадаг эдийн засгийн интеграцийн байгууллага болон хөгжихгүй гэж заажээ.
Монгол Улс өөрийн бүсчлэлд хамаарахгүй ЕАБХАБ-д 2012 оны намар 57 дахь гишүүнээр элссэн байдаг. Үүнийгээ үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангаж байна хэмээн хэлж ярих нь буй. Гэтэл Украины газар нутгийн салшгүй хэсэг Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэх буюу annexation-ийг хэрэгжүүлэхэд тус байгууллага юу ч хийж чадаагүй билээ.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдах магадлал өндөр байна хэмээн төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд онцлон тэмдэглэх нь буй. ШХАБ үйл ажиллагаандаа НҮБ-ын Дүрмийн заалтуудыг хүндэтгэх тухай заасан байдгийг сануулах юун. Өнөөдөр ШХАБ-ын гишүүн орнуудаас тусгаар тогтнолоо алдсан нэг ч улс орон байхгүй. Хоёр их хөрштэйгөө стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг баттай тавьсан атлаа ШХАБ-д элсэн орвол Хятадын бүрэлдэхүүнд орчих юм шигээр тайлбарлах нь бий. Жишээ нь, Хятад, Орос хоёр Монгол Улстай хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд нэг өөр дүрмээр, харин ШХАБ-д элссэн тохиолдолд энэ байгууллага дотор тоглоомын өөр дүрмээр харилцах юм шигээр яриад байгаа нь туйлын буруу гэж бодож байна. Бид элсвэл хэр хожоотой, элсэхгүй бол хэр алдагдалтай вэ гэдэгт төвлөрөхөөс бус энэ байгууллагыг элдвээр муучилж ярих нь ихэд учир дутагдалтай хэрэг мөн.
ШХАБ-ын өргөжилт, Энэтхэг, Пакистан хоёр яагаад ШХАБ-д гишүүнээр элсэх болов. Тэд юунд найдав, юуг олж харав гэдэг анхаарал татах асуудал мөн. Тиймээс бид сайн судлах, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай нь тодорхой. Үйл ажиллагааны албан ёсны хэл нь орос, хятад хэл байсан бол одоо англи хэл дээр цахим хуудас нь орж ирж байна.
ШХАБ хэрэгжүүлсэн хийгээд хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөр байхгүй байна. Тиймээс ШХАБ хэнд ч хэрэггүй байгууллага гэж хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн мэтгэлзэж байна. ШХАБ олон улсын банк санхүүгийн байгууллага биш, интеграцийн ч байгууллага биш. Тиймээс энэ байгууллагад гишүүнээр элссэнээр зээл, тусламж, хөрөнгө оруулалт цутган орж ирэхгүй. БНХАУ дүрмийн сангийн 30 хувийг дангаар эзэмшдэг, голлох үүрэгтэй, “Бүс ба зам” санаачилгыг гол санхүүжүүлэгч АДБХОБ-ийг анх үүсгэн байгуулагч 21 улсын нэг нь Монгол Улс. Гэтэл энэ тухай нэг их ярьдаггүй.
ШХАБ нь лалын ертөнцийн байгууллага, тиймээс ч терроризм, экстремизм, сепаратизмтэй тэмцэх асуудалд л ач холбогдол өгдөг гэж үзэх нь буй. ШХАБ дурдсан чиглэлд ач холбогдол өгч буй нь Монгол Улсын баруун хязгаарын аюулгүй байдал төдий хэмжээгээр баталгаажиж байгаа хэрэг. ШХАБ-ын хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлд үлэмж дэвшил гарсаар байна. Жилд 360 мянган хэргийг илрүүлж буй дүн мэдээ гарч иржээ.
ШХАБ-тай холбоотой асуудал хөндөгдөх тутамд хоёр хөршийгөө илэрхий муулж, хоёр хөрш нь ШХАБ-ын хүрээнд Монголыг өөрийн урхинд оруулах гол байгууллага гэж үздэг юм шигээр тайлбарлаж ярихаа болих цаг болсон.
Шаньхай гэсэн Хятад улсын хотын нэр орж байгаа нь ШХАБ нь Хятадын давамгайлалтай байгууллага гэж олон нийт үзэх нь буй. Ер нь олон нийтийн зүгээс ШХАБ-ын талаарх сөрөг мэдээлэл илүү давамгай байгаа нь ажиглагддаг. Мэдээж үүнийг бодолцох нь зүй.
ШХАБ-д элсвэл “гуравдагч хөрш”-ийн бодлогод томоохон эрсдэл учирна гэж үзэх нь буй. Монгол Улс нэгдүгээрт, нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлс ардчилал, сайн засаглал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооноосоо ухрах.Хоёрдугаарт, олон улсын терроризмыг ил далд өөгшүүлэн дэмжих. Гуравдугаарт, цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд л Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод ноцтой эрсдэл учирна. Мөн хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, хээл хахууль сайн нөлөө үзүүлэхгүй. АНУ Монгол Улсыг 2004 онд ШХАБ-д ажиглагч гишүүнээр элсэхэд ч онцгой ач холбогдол өгч байгаагүй юм. Харин Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элссэн тохиолдолд АНУ-ын сонирхол улам нэмэгдэх магадлалтай болов уу.
Монгол Улс ШХАБ-д идэвхтэй ажиглагч байх хэрэгтэй гэж үзэх нь буй. Гэхдээ ШХАБ-д идэвхтэй ажиглагч гэсэн статус байхгүй. Гишүүн орнууд, ажиглагч, яриа хэлэлцээний түнш, зочин оролцогч гэсэн л статустай.
ШХАБ-ын хүрээнд баталсан үндсэн баримт бичгүүдээс дурдвал 2001: “ШХАБ-ыг байгуулах тухай Тунхаглал”, “ШХАБ-ын Конвенц”, 2002: “ШХАБ-ын Харти”, “ШХАБ-аас бусад олон улсын байгууллага, улсуудтай харилцан ажиллах Түр схем”, “Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийг байгуулах тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2004: “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “ШХАБ-ын дархан эрх, ямбын асуудлаарх конвенц”, “ШХАБ-ын ажиглагчийн статусын тухай”, 2005: “Онцгой байдал, гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлэх, харилцан ажиллах тухай хэлэлцээр”, “ШХАБ, Исламын Бүгд Найрамдах Афганистантай холбоо барих групп байгуулах протокол”, 2006: “Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын талаарх ШХАБ-ын Төр, Засгийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл”, 2007: “Соёлын салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”, “2007-2018 онд Гишүүн орнуудын Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны Гэрээг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны Хөтөлбөр”, “Гаалийн салбарт харилцан туслалцах хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2008: “Зэвсгийн хууль бус наймаатай тэмцэх салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, “ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статусын тухай хэлэлцээр”, 2009: “Терроризмын эсрэг хамтран ажиллах конвенц”, “Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, “Дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давах талаарх олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хамтарсан санаачилга”, “ШХАБ-ын орон зайд амь насанд халтай өвчний цар тахалтай тэмцэх тухай хамтарсан мэдэгдэл”, “Сангийн сайд, Төвбанкны удирдагчдын хамтарсан мэдэгдэл”, “НҮБ, ШХАБ хоорондын хамтын ажиллагаа” НҮБ-ын тогтоол, 2010: “ХАА-н салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Гэмт хэрэгтэй тэмцэх салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, 2011: “Дэлхий дахины болон ШХАБ-ын орон зай дахь эдийн засгийн нөхцөл байдлын тухай Төр, засгийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэл”, 2012: “Бүс нутгийн урт хугацааны энхтайван, хамтарсан хөгжил цэцэглэлтийг цогцлоон байгуулах талаарх тунхаглал”, 2013: “Шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны талаарх хэлэлцээр”, Тээврийн салбарт цаашдын хөгжлийн хамтын ажиллагааны талаарх хамтарсан мэдэгдэл”, “ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт амь насанд аюултай өвчний цар тахалын тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийн хөтөлбөр”, 2014: “Олон улсын автомашины ачаа тээвэрлэлтэд таатай нөхцөл олгох талаарх хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2015: “Дэлхийн II дайнд фашизмыг ялсны 70 жилийн ойн талаарх хамтарсан мэдэгдэл”, “Хар тамхины аюул заналын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”, “Хилийн асуудлаарх харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр”, “ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн Стратеги”, “Бүс нутгийн эдийн засгийн харилцан ажиллагааны тухай хамтын ажиллагааны мэдэгдэл, 2016: “НҮБ-ын Ази-Номхон далайн Эдийн засаг-нийгмийн комиссын Нарийн бичгийн дарга нарын газартай харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Аялал жуулчлалын салбарт хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр”, 2017: “ Олон улсын терроризмын эсрэг хамтарсан харилцан ажиллагааны тухай мэдэгдэл”, 2018: “Залуучуудтай харьцах хамтарсан байр суурь”, “ШХАБ-ын орон зайд цар тахлын аюулын эсрэг хамтарсан харилцан ажиллагааны мэдэгдэл”, “Худалдааны процедурыг хөнгөвчлөх тухай хамтарсан мэдэгдэл”, “2018-2022 онд ЮНЕСКО-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг”, “2019-2020 онд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг”, “2018-2022 онд Гишүүн орнуудын Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны Гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “2019-2021 онд терроризм, сепаратизм, экстремизмийн эсрэг харилцан ажиллагаан дахь хамтын ажиллагааны хөтөлбөр”, “2018-2023 онд Хар тамхины эсрэг стратеги, үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр”, “Хар тамхи, мансууруулах бодисын зүй бус хэрэглээны эсрэг эмчилгээний үзэл баримтлал”, “Хүнсний аюулгүй байдлын хүрээнд хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулах тухай шийдвэр”, “Хүрээлэн буй орчныг салбарт хамтын ажиллагааны үзэл баримтлал”, “Бичил болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг тогтворжуулах, гадаад эдийн засаг, гадаад худалдааны үйл ажиллагаанд хариу барих тухай Санамж бичиг”, “Озоны давхаргад нөлөөлж буй бодисын хил дамнасан байршлын талаар мэдээлэл солилцох гаалийн байгууллагууд хоорондын Санамж бичиг”-ийг нэрлэж болох юм.
ШХАБ дахь Монгол Улсын статусыг ахиулах тухай асуудал нь өнөө маргаашгүй тус байгууллагад гүйгээд орчих тухай асуудал биш гэдэг нь нэн тодорхой билээ. ШХАБ-ын Ажиглагч гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хөтөлбөр, үзэл баримтлалыг хүлээзнэх асуудал дээрхэд ч хамаарна. Мөн олон улсын байгууллага, конвенцид тайлбартайгаар элсэх олон улсын эрхзүйн заншил гэж байдаг. Мэдээж долоо хэмжиж, нэг огтол гэсэн мэргэн үг буйг сануулах юун. Эдүгээ зөвхөн хэлэлцүүлэг өрнөж, судалгааны ажил хийж байна. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах нь тодорхой.
Др.проф. Д.Уламбаяр
ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин